Эриксоны бие хүний хөгжлийн онол

   Эрик Эриксон нь бие хүний хөгжилд Фрейдийн оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрдөг ч хүний хөгжлийн талаарх зарим чухал хэмжигдэхүүнийг буруугаар тайлбарласан гэж Эриксон үздэг юм. Эриксон (1950, 1968) Бид психосексуаль үе шатаас илүүтэй нийгэм-сэтгэцийн үе шатанд хөгждөг гэжээ. Фрейдийн хувьд хүний зан үйлийг хөдөлгөгч анхдагч сэдэл бол төрөлхийн бэлгийн амьдрал гэж үзсэн. Эриксоны хувьд энэ нь бусад хүмүүстэй хамтрах хүслийн тусгал ба нийгэм гэж тайлбарласан. Түүний үзсэнээр хүний хөгжил насан туршид өөрчлөгддөг гэдгийг онцолдог тул Фрейдийн үзсэнээр бие хүний төлөвшил 5 насанд хэлбэрээ олдог гэдэгтэй зөрчилдөнө. Эриксоны онолд хөгжил нь насан туршид 8 үе шатаар задарч дэлгэгдэнэ, хөгжлийн онцлог үе шат бүрт бие хүнд хямрал тулгарч, түүнийгээ зохицуулах ёстой болдог. Хямрал нь аюул, осол биш харин хэт эмзэг шийдвэрлэх үе болон нэмэгдсэн чадамж бүхий юм. Хямралыг бие хүн амжилттайгаар даван туулсан бол цаашид эрүүл хөгжилтэй болно.(Hopkins, 2000)

Нэг дүгээр үе шат: Итгэх-Үл итгэх. Энэ нь амьдралын эхний жилийн туршлагаас хамаарна. Итгэх мэдрэмж нь бие махбодын тав тухтай байдал, айдсыг туйлын бага зэргээр мэдрэх, ирээдүйн тухай ойлголтыг шаардана. Дэлхий ертөнц бол сайн сайхан зүйл, хүмүүс тэрхүү сайхан газар амьдардаг гэх хүсэл эрмэлзэлтэй болгохын тулд нялх хүүхдэд итгэх мэдрэмж төрүүлнэ.
Хоёр дугаар үе шат: Бие даасан байдал-Эргэлзээ. Энэ хөгжлийн процесс хожуу үеийн нялх хүүхдээс хөлд орж буй хүүхдийн үе хүртэл явагдана.(1-3 нас.) Асран хамгаалагчид нь итгэл төрүүлсний дараа нялх хүүхдүүд өөрсдийн зан үйлээ эзэмших нээлт хийнэ. Үүнийгээ баталж бие даасан мэдрэмж төрж эхэлнэ. Тэд тэгнэ ингэнэ гэдгээ ойлгодог болно. Нялх хүүхдүүд хэт хязгаарлагдсан эсвэл хэт хөндий байдлаар шийтгэгдэж байсан бол тэд ичих, эргэлзэх мэдрэмжээр цаашид хөгжих хандлагатай болж ирнэ.
Гурав дугаар үе шат: Санаачлага- Гэм буруутай. Хөгжлийн энэ үйл явц сургуулийн өмнөх насанд явагдана. Энэ насны хүүхдүүд өргөн хүрээтэй нийгэмтэй зөрчилдөнө, нялх байх үеэс илүү хүнд шалгууртай. Тэд өөрсдийнхөө бие махбодь, зан үйл, тоглоом, тэжээвэр амьтад өөрсдөд нь ямар хамааралтайг асууж шалгаана. Зан үйлийнх нь гол зорилго шалгуурыг даван гарах байдаг. Хариуцлагын мэдрэмж хөгжиж байвал санаачлагатай байдал ихсэнэ. Хэрэв хүүхэд хариуцлагагүй, хэт их түгшүүрийн мэдрэмжтэй бол тав тухгүй өөрийгөө гэм буруутай гэх мэдрэмжтэй тулгарна. Эриксон энэ үе шатыг харьцангуй эерэг гэж үздэг. Тэрээр амжилтанд хүрсэн мэдрэмжээр гэм буруутай гэх мэдрэмжийг түргэн хугацаанд залруулж болно гэдэгт итгэдэг байсан.
Дөрөв дүгээр үе шат: Бүтээлч-Үнэ цэнэ муутай. Энэ үе шат сургуулийн бага ангид явагддаг. Хүүхдүүд шинэ туршлагынхаа ачаар бусадтай харилцаж санаачлагыг бий болгодог. Тэд оюун ухааны чадвар, олж авсан мэдлэгээрээ цаашид яахыг шийдэж, улмаар өсвөр насруугаа чиглэдэг. Бага насны хурдан хөдөлгөөнөөс илүү сэтгэлийн тэмүүлэлтэй байх талаар суралцдаг. Сургуулийн насны үеийн хүүхдүүдийн аюул бол өөрсдийгөө чадваргүй, үр бүтээлч бус буюу үнэ цэнэгүй гэх мэдрэмж хөгжих явдал юм. Багш нар хүүхдүүдийн бүтээлч хөгжилд тусгай арга барилаар хандах хэрэгтэй гэж Эриксон үзсэн.
Тав дугаар үе шат: Адилтгал-Будлиан. Энэ үе шатанд өсвөр насны үеийн туршлага хамаатай. Тэд өөрсдийгөө амьдралын хэн болох, юу нь, хаана байдгийг мэдэх гэсэн эрмэлзэлтэй тулгарч байдаг. Өсвөр насныханд маш олон дүрүүд, томчуудын статус тохиолддог. Эцэг эхчүүд тэдний маш олон төрлийн дүрүүдийг судалж, өөр арга замыг хайх гэсэн эрмэлзлэлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өсвөр насныхан амьдралдаа дагаж мөрдөх эерэг эрүүл аргыг судалж байвал тэдгээр бие хүмүүс амжилтанд хүрнэ. Харин эцэг эх өсвөр насныхны бие хүн болоход дарамт учруулж, өсвөр насныхан дүрүүдээ сайтар судлаагүй бол, ирээдүйн зөв замаа тодорхойлоогүй бол бие хүн будлиантай болно.
Зургаа дугаар үе шат: Хайр халамж-Ганцаардал.  Энэ үе шат нь ид насны эхэн үед тохиолдоно. Бусадтай холбоо тогтоож халамжлах хэлбэр бий болох шалгуур үе тохиолддог. Хэн нэгэнтэй дотносож байхад өөр нэгийгээ алдаж байдаг хэмээн Эриксон дүрсэлсэн байдаг. Бусад бие хүмүүстэй халамжлах холбоо тогтоож, эрүүл нөхөрлөлийн хэлбэрийг олж авбал дотносол амжилтанд хүрнэ. Эсрэгээрээ бол үр дүн нь ганцаардал байх болно. 
Долоо дугаар үе шат: Бүтээлч-Зогсинго байдал. Энэ үе шат ид насанд явагдана. Амьдралдаа ашиг тустай давамгайлал бий болгох, хойч үеийнхээ хөгжилд анхаарна. Туслалцаагүй хоосон мэдрэмж зогсонги байдлыг бий болгоно.
Найм дугаар үе шат: Амжилтын тодрол-Цөхрөл. Энэ үе шат өтөл насанд явагдана. Хүн өнгөрсөн туршлагын эерэг эсвэл үр дүнгүй амьдарсан зэргийг эргэцүүлдэг. Ихэнх хөгшчүүдийн хувьд эерэгээр хөгждөг эсвэл өмнөх бүх шатанд хөгжиж чадсан бол цаашид сайнаар хөгжинө. Хэрэв ингэж чадсан бол амьдралдаа тохиолдож байсан сайхан мөчүүдийг эргэн санаж, сэтгэл ханамжийн мэдрэмж төрж амжилтын тодрол үүснэ. Өтөл насны хүмүүс өмнөх үеийн сөрөг мэдрэмжүүдийг шийдсэн ч эргэлзэх, гутрах мэдрэмж төрөх хандлагтай байдаг. Эриксон үүнийг цөхрөл гэдэг юм.

Ашигласан материал: Children, John W. Santrock, 2005

Орчуулсан Л. Энхтүшиг