Темперамент гэж юу вэ?

Клавдий Гален
Темперамент гэдэг нэр томъёо нь заримдаа "хүч", "хурд" гэсэн утгыг илэрхийлдэг боловч сэтгэл судлалын шинжлэх ухаанд монгол хэлнээ буулгавал зан авир, авир араншин, зан араншин, зан ааш гэх мэт утгуудыг илэрхийлдэг. Миний хувьд зан араншин гэдэг нэр томъёог түлхүү хэрэглэдэг юм.
Ер нь хүн аль эрт үеэс өөрсдийгөө хэд хэдэн хэв шинж, төрөл, ангилалд багтаан тодорхойлох болсон юм. Тухайн үеийг сэтгэл судлалын шинжлэх ухааны түүхийн эхэн үетэй нь хамааруулж үзэж болно. Энэ нь мэдээж эртний Грек, Ромын сэтгэгчид байж таардаг билээ. Тэдний нэг Ромын философич, эмч Клавдий Гален хүний бие махбодын үйл ажиллагааг "галенизм" буюу хэд хэдэн шингэнээс бүрдсэн гэж үздэг онол дээрээ суурилан бие хүний хэв маяг, төрлүүдийн тухай ойлголтыг бий болгосон юм.
Гэхдээ Галенизмын сургаалиас өмнө (МЭӨ. 495-435 онд) эртний Грекийн философич Эмпедокл дөрвөн ялгаатай чанаруудын тухай тайлбарласан нь өрнө дахины сэтгэл судлалын хувьд анхдагч үйл явдал байв. Тэрээр дэлхий (хүйтэн ба хуурай), агаар (дулаан ба нойтон), ус (хүйтэн ба нойтон), гал (дулаан ба хуурай) хэмээн оршин байдаг шинж найрлагуудын тухай дурьдсан байдаг. Харин анагаах ухааны "эцэг" Гиппократ (МЭӨ. 460-370 онд) дээрх шинж найрлагуудыг хүний биед байдаг бөгөөд тэдгээр нь зан чанарыг илэрхийлдэг "шингэн"-ий онол болгон өөрчлөн хөгжүүлсэн юм. Энэхүү шингэний онолыг зарим талаараа "Галенизм" гэж нэрлэх явдал ч бий.
Эмпедокл
Энэ үеэс 200 жилийн дараа Гален шингэний онолыг бүр өргөжүүлж бие махбодь, сэтгэл хөдлөл, зан байдлын хооронд шууд холбоо байгааг ойлгож өнөөгийн "сангвиник, флегматик, холерик, меланхолик" гэж ангилдаг дөрвөн темпераментын тухай онолын суурийг тавьсан юм.
Хэрэв аль нэг хэв маяг нь бусдаасаа хэтэрч хөгжвөл энэ нь зан чанар болох эхлэлээ тавьж байна гэсэн үг. Сангвиник (Латинд хэлэнд Sanguis) хүн цөс ихтэй, зоригтой, өөдрөг, өөртөө итгэлтэй боловч амиа бодох шинжтэй байдаг. Флегматик (Латин хэлэнд Phlegmatikos) хүн дуу цөөтэй, өрөвч сэтгэлтэй, хөндий, ухаалаг. Холерик (Грек үгнээс гаралтай Khole) ууртай, хатуу, түргэн бодол санаатай хүмүүс байдаг бол яруу найрагч, ураан бүтээлчид гол төлөв меланхолик байдаг. Тэдний сэтгэл санаа нь айдас, уйтгар гунигаар дүүрсэн байдаг.
Галений үзсэнээр зарим хүмүүсийн темперамент төрөлхийн байдаг гэнэ. Гэсэн хэдий ч энэ асуудлыг эмчлэх боломжтой. Тухайн үед Гален хүний зан араншинг хэвийн биш, үүнийг асуудал гэж үздэг байсан бололтой. Хүний биед байх ямар нэгэн бодис, найрлагын тэнцвэр алдагсаны улмаас аль нэг темперамент давамгайлаад байна гэж ойлгосон учраас үүнийг дасгал хөдөлгөөн эсвэл хоолны дэглэмийн тусламжтайгаар зохицуулж болно гэж зааварчилгаа өгчээ. Гэхдээ ихэнхи тохиолдолд цус гаргах, зүсэх арга хэмжээ авдаг байсан. Тухайлбал, сангвиник темперамент нь ихэдсэн хүний амиа боддог зан араншинг нь дарахын тулд тэр хүний цусыг их гаргах эсвэл судсыг нь багахан хэмжээгээр ханадаг байв. Мэдээж хожим судалгааны ажил сайжрахын зэрэгцээ түүний эмчилгээний арга буруу гэдэг нь ойлгомжтой болсон. Мөн 1543 онд Андрейс Весалиус эмч Галений тодорхойлсон анатомын 200 гаруй тайлбарууд алдаатай байсныг нотолсон нь үнэн боловч түүний санаа 20-р зууны сэтгэл судлаачдад хүчтэй нөлөөлж чадсан юм. Харин сүүлд 1947 онд Ханс Айзенк темперамент бол төрөлхийн, биологийн шинжтэй байдаг гэдгийг нотлоод байна.

Темпераментийн зургийг эндээс үзнэ үү http://www.setgel.org/2010/09/temperament.html

Л.Энхтүшиг