Тархины баруун тал бөмбөлөг үү зүүн тал бөмбөлөг үү?




Тархины зүүн тал бөмбөлөгийн үйл ажиллагаа давамгайлдаг хүмүүс логик сэтгэлгээтэй, ухаалаг, бодлоготой, зохион байгуулалттай байдаг. Харин баруун тал бөмбөлөг давамгайлдаг хүмүүс бүтээлч, төсөөлөл, уран сэтгэмж сайн хөгжсөн, уран сайхны мэдрэмжтэй хүмүүс байдаг. 

Тархи бүхэлдээ хоёрхон хэсэгт (баруун, зүүн хэсэг) хуваагддаг гэсэн уламжлалт ойлголт буруу юм. Тархины гуравны хоёрыг эзлэдэг Их тархи нь баруун болон зүүн бөмбөлөгт хуваагддаг юм. Энэ хоёр бөмбөлөгийн аль нь давамгайлж байгаагаас хамааран хүмүүсийг хоёр бүлэг болгоод байгаа. 

Зүүн тал бөмбөлөгийн үйл ажиллагаа давамгайлсан хүмүүс бодит сэтгэлгээтэй, шүүмжлэх, асуудлыг шийдвэрлэхдээ сайн. Хэл яриаг таних, ойлгох чадварыг зүүн тал бөмбөлөг хариуцдаг. 

Логик сэтгэлгээ зүүн тал бөмбөлөг давамгайлж байгаагийн ганц илрэл биш юм. Өөр олон шинжүүд байдаг. Жишээлбэл, зүүн тал бөмбөлөг давамгайлсан хүмүүс нохойд хайртай, сонгодог хөгжмийг илүү их сонсдог. Тэднийг ховсдох хэцүү. Шүүгч, өмгөөлөгч, банкны ажилтанууд "зүүн тал бөмбөлөгтнүүд" байдаг. Их тархины зүүн тал бөмбөлөг биеийн баруун хэсгийг удирддаг.

Баруун тал бөмбөлөг танин мэдэх чадваруудтай /бүтээлч чадвар, сэтгэл хөдлөл, зөн совин, мэдрэмж г.м/ холбоотой байдаг. Баруун тал бөмбөлөг биеийн зүүн хэсгийг удирддаг учир энэ хүмүүс солгой байдаг. "Баруун бөмбөлөгтнүүд" урлагийн авьяастай, уран сэтгэмжтэй, шинийг санаачлагчид байдаг. Улс төрчид, жүжигчид, тамирчид "баруун тал бөмбөлөгтнүүд" байх магадлалтай. Тэд урлаг, спортын хичээлд сайн байдаг ба шүлэг, дууны үгийг амархан цээжилдэг. Мөн ховсонд орох нь амархан байдаг.   

Гэхдээ бидэнд зөвхөн аль нэг нь давамгайлдаг гэж үү? Мэдээж үгүй. Ихэнх хүмүүст хоёр бөмбөлөгийн үйл ажиллагаа тэнцүү байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс зөвхөн "баруун тал бөмблөгтөн" аль эсвэл "зүүн тал бөмблөгтөн" байдаггүй. Ихэнх тохиолдолд холимог шинжтэй байдаг. Аль нэг бөмбөлөгийн үйл ажиллагаа нөгөөдөхөө бодвол илүү л байдаг юм.   


Ашигласан материал: www.psychologytoday.com

Б.Тунгалаг