Амьтны сэтгэл судлал (Behaviour)

Амьтны сэтгэл судлал нь харьцуулалтын сэтгэл судлал, туршилтын сэтгэл судлал, хувьслын сэтгэл судлал гэх зэрэг салбаруудтай судалгааны хувьд холбоотой. Үнэн хэрэгтээ амьтны сэтгэл судлал /animal psychology/ гэдэг нэршил байдаггүй бөгөөд зөвхөн амьтны сэтгэцийг судлахаар зорьсон бие даасан шинжлэх ухаан арай байдаггүй, харин амьтны зан үйлийг судалснаар хүнтэй адилтгах боломж гарч ирдэг нь энэ салбарын оршин тогтнох шалтгаан гэлтэй. Иймд бид амьтны сэтгэл судлал гэдэг ухагдахууныг мэдье гэвэл харьцуулалтын, туршилтын сэтгэл судлалын салбаруудыг судлах хэрэгтэй бөгөөд ялангуяа Ч. Дарвин ба түүнээс хойших этологич, биологич, амьтны антропологич эрдэмтдийн бүтээл, туршилтуудыг ойлгох хэрэгтэй юм.

Хэрэв сайн ажиглавал амьтад зүгээр нэг амьтны хүрээлэнд үзэгчдийг баясгаж суудаг амьд үзмэр биш юм. Амьтныг ерөнхийдөө дээд, доод хөгжилтэй гэж хоёр ангилдаг. Дээд хөгжилтэй амьтад нь нэг биш, олон эсээс бүрддэг сээр нуруутан амьтдыг хэлнэ. Харин түүнээс цөөн нэг эст буюу доод хөгжилтэй амьтад (ургамал, шавьж гэх мэт) юм. Дээд хөгжилтэй амьдтын давуу тал нь дасан зохицох чадвар сайтай. Тэд хоёр нутагтан ч байж болдог. Ихэвчлэн сүүгээр бойждог буюу хөхтөн амьтад байдаг. Тэдгээр өндөр хөгжилтэй амьтдад нийтлэг ганц зүйл ажиглагддагийг дор тайлбарлая:
  • Яаргай загас бол хаана ч, хэдийд ч явсан анх төрсөн газраа мэддэг бөгөөд тэндээ заавал буцаж ирдэг
  • Гриззли баавгайн бамбарууш анх төрсөн даруйдаа загас барих аргыг аль хэдийн сурсан мэт их чадварлагаар ан хийдэг
  • Зарим төрлийн шувууны дэгдээхийнүүд өндөгнөөс гарсан даруйдаа өндөр модны орой дээрээс газар унахаар хичээдэг. Тэдний дийлэнхи нь үхэж, цөөн хэдэн дэгдээхий бөөгнөрсөн навч, зүлгэн дээр унаж амь гардаг
  • Өндөр хөгжилтэй амьтдын бүх төрөл зүйлийн үр төл төрсөн даруйдаа эхийгээ дагадаг
  • Мидворк шувуу дайснуудаас үр төлөө хамгаалахын тулд далавчаа хугартал дэвдэг
  • Аалзны тор ямар ч уран хээнээс илүү төгс төгөлдөр харагддаг
  • Тогос өдөө гайхуулж хосоо сонгодог бол зарим шувууд хэн нь түрүүлж сайн үүр барьсаныг илүүд үздэг
  • Арслан газар нутгаа хиллэхийн тулд өөрийн шээсээр таних тэмдэг тавьдаг
  • Зарим амьтдын хувьд гомосекс чиг баримжаа үзэгддэг бөгөөд ялангуяа оцон шувууны сүрэгт их ажиглагддаг.
Мэдлэг ядуу миний санаж буй цөөн хэдэн жишээ нь энэ юм. Эдгээр ухаалаг ч юм шиг, зөн билэгтэй ч юм шиг, хэн нэгэн тэдний амьдралын зургийг бүтээсэн ч юм шиг тийм нэгэн төөрөгдөм асуулт хүмүүсийн өмнө тулгардаг. Хүний эрс ялгаатай амьдрал үүнийг ойлгохгүйд хүргэдэг. Хүний хүүхэд төрөөд живх зүүдэг, эм тан хэрэглэдэг, хөлд оруулагч, сүү орлуулагч гэх мэт янз бүрийн шаардлагатай зүйлс олон бөгөөд бүхэлдээ зөн билгийн бус жамаар өсдөг. Иймд хүмүүс амьтны зан үйлийг ойлгохгүй ч юм уу, мэддэггүй явдал нь тэдний хол хөгжилтэй холбоотой гэж боддог юм. Үнэндээ хүн сээр нуруутан амьтан шүү дээ. Амьтад үнэхээр ухаантай юм гэж үү ? Тийм бол бидний тархи илүү том гэдгийг баталсан биз дээ. Эсвэл тархи ухаалаг үйлдэл хүргэхэд тийм чухал зүйл биш юм уу ?

