А. Бандурагийн нийгэм танин мэдэхүйн онол

Б. Ф. Скиннерийн бие хүний хандлага (сэтгэл судлалын бүх цөм) нь зан үйлийн бэхжүүлэлт (шагнал, урамшуулал) дээр үндэслэсэн бол Алберт Бандурагийн (1977) нийгэм суралцахуйн онол нь загварчлал ба ажиглалтын дүрийг авч үздэг юм. Түүний онолын гол санаа нь хэн нэгнийг ажигласанаар зан үйлийг суралцаж, ямар нэг шийтгэл, урамшуулалгүйгээр үйлдлийг дууриах боломжтой гэж үзсэн. Бандура (1989) танин мэдэхүйн дүрийн ач холбогдлыг ихэд үнэлэх болсон бөгөөд тэрээр онолын хандлагаа нийгэм танин мэдэхүйн онол гэж нэрлэжээ.
Бандура (1978) би гэдгийг хүний сэтгэхүй, зан үйл, хүртэхүйг чиглүүлдэг танин мэдэхүйн бүтцүүд юм гэжээ. Жинхэнэ бэхжүүлэлт бол хүртэхүйн бэхжүүлэлтэнд ач холбогдолгүйгээр илэрнэ. Улмаар хүн аз жаргалтай байвал, өөрийнхөө үйлдэлд үр ашигтай байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа бол үйлдлээ үлгэр жишээч болгон үргэлжлүүлдэг аж.
Түүний тэгш детермининзмын зарчимд (1986) зан үйл, хүн, орчин гурав нь харилцан үйлчлэлтэй бөгөөд бие биендээ нөлөөлдөг гэж үзсэн юм. Хүмүүс орчны өдөөгчид хариу үйлдэл үзүүлдэггүй, харин өөрийнхөө бие хүний нөлөөлөлд татан оролцуулдаг. Жишээ нь, бэхжүүлэлт гаднаас бий болохгүй байгаа тохиолдолд хүн өөрийгөө бэхжүүлэлтэнд оруулж болдог. Бандура "өөрийн бэхжүүлэлт"-ийг гадаад бэхжүүлэлтдээ яг адилхан үүсч болно гэж үзсэн. Хүмүүс өөрсдөдөө зорилгоо тавьж, түүндээ хүрч зорилгоо биелүүлэхэд сэтгэл ханамж үүссэнээр зан үйлийн бэхжүүлэлт бий болж байна гэсэн үг. Эцэст нь зан чанар болж зан үйлийн хэв маяг бүрэлдэж байгаа юм.
Бандура (1982) хүрээлэн буй орчиндоо хүн дасан зохицохын тулд амжилтын болон өөрийн үнэлэмжийн мэдрэмж буюу би-гийн үр ашигийг хэрэгтэй гэж онцолдог байв. Түүний үзсэнээр хүмүүс өөрсдийнхөө би-гийн үр ашигийн түвшинг мэдээллийн хэд хэдэн эх сурвалжаар мэдэж болдог. Хамгийн чухал мэдээлэл бол гүйцэтгэлийн чанар бөгөөд үүнийг бодгалийн чадамжийн баримт нотолгоогоор тодорхойлдог. Хүмүүс бусдынхаа амжилтын гүйцэтгэлийг мэдэрсэнээр  дам байдлаар өөрсдөдөө бэхжүүлэлт үүсгэдэг. Тэд өөр нэгэн гүйцэтгэгчтэй адилхан болохын тулд өөрсдийгөө шүүмжилдэг. Гэвч загвар бие хүн хэт өндөр стандарт түвшинд байвал ихэнхи хүмүүс түүнд хүрэх чаддаггүй бөгөөд би-гийн мэдрэмж, үнэлэмж, үр ашиг зэрэг нь доогуур болж хувирна. 

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг