Хүмүүнлэгийн онолууд

Хүмүүнлэгийн сэтгэл судлаачид бие хүний нууцлаг ер бусын хүч чадалд гол анхаарлаа хандуулдаг. Зарим тохиолд тэд өөрсдийгөө БИ-гийн онолчид гэж нэрлэдгийн учир нь БИ-г судалж БИ-гийн юу нь биш, юу нь мөн болохыг онцолдог юм. Хүний амьдралын нөөц чадамжийг илрүүлэх нь хүмүүнлэгийн онолчдын гол зорилго байдаг. Тэд илүү өөдрөг хандлагатай, хүний сул дорой байдлаас илүү хүч чадлыг нь үнэлдэг, бодгаль хүн бүрийн ер бусын хүч чадлыг онцолдог, хэсэгчилж биш бүхэлд нь хүнийг судлах нь тэдний хамгийн чухал, тохиромжтой арга байдаг билээ.
Рожерсийн БИ-гийн онол. Тэрээр сэтгэл засалчийн ажлаар карьераа эхлэхдээ хүн төрөлхтөн нь бүх амьтны суурь хэрэгцээнээс эсрэг байх чадамжтай гэдгийг онцолдог байв. Мөн эрх чөлөөтэй болох, хариуцлага, сонголт зэрэг сэдвүүд түүний сонирхлыг татдаг байлаа. Түүний үзсэнээр бидний суурь сэдэл нь сайн, эрүүл, эерэг байдаг гэдгээ 1980 онд бичсэн "Оршихуйн арга ухаан - A way of Being" номондоо тусгажээ.
Тэрээр үзэхдээ хүн бүрт төрөлхийн өөрийгөө идэвхжүүлэх авъяас бий гэдэг байв. Энэ нь хүний бүхий л чадамжуудыг хөгжүүлж өөрийг нь нээлттэй, боломжтой бие хүн болгодог. Энэхүү үзлийн дагуу бидний үйлдэл, мэдрэмж нь дотоод мэргэн ухаан, сайхан сэтгэлээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл саад бэрхшээл учраагүй бол хүний үйл ажиллагаа бүрэн гүйцэт байх юм. Энэхүү өөрийгөө идэвхжүүлэх авъяас нь дээд сэдэл болон амьдралын зорилго аж. Эрүүл сэтгэл зүйн орчин нь өөрийгөө идэвхжүүлэх үйл явцыг бий болгоход туйлаас чухал аж. Элгэмсэг дотно орчин, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх нь тухайн хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд дэм болдог.
Бодгалийн организм дэлхий ертөнцтэй харилцан үйлчлэхдээ ухамсартай болон ухамсаргүйн туршлагыг (ер бусын үйл ажиллагаа) хамтад нь хөгжүүлдэг гэдгийг Рожерс хатуу баримталдаг байв. Ер бусын үйл ажиллагаа гэдэг нь бүх зүйл байх бөгөөд үүнд хүний сэрлээс хүртэн авч буй хүртэхүй, жишээ нь, гэрэл, дуу чимээ, үнэр зэрэг ордог. Харин эдгээр нь хүний ой тогтоолтонд байршдаг. Ер бусын үйл ажиллагааны нэг хэсэг нь "өөрөөр" нь хөгждөг бол "БИ" эсвэл "НАМАЙГ"-ийн хүртэхүй нь бусадтай харилцан үйлчилцэж байж олж авдаг.
Рожерс (1971) бие хүнийг бодит би (би юутай адилхан бэ), хүртэхүйн би (өөртөө юуг хүртэн авсан бэ), идеаль би (юутай адилхан байх байсан бэ) гэсэн гурван талаас нь дүрслэн тайлбарласан юм. Рожерсийн хүн төвт сэтгэл заслын гол санаа нь хүн бүр өөрийгөө эерэгээр хүндэтгэх төрөлхийн хэрэгцээтэй бөгөөд бусдаас эерэг хүндэтгэлийг олж болдог. Хүн гажуудаж, туршлагаа үгүйсгэдгийн учир нь бусдаас эерэг хүндэтгэл авах хэрэгцээтэйгээ зөрчилдөж байгаа хэрэг. Би-гийн ойлголтууд хоорондоо зохицож байвал үр дүн нь таарамжтай болно. Улмаар энэхүү таарамж биднийг эрүүл сэтгэл зүйтэй болгоход, мөн өөрийгөө идэвхжүүлэхэд тус болдог. Харин гажуудал, туршлагаа үгүйсгэх нь Би-гийн дүр ба бодгалийн мөн чанарын хоорондын зөрчил, таарамжгүй байдлыг үүсгэж жинхэнэ өсөлт хөгжлөөс илүүтэйгүүр Би-гийн буруу дүрээ хичээнгүйлэн хамгаалж, түүндээ цаг зарцуулдаг гэсэн үг. Үр дүнд нь сэтгэл зүйн будлиан үүсдэг аж. Эрүүл сэтгэл зүйтэй хүн би-гийн дүрдээ шинэ туршлагыг нэмж чаддаг.
Рожерсийн (1961) үзсэнээр хүн сайхан амьдарснаар бүрэн гүйцэт үйл ажиллагаатай бие хүн болохыг хичээдэг гэжээ.
