Дэвид Колбийн суралцах хэв маягийн онол

Дэвид Колбийн суралцах хэв маягийн онол бол К. Юнгийн онолтой ижил хэмжээний нэр хүндтэй бөгөөд энэхүү онолыг хүлээн зөвшөөрдөг эрдэмтэд чамгүй олон юм. Сэтгэл судлаач Дэвид Колб анх 1984 онд суралцах хэв маягийн онолын эх загварыг гаргаж байв. Түүний үзсэнээр бидний хэрхэн суралцаж буй ялгаатай байдал нь генетик, амьдралын туршлага, өнөөгийн орчны шаардлага хэрэгцээгээр үүсдэг гэжээ. Тэрээр өөр хоорондоо ялгаатай дөрвөн суралцах хэв маягийг тодорхойлсноос гадна "туршилтаар танин мэдэх онол", "сургалтын хэв маягийн жагсаалт" зэрэг ойлголтыг гаргаж ирсэн юм.
Түүний "туршилтаар танин мэдэх" онолд сургалт нь дөрвөн үе шаттай циклээр явагддаг гэж бичсэн байдаг. Нэгдүгээрт, сургалтын явцад ажигласанаар шууд ба тодорхой туршлага бий болдог. Хоёрдугаарт, ажигласан зүйлсээ эргэцүүлж ямар мэдээллийг олж авсан түүнийгээ нэгтгэн ерөнхий онол болгон бүтээдэг. Гуравдугаарт, таамаглал дээрээ үндэслэн хийсвэр ойлголтоо бүрдүүлдэг. Дөрөвдүгээрт, олж авсан мэдлэг нь шинэ нөхцөл байдалд хэрхэн ашиглагдах бол гэж туршиж үздэг. Энэ үе шатын дараа сургалтын процесс эргээд эхний үе шатаасаа эхлэдэг.

Колбийн тодорхойлсон үндсэн хоёр хэв маяг: Идэвхтэй / Эргэцүүлэгч, Хийсвэр / Бодитой
  • Төвлөрөгч хэв маяг. Энэхүү хэв маягийн хүмүүс хийсвэр ойлголт сайтай ба идэвхтэй туршилт хийхдээ хамгийн чадварлаг нь байдаг. Практик хэрэгтэй санааг санаачлахдаа сайн учраас асуудлын шийдлийг олох нөхцөлд тун сайн тохирдог.
  • Зөрүүд хэв маяг: Тэд бол эргэцүүлэн ажиглах, тодорхой туршлага гэсэн хүрээний асуудлыг хөнгөхөн аргалж чаддаг.  Ерөнхийдөө төвлөрөгч хэв маягийн хүмүүсийн эсрэг нь гэсэн үг. Тэднийг харахад "мундаг" мэт санагддаг бөгөөд хэсэг мэдээллийг бүхэл рүү нэгтгэдэг онцлогтой. Зөрүүд хэв маягийн хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бүтээлч, бусдын жижиг санаануудыг нэгтгэж шинэ санаа сэдэх дуртай. Зураач, хөгжимчин, зөвлөгч гэх мэт хүмүүнлэгийн болон урлагийн салбарт ихээхэн сонирхолтой хүмүүс ийм хэв маягийн суралцагсад байх нь элбэг.
  • Харьцуулагч хэв маяг: Тэд эргэцүүлэн ажиглах, хийсвэр ойлголт гэсэн хүрээнд чадварлаг ажилладаг. Онолыг ойлгох ба түүнийгээ загварчлан бүтээх нь тэдний хамгийн сайн хийж чадах зүйл. Ердийн хүмүүсээс илүү хийсвэр сэтгэлгээтэй боловч онолын практик хэрэглээний тал дээрээ дутагдалтай.
  • Бүтээгч хэв маяг: Ийм хэв маягийн суралцагсад тодорхой туршлагыг бий болгох, идэвхтэй туршилт хийх хүрээнд сайн ажилладаг. Тэд харьцуулагч хэв маягийн хүмүүсийн эсрэг хүмүүс бөгөөд тэд ярьдаг биш, хийдэг хүмүүс, туршилтыг хийхийг илүүд үздэг, бодит амьдрал дээрээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг хүсдэг. Нийт дөрвөн хэв маягийн суралцагсдаас энэ хэв маяг нь өөрсдөдөө хамгийн их эрсдлийг үүсгэдэг. Тэдний хэв маяг бол үйлдэлд чиглэсэн учраас ихэнхи тохиолдолд худалдааны мэргэжилтэн байдаг билээ.
 Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг