Скиннерийн оперант нөхцөлт үйлдэл

Сэтгэл судлаач Б.Ф. Скиннерийн оперант нөхцөлт үйлдлийн ойлголт, ухагдахуун бол түүний томоохон ажлуудын нэг юм. Түүний хувь нэмрээр бихевиоризмын онол, ухагдахуун сайжирч өдгөө (1990) онд Скиннерийг "Сэтгэл судлалд амьдралынхаа турш бүх хувь нэмрээ оруулсан" хэмээн өргөмжилж байв. 

Скиннер мөн тагтаанд туршилт хийж байв
Оперант (Operant) гэдэг үг нь монгол хэлнээ орчуулагдах төдийгүй англи хэлэнд ч маш олон салаа утгыг илэрхийлж төөрөгдөлд оруулдаг байна. Нийтлэг утгыг дурьдвал Скиннерийн онолтой холбоотой болж үүнийг "Өөрийнхөө туршлага дээр тулгуурлаж хориг тавих эсвэл урамшиж үүсэх зан үйлийн дасан зохицол" гэж сэтгэл судлалын үүднээс тайлбарладаг. Мэргэжлийн бус хүмүүст ойлгомжгүй санагдаж магадгүй учир дээрх тодорхойлолтыг задлан тайлбарлая: Зан үйл бол бидний бүх төрлийн үйлдэл хөдөлгөөнийг хэлнэ, дасан зохицсон үйл хөдөлгөөн бол өмнө нь давтагдаж байсан эсвэл шийтгүүлж байсан нөхцлөөс үүдэлтэй гэж ойлгож болно.

Үүнтэй холбоотой "Reinforcement" нэр томъёо их хэрэглэгддэг. Орчуулбал "Бэхжүүлэлт" гэдэг утга хамгийн оновчтой мэт санагддаг учир би өөрийнхөө бичлэгийн хэв маягт ийн хэрэглэдэг юм. Аливаа зан үйлийг давтан хийж түүний үр дүнд үүсэх зан үйлийг бэхжлүүлэлт гэдэг.

Оперант нөхцөлт үйлдлийн ойлголтыг зарим талаараа Скиннерийн "Хайрцаг" гэж нэрийдэх нь бий.

Ямартай ч хэн нэгэн (амьтан, хүн) урамшуулал ба шийтгэлийн нөлөөнөөс суралцах зан үйлийг оперант нөхцөлт үйлдэл гэнэ. Оперант нөхцөлт үйлдлийг дараах дөрвөн төрөлд хуваадаг:
  • Эерэг бэхжүүлэлт. Эерэг нөхцлөөр үүсэх зан үйлийн давтан үйлдэх магадлал өсөж, хэвшсэн буюу бэхжсэн зан үйлтэй болно.
  • Сөрөг Бэхжүүлэлт. Хүсээгүй буюу сөрөг нөхцлийг зогсоох эсвэл түүнээс зугтаах байдлаар бэхжих зан үйл.
  • Шийтгэл. Хүсээгүй буюу сөрөг нөхцлөөс зан үйлийн давталт багасгах, зан үйлийг сулруулах боломжтой.
  • Арилгах. Эерэг болон сөрөг нөхцөл байдлын аль нь ч хэрэгжихгүй байгаа тохиолдолд зан үйл суларна. 
Тэрээр охин дээрээ туршилт хийж ёс зүйгээ зөрчиж байв
Туршилт: 
  1. Туршилтанд нэгэн өлсгөлөн хархыг хайрцаганд хийв. Харх хөшүүргийг дарах эсвэл дээр нь гарах болгонд хайрцагны гадна талаас хоол орж ирдэг байж. Харх төд удалгүй хөшүүргийг дарж хоол олж болохыг сурчээ. Энэ тохиолдол нь эерэг бэхжүүлэлтээс суралцсан зан үйл юм.
  2. Дараагийн удаа харханы хөл дор бага зэргийн цахилгаан гүйдэл байрлуулав. Улмаар хархыг хөдлөх болгонд цахилаан гүйдэл өвтгөх болно. Гэвч харх хөшүүргийг дарах эсвэл түүн дээр гарвал цахилгаан гүйдэл ажиллахгүй. Эл үйл явц дахин давтагдвал харх цахилгаан гүйдэлд цохиулахгүйн тулд хөшүүргийг дарах ёстой гэдгийг сурна. Энэ бол хүсээгүй эсвэл түүнээс зугтаах байдлаар суралцсан зан үйл учир үүнийг сөрөг бэхжүүлэлт гэж үзнэ.
  3. Дараагийн удаа харх хөшүүргэн дээр гарч ирэх болгонд түүнд цахилгаан гүйдэл цохиулна. Эл үйл явц давтагдвал хөшүүргийг хөдөлгөж хоол олж суралцсан зан үйл нь аажим аажимаар суларна. Энэ бол шийтгэлийн жишээ юм.
  4. Харин харханд хоол эсвэл цахилгаан гүйдэл зэрэг ямар ч өдөөгч өгөхгүй тохиолдолд харх эерэг болон сөрөг нөхцөлтэй холбоотой үйлдлийг сурахгүй. Иймд хэвшсэн зан үйл нь бага багаар суларна. 
 Л. Энтүшиг