Маслоугийн өөрийгөө идэвхжүүлэх онол. Өөр нэгэн хүмүүнлэгийн сэтгэл судлаач Абрахам Маслоугийн бие хүний онол нь эрүүл сэтгэл зүйтэй хүний төлөө төвлөрдөг. Мөн тэрээр уламжлалт хүмүүнлэгийн сэтгэл судлалыг бий болгоход тэргүүлэх үүргийг гүйцэтгэсэн бөгөөд 1970 онд насан эцэслэхээсээ өмнө сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон шинэ нээлтүүдийг хийсэн билээ. Рожерсийн үзсэнээр хүний төрөлх чанар сайн бөгөөд бодгалийн төрөлхийн сэдэл нь ямагт өөрийгөө идэвхжүүлэх гэж хичээдэг гэж тайлбарласан. Харин Маслоу хүн төрөлхийн хэрэгцээний шатлалтай байдаг гэж үзсэн. Түүний тайлбарласан хэрэгцээний шатлалуудад физиологийн, аюулгүй байдлын, хайрлуулах, хүндлүүлэх, эцэст нь идэвхжүүлэх зэрэг хэрэгцээнүүд ордог бөгөөд эхний дөрвийг суурь хэрэгцээ гэнэ.
Өөрийгөө идэвхжүүлэх гэдэг нь дээд хязгаарын хэрэгцээг агуулдаг. Тухайлбал мэдлэг, шудрага, үнэн, гоо сайхны хэрэгцээ зэрэг нь дээд хэрэгцээнүүд байдаг. Маслоу (1968) хүний зан чанар хэрэгцээний биелэлт болон өөрийгөө идэвхжүүлэхээр тэмүүлэх явцад үүсдэг гэж танилцуулсан. Тэрээр Рожерсийн үзэж байсан шиг өөрийгөө идэвхжүүлэхэд халуун дулаан, эерэг орчин маш чухал гэж онцолдог байсан. Эсрэгээрээ бол бодгаль нь суурь хэрэгцээнүүдээ хангах боломжгүй, өөрийгөө идэвхжүүлэх бие хүн болтлоо хөгжиж чадахгүй юм.
Маслоу (1970, 1987) өөрийгөө идэвхжүүлсэн хүний сэтгэл зүйн онцлогийг тайлбарлажээ. Өөрийгөө идэвхжүүлсэн хүмүүс реалист, юу боломжтой байна вэ гэдгийг хамгийн түрүүнд ойлгох чадвартай байдаг. Тэд боломжгүй зорилго тавьж өөрсдөдөө төвөг уддаггүй, өөрсдийгөө хүлээн зөвшөөрсөн, бусад хүмүүс тэднийг хэн бэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн дотоод зөрчлөө шийдсэн, харин тэдний анхаарал өөрсдийнхөө гадаад асуудалдаа төвлөрсөн байдаг. Гэхдээ бусдаас ялгаатай өөрийн гэсэн хувийн нууцтай байх хэрэгцээтэй байдаг. Гол онцлог нь бие даасан, бусдаас хараат бус, хэн нэгний тушаалгүйгээр эсвэл бусдыг даган дууриалгүйгээр аливааг хийх боломжтой.
Өөрийгөө идэвхжүүлсэн хүмүүс тогтсон хандлагагүй, шинэлэгээр бусдыг үнэлэн дүгнэдэг. Тэд цөөн тооны утга учрыг эрхэмлэх бөгөөд дотно харилцаа нь бусад хүмүүсээс илүү байдаг аж. Өөрийгөө идэвхжүүлсэн хүмүүс бүтээлч, аливаад анхдагч, хошин шогийн мэдрэмж сайтай байдаг. Тэд бие биенийхээ нууцлаг хүч чадлаар нь харж, хүн гэдэг талаас нь адилтгаж, бусдыгаа хүн төрөлхтний туршлагын нэг хэсэг нь гэж үздэг.
Маслоугийн онол эмпирик судалгаан дээр үндэслээгүй бөгөөд сэтгэл судлаач нар Хүний Зан Чанарын Чиг Баримжааны Жагсаалт болгон тусгайлан авч үздэг юм (Shostrom, 1964). Ерөнхийдөө Маслоу өөрийгөө идэвхжүүлэх хэмээх ойлголтыг сэтгэцийн эрүүл мэнд болон эерэг зохицлын тестүүдтэй өндрөөр хамааруулан авч тодорхойлжээ. Түүний онолыг амьдрал дээр буулгасан нэгэн судалгааг (Miner, 1984) удирдан явуулж Маслоугийн онол ажлын нөхцөлд хэрэгжих боломжгүй хэмээн дүгнэсэн байна. Mittelman (1991) Маслоугийн судалгааны эх баримтуудыг дахин шалгахад төвөгтэй ч гэсэн түүний судалгаанд оролцсон хүмүүс өөрийгөө идэвхжүүлсэн гэхээсээ илүү бусдын саналыг сайн авдаг байсан. Бидний ихэнх нь өөрийгөө идэвхжүүлсэн түвшинд хүрч чадахгүй ч гэсэн Маслоугийн энэхүү онол нь бид хэн бэ гэдгийг ойлгуулсан чухал нээлт байв. Товчхондоо хүмүүнлэгийн хандлага бол эерэг, өөдрөг үзэлтэй ажээ.


Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг