Сэтгэл хөдлөлийг хянаж сурах нь

Хүн гэдэг нэг талаар сэтгэл хөдлөлийн амьтан билээ. Учир юу вэ гэвэл сэтгэл хөдлөл бол хүний амьдралыг өнгөтэй болгодог тэр зүйл юм. Цайвар гэгээлэг өнгөнөөс гадна хар бараан өнгийг ч бас нэмж өгдөг нь өөр өөрийн онцлогийг агуулах сэтгэл хөдлөл билээ. Тэгвэл өөрийн ертөнцийг яаж хар бараан өнгөнөөс салгаж гэрэл гэгээтэй өнгөөр дүүргэх вэ? Үүний тулд сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулахад суралцсан байх хэрэгтэй. Хэдийгээр дотор давчдам уур бухимдал, гол харлам гуниг зовлон, барьж дийлэмгүй инээд хөөр, аз жаргал, хайраа нуух хэцүү боловч хичээж чадвал болохгүй зүйл биш юм. Хамгийн гол нь та сөрөг сэтгэл хөдлөлүүд таны биед ямар хор хөнөөлтэй гэдгийг мөн эерэг сэтгэл хөдлөл ямар үр нөлөөтэйг сайтар мэдэж байх ёстой. Үүнийг л танин мэдэхүйн сэтгэл засал гэдэг билээ.

Уур хилэн
Уурлаж буй хүнийг хөмсөг зангирсан, хөмхий зуулттай, нүүр улайсан, бие чангарсан байдлаар таньж болдог. Ингэж уурлаж бухимдсан хүн хэвийн байдалдаа ороход урт хугацаа зарцуулагдана. Уурлаж буй хүний зүрхний цохилт хурдсаж, стрессийн даавар нэмэгдэж, цусны даралт ихэсдэг. Байнгын хэрүүл, маргаантай тулгардаг  хүмүүсийн  хувьд эсийн нөхөн сэргэх чадамж ихээр удааширч, цаашлаад үрэвсэл, идээлэлтийн процесст оролцдог сytokines хэмээх молекулын хэмжээ байнга өндөрсдөг. Энэ нь артрит (үе мөчний үрэвсэл), чихрийн шижин, зүрхний эмгэг үүсгэх суурь болдог. Та иог, бясалгал хийх мөн эрүүл хоол хүнс хэрэглэсэнээр уур бухимдлаас урьдчилан сэргийлэх боломжтой. Харин гарцаагүй тохиолдолд сэтгэл хөдлөлөө барьж асуудлыг зөв аргаар шийдвэрлэж сурсанаар уураа богино хугацаанд арилгах болно.

Хайр
Хайр дурлал нь хүний бие организмд эерэгээр нөлөөлж тайвшруулж мэдрэлийн эсийг нөхөн төлжихөд тусалдаг. Хүн хайр халамж мэдэрсэнээр сөрөг сэтгэл хөдлөлөөс хормын төдийд салж чаддаг гэдгийг судлаачид баталжээ.
Хайрыг хэрхэн бий болгох вэ? Үүний тулд та бусдаас хайр хүлээхийн оронд өөрөө хайрлах хэрэгтэй, бусдыг чанга тэвэр сайхан үгс хэл ингэсэнээр цусны даралт буурч, эндорфин даавар ялгарч тархинд аз жаргалын мэдрэмж бий болдог.

Гуниг гутрал
Гутрал нь хүнийг, бачууруулж, хоол идэх дур хүслийг хүртэл бууруулан, сэтгэл санааны гүн хямруулж тайван бус болгох нөхцөл болдог. Иймээс та гуниг гутралыг сэтгэлээсээ үдэн хөөж, гадагшлуулж сурах хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ уйлах нь тайвшруулах бас нэгэн гайхалтай хэлбэр болж чаддаг. Учир нь нулимс стрессийн дааврыг гадагшлуулдаг байна. Харин удаан хугацаагаар далд шаналах нь олон сөрөг хүчин зүйлийг бий болгодог. Нойргүйдэл, нүдэнд хий юм үзэгдэх, биеийн булчингууд хатуурч өвдөх, гэдэс ходоодны хямрал үүсгэх зэрэг зовлон бий болж эхэлдэг. Мөн түүнчлэн биеийн эсэргүүцэл суларч, амархан ханиад томуу хүрнэ.

Стресс
Стресс нь аливаа өвчний эхлэл байдаг. Энэ нь зүгээр нэг сэтгэл хөдлөл бус харин таны биед хүчтэй нөлөө үзүүлдэг. Стресс нь цусны даралт ихэсгэх, зүрх болоод амьсгалын хэвийн байдлыг алдагдуулж дархлааг бууруулдаг. Түүнчлэн холестерины хэмжээг нэмэгдүүлэн, зүрх судасны эмгэг, хууч өвчнийг сэдрээх зэрэг олон сөрөг талтай.

Аз жаргал
Аз жаргалтай хүний зүрх дээд зэргийн үйл ажиллагаатай байдаг нь нэгэнт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хүний бие дэх эрхтэн бүрт биохимийн идэвхжил үүсгэх гайхалтай ач тустай. Эерэг сэтгэл хөдлөл нь хүний биеийн стрессийн дааврыг бууруулдаг. Аз жаргалтай байх нь эрүүл мэндийг удаан хугацаагаар тэнцвэржүүлэх хамгийн том хөшүүрэг болох бөгөөд хөгшрөлт, цусны эргэлт, хэт таргалалт, хорт хавдар зэрэг аймшигт өвчнүүдээс авардаг гэдгийг дэлхийн олон эрдэмтэд дахин дахин хэлсээр байгаа билээ.
Зан үйлийн онолоор сэтгэл хөдлөл хүний зан үйлийг бий болгодоггүй харин зан үйл нь сэтгэл хөдлөлийг үүсгэдэг гэжээ. Үнэхээр та яаж ч гуниж гутарч, уурлаж байсан ч толгойгоо өргөөд инээмсэглээд үзээрэй. Таны зовлон нимгэрэх мэт л болно. Энэ нь та тархиа хуурч байна гэсэн үг. Тиймээс үргэлж инээмсэглэж өөрийгөө сөрөг сэтгэл хөдлөлөөс чөлөөлж байгаарай. Инээмсэглэл бол ямар ч үнэгүй эм мөн юм.

Эх сурвалж: www.psychotherapy.com                                                     

     Б.Ганзул