200 гаруй жилийн өмнө, 1831 оны 12-р сарын 27-нд эхэлсэн "Бигл" хөлгийн аялал тухайн үеийн залуу судлаач, ирээдүйн нэрт эрдэмтэн Чарльз Дарвины үзэл санааг бүхэлдээ өөрчилсөн юм. Бигл хөлгийн аялал Британаас Өмнөд Америк - Австрали - Африк тивүүдийг зорих явцад тэрээр асар олон  төрөл зүйлийн амьтдыг ажиглаж, тэднийг дүрсэлж, газар нутаг, цаг агаарын ялгаатайгаар амьтдын өөр хоорондоо ялгаатай байгааг олж мэдсэн байна. Мөн тэрээр зарим амьтад мөхөж, зарим нь шалгаран үлдэхдээ өөр өөрийн онцлогоо хадгалан авч үлдсэнийг олж нээсэн юм. Тэрээр аяллаасаа буцаж ирсэн даруйдаа судалгаагаа цааш үргэлжлүүлсээр өмнө нь бичиж байсан хувьслын онолуудаа нэгтгэж 1859 онд "Зүйлийн Үүсэл" номоо хэвлүүлж байв. Түүний энэ бүтээл амьтны зан үйл, сэтгэл судлал байтугай бүх шинжлэх ухаанд ихээхэн хувь нэмрийг оруулсан гэж эрдэмтэд үздэг.  Түүний бүтээлд ерөнхийдөө байгалийн шалгарлаар (natural selection) амьтад тэсэж үлдэхдээ аливаа зан үйлүүдийг хэвшил болгож, тэдгээр нь хэдэн мянган жилийн турш давтан үйлдэгдсээр амьтдын зөн билэг үүсдэг гэжээ. Жишээ нь, хэвийн агаарын солилцоонд амьдарч байгаад гэнэт байгалийн шалгарлаар (гамшиг, гадаад хүчин зүйл) олон мянган жилийн турш давчуу, бүгчим агаараар солигдсон бол тэдгээр амьтдад дасан зохицохоос өөр сонголт үгүй болно. Энд дасан зохицож чадаагүй нь мөхөж, чадсан нь хувьслын хувьцад бие физиологи нь бүгчим агаарт зохицон өөрчлөгдөж, мөн зөн билэгт зан үйл нь магадгүй бүгчим газар тохиромжгүй тул өөрчлөгдөж болох юм.

Бигл хөлгийн аялал
Ч. Дарвинаас хойш амьтдын зан үйлийг судлах судалгаа эрчимжиж өнөө үед этологийн салбарт чамгүй олон эрдэмтэд төржээ. Тэдний нэг бол Лоренц юм. Тэрээр анх галууны өндөгийг тусгай инкубаторт хийж дэгдээхийнүүд өндөгнөөсөө хэзээ гарах бол гэж хүлээж сууж байв. Нэгэн өдөр дэгдээхийнүүд гарч эргэн тойрноо хэсэг ажиглаж байснаа тэнд ганцаараа сууж байсан Лоренц эрдэмтнийг харж гэнэ. Үүнээс хойш Лоренцын хөдөлгөөн бүрийг өнөөх дэгдээхий дагаж байв. Учир нь дэгдээхийнүүд Лоренцийг эхээ гэж төсөөлсөн байв. Энэ нь төрөлх зөн билэг бөгөөд ихэнхи амьтан төрсөн даруйдаа эхээ таньдаг юм. Лоренцийн дүгнэснээр амьтан энэ хорвоод мэндлээд хамгийн түрүүнд үзэгдсэн "обьект"-ыг эхээ хэмээн төсөөлдөг гэжээ. 
 
Лоренц ба түүний галуунууд
Дээрх жишээтэй холбоотой Харри Харлов шимпанзе сармагчны үр төлд туршилт хийж байв. Түүнийг сүргээс нь тасдаж эх шимпанзетай төстэй торон загварыг бүтээж түүнтэй хамт үлдээжээ. Үнэхээр торон загварыг эхээ гэж бодож байсан ч тэрээр хожим нас биенд хүрээд сүргийнхэн дундаа дасан зохицож чадаагүйн улмаас алуулсан байдаг.

Харри Харловын туршилт
Харин Жеймс Гүүдолл хэмээх бүсгүй насаараа шимпанзе сармагчны дунд судалгаа хийсэн хүн. Тэрээр эхний хоёр жилдээ судалгаа хэзээ дуусах бол гэж хоног тоолон хүлээж суудаг байжээ. Гэвч удалгүй шимпанзе сармагчингуудтай хагацаж чадамгүй сайн найзууд болжээ. Гүүдоллийн нөхөр, хүүхдүүд бүгдээрээ түүнтэй хамт амьрахын сацуу хамтдаа шимпанзе судалдаг болсон байв. Тэрээр шимпанзе нарын сүргийн дунд янз бүрийн зан үйлүүдийг ажиглаж тэднийг 4-5 үе хүртэл нь судалсан байдаг. Харьцаа тааруу, ааш муутай шимпанзегийн үр түл мөн ялгаагүй тийм зан үйлүүдийг давтаж байсан бөгөөд үр төлөө алдсан шимпанзе хэрхэн шаналж, амиа егүүтгэж буй тухай түүний судалгаанд гардаг.

Судлаач Гүүдоллоос хойш шимпанзе, горилл зэрэг сармагчны төрлүүд дээр хийх судалгаа эрчимжиж хэл ярианы сэдвийг түлхүү анхаарах болсон юм. Өнөө үед сармагчинд хэл яриа, дохио зангааг сургах боломжгүй гэж үзээд байна. Учир нь сармагчинд хүнтэй адил ярих тархины төв, дуу хоолойны аппарат байхгүй бөгөөд зарим сармагчингуудын сурсан дохио зангааны учир нь ердөө нөхцөлт рефлекс төдий юм. Үнэн хэрэгтээ тэд "би даараад байна, цонхоо хаа" хэмээх утгыг дохио зангаагаар ойлгуулах боломжгүй бөгөөд түүнд хоол өгвөл "би даараад байна, цонхоо хаа" гэдэг утгыг сая нэг илэрхийлдэг байна. Иймд энэ нь ухамсарт үйлдэл огт биш юм гэж дүгнэдэг.
Жеймс Гүүдалл
Амьтны зан үйлийн шинжлэх ухаан та бидний төсөөлж байснаас ч өргөн хүрээний сэдэв юм. Хэдий тийм боловч та бидний тэжээж буй нохой, муур хүртэл тэдгээр гайхалтай амьтдын нэг бөгөөд хүн та ч гэсэн тэдний сонирхолтой зан үйлүүдийг ажиглах боломжтой юм. Миний бие цөөн хэдэн нотолгоо, туршилтуудыг уншигч та бүхний өмнө дэлгэхийг арай ядан хичээв. Энэ талаар гүнзгий ойлголтыг мэдье гэвэл амьтны сэтгэл судлал гэхээсээ илүү Ч. Дарвины бүтээлүүдийг уншихыг санал болгож байна.


Л. Энхтүшиг