Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал гэж юу вэ?


Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын салбар нь EDUCATIONAL PSYCHOLOGY  буюу боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэл судлал юм.
“Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь сурган хүмүүжүүлэх ухаан болон сэтгэл судлалын зааг дээр оршиж сургалт, хүмүүжил, хөгжлийн холбоо, хамаарлын хамтын судалгааг хийнэ”[1]. Өөрөөр хэлбэл, сурах, танин мэдэх, хөгжих, өөрчлөгдөх үйл ажиллагааг зохион байгуулж, түүнд идэвхтэй оролцогч хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг судална.
Цэцэрлэгийн хүүхэд, бага ангийн сурагчид, дунд ангийнхан, ахлах ангийн сурагчид, оюутан залуучууд, насанд хүрэгчид, тэдний суралцах, хөгжих үйл ажиллагааны сэтгэл зүйн онцлогийг сонирхон үзнэ. Мөн суралцагчдын анхаарлыг татах, тэднийг идэвхжүүлэх, сонирхлыг бий болгох багшийн үйл ажиллагаа, багшийн хэл ярианы онцлог зэрэг олон талыг багтаасан сэтгэл зүйн бүлэг асуудалд анхаарлаа хандуулна.  Мөн янз бүрийн нөхцөлд суралцаж буй хүмүүсийн сэтгэл зүйн онцлог, багш суралцагчийн харилцаа, үйл ажиллагааны нэгдэл зэргийг судалдаг.
Энэхүү салбар шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд өнөөдөр сурах үйл ажиллагаа хялбар болж, хүн хөгжих өөрчлөгдөх зүг чигээ амархан олох боломж бүрдэх юм.


[1] Дэлгэржав М. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал. УБ., 2012, 9х.

МУИС-НШУС-Сэтгэл Судлал СХУ-ны тэнхмийн багш, доктор М. Дэлгэржав