Сэтгэл Судлалын түүхэн дэх хамгийн алдартай 5 туршилт


№1. Германы сэтгэл судлаач Херман Эббингауз анх удаагаа ой тогтоолтын тухай судалгааг туршилтын аргаар явуулсан юм. Тэрбээр хүний ой тогтоолтын процесс, ой тогтоолтыг оношлох үйл ажиллагааг хөгжүүлэх, мөн хүний ой тогтоолтын судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байдаг. Тэрээр өөрийгөө туршиж, холбоо хамааралгүй үгсийг цээжилснээр дараа нь хэр их үгсийг цээжил чадахаа шалгаж үзсэн байна. Эббингауз эхлээд герман үгсээр өөрийгөө туршиж байсан ч зарим үгс нь түүнд танил санагдсан бөгөөд илүү их холбоос хэрэглэж, эргэн санахад амархан байгааг анзаарч холбоос хэрэглэх боломжгүй, өөрт нь танил бус шинэ үгсийг өөртөө туршиж үзэхээр шийджээ. Улмаар утга хамааралгүй үгийн үе (гурван үсэгнээс бүтсэн) буюу жишээ нь, ДАП, ГИН, ЖИЗ гэх мэт үгсийг зохиожээ. 

Ингээд Эббингауз өөрийнхөө ой тогтоолтын тестэнд иймэрхүү 2000 гаруй үгсийг зохиож түүний судалгааны үндсэн арга зүй нь туршигдагч өөрөө цээжилсэн жагсаалт үгсээ ямар ч алдаагүйгээр давтан хэлэх хүртлээ 15 үгтэй жагсаалтыг өөрөө цээжилсэн байх ёстой аж. Жагсаалтыг дуустал метрономи багажийн заалтаар үг бүрийг уншина. Дараа нь туршигдагч жагсаалтаа бүгдийг нь яг таг эргэн санахыг хичээнэ. Хэрэв туршигдагч ямар нэг алдаа гаргалгүй цээжээр хэлж чадахгүй бол жагсаалтаа дахин уншиж, дахиад тест өгнө.

Өгсөн хугацаанд туршигдагч хэр их мартсаныг тогтоохын тулд, туршигдагч түр хүлээгээд, дараа нь өөрийгөө дахиж шалгах юм. Жагсаалтын зарим үгсийг мартах нь гарцаагүй. Тийм болохоор бүрэн дүүрэн эргэн санаж чадах хүртлээ дахин дахин цээжилнэ гэсэн үг. Марталтын үйл ажиллагааг тоон дүнгээр тогтоохын тулд Эббингауз "тусгай арга" оношилгооны аргыг бодож олжээ. Эхний удаа мэдээллийг цээжлээд, эргэн санахад төвөгтэй ч дараа дараагийн удаа улам бэхжиж хадгалах энгийн зарим дээр нэгэн аргыг сэдэж олсон нь эдүгээ та бидний сургалтын аргад хэрэглэгдсээр байгаа юм. Хэрэв эхний ба хоёр дахь удаагаа цээжилсэн мэдээллийн хоорондын зөрүүг "хувь"-руу шилжүүлбэл бүх зүйл тодорхой болно. 

Түүний сонгодог судалгаанд, Эббингауз жагсаалтаа бүрэн гүйцэт цээжлээд, дараа нь 20 минутаас 31 өдөр хүртэл дахин цээжилжээ. Ингээд марталтын муруй огцом доошилж мөн удаанаар доошилж байгааг олж тогтоосон байна. Нэг цагийн дараа мэдээллийн 50%-ийг мартсан боловч зургаан өдрийн дараа марталт жигд болсон байна. Тэрбээр ой тогтоолт тогтонги шинжтэй болж, тодорхой хугацааны дараа ор тас мартагдагдаггүй гэж үзсэн. Бүр энгийнээр хэлбэл шалгалтандаа бэлдэж буй оюутан богино хугацаанд асар их мэдээллийг олон давