Шашин ба Сэтгэл Судлал



Психосоматик буюу сэтгэлээс шалтгаалан бие өвчлөх ба эдгэх тухай  асуудал сэтгэл судлалын болон анагаахын шинжлэх ухааны дундын асуудал юм. Ер нь өвчин, зовлонгоос ангижрах тухайд, хүний  бие эрүүл, сэтгэл санаа амар амгалан амьдрах тухайд өнөөгийн /XXI зуун/ шинжлэх ухаан бүхэлдээ анхаарал хандуулж байна. Энэхүү бичвэрт сэтгэл судлалын шинжлэх ухаан ба бурхан багшийн сургааль буюу Буддын шашин дахь сэтгэл санааны асуудал, сэтгэлээс хамааралтай хүний энх амгалан амьдрах тухай асуудлыг авч үзлээ.

 Өвчин эс тусах, туссан хойноо түүнээс ангижрах хүч зөвхөн эм тарианд биш басхүү бидний зүрх сэтгэлд байх. Үүнийг өнөөгийн өндөр хөгжсөн шинжлэх ухаан гаргаад ирсэн зүйл бас  биш байна. Бурхан багшийн сургаальд аливаа зүйл бүгд хүний сэтгэлээс харгалздаг тухай сургадаг. XIV Далай лам Данзанжанцангийн сургаальд “Сэтгэл бодлын дотоод хүчин нь биеийн гаднах зовлонг гэтэлнэ. Үүний учир гэвэл бие сэтгэлийн хооронд нягт уялдаа бий. Өөрөөр хэлбэл сэтгэл нь биеийг анхлан захирагч билээ. Бие нь сэтгэлийн захиргаанд байгаа юм шиг байна” гэсэн байдаг. Тэгэхээр бидний биеийг удирдагч сэтгэл гэдэг аугаа юм. Бид өвчин зовлонд хир их нэрвэгдэн шанална, түүнээс хамаарч эдгэрэх үгүй асуудал хамаарах нь. Үүнийг бидний мэдэх нэгэн түүх батална. Ижилхэн шархтай 2 цэргийн цонхны хажууд хэвтэн гаднах ертөнцийг харж байсан нь түргэн эдгэрч, харин буланд хана ширтэн хэвтсэн нөгөөх цэрэг нас барсан тухай. Өвчин туссан хүний сэтгэл санаа өөдрөг гэгээлэг байна гэдэг хэцүү. Өөрийн өвчин туссанд үл итгэх, цаашдын ирээдүйдээ санаа зовох, айх, өнгөрснөө эргэцүүлэн бодох зэргээр “өвчтөн” хүн өвчнөө ялж гарах гэхээсээ илүү, ухаарсан, шаналсан байдалтай байдаг. Буддын шашин дахь “дотоод ертөнцийн ухаарал, хандлагын хөгжил, тэлэлт”-ийн тухай ойлголт нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд гэрэлт ирээдүйрүү өөрийгөө ялан тэмүүлэх хүчийг сэтгэлдээ тогтоон ухамсарлах тухай санааг агуулж байна.

“Шашин бүхэн сэтгэлийн цэнгэлд хүрэх арга замыг өөр өөрийнхөөрөө сургадаг” хэмээн Далай лам Данзанжанцан хэлсэн ажээ. Үүний адил хэт шинжлэх ухаанч байдлаар шашныг үл ойшоох нь учир дутагдалтай юм. Шинжлэх ухаан ч бай шашин ч бай нэг л зүйлийг өөр өөр ойлголт, ухагдахуунаар тайлбарлаад байгаа юм. Тухайлбал: “Ухаарал сэтгэлээс үүдсэн амгалантай дүйх цэнгэл гэж үгүй” гэсэн нь сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь өөрийгөө танин мэдэх, сэтгэлийн амар амгалан байдлыг эрхэмлэх, стресс бухимдалыг арилгаж байх санаатай утга нэг гэлтэй. “Бид жаргал үүсэх шалтгааныг ургуулж, зовлон үүсэх үндсийг таслах ёстой” хэмээсэн нь мөн л бидний аливаа атгаг муу бодлыг умартаж, сайн сайхныг сэтгэл бодолдоо итгүүлэн үнэмшүүлэх тухай асуудалтай холбогдож байна.

За тэгээд “сэтгэлд атгаг муу ул мөр үлдээсэн үйл гадаад орчинтой нөхцөлдөн эргээд зовлон амсах шалтгаан болдог” гэдэг нь Э.Эриксоны хүний хөгжлийн онол дахь хүний хөгжлийн явцад нэг шатанд алдаа гарвал дараа дараагийн шатанд хөгжих боломжгүй гэсэнтэй, З.Фрейдын Психоанализын онолын гол асуудалтай нэг утгатай мэт.

 “Хамаг шашны дотроос хамгийн шинжлэх ухааны үндэслэлтэй нь буддын шашин” хэмээн А.Эйнштэйн хэлсэн байдаг.  Буддын шашин өөрөө хүний сэтгэлийн ариун байдал, жаргал зовлонгийн асуудлыг сэтгэл судлалын шинжлэх ухаанаас ч эрт цагт сургачихсан, эдүгээ тэр нь нотдогдон, утга нийлж байгаагаараа энэхүү 2 салбар нэгэн үндэслэлд нийлж байгаа гэлтэй.

Энд аль нэг шашинг зөвтгөн, магтах гэсэнгүй. Гагцхүү мөн чанар гэдэг өөрчлөгдөхгүй, харин үзэмж, болоод түүнийг үнэлэх асуудал өөр өөр байдаг тухай хэлсэн болно. 

Ё. Шижиртуяа 
Эх сурвалж:
www.shijirhen.blogspot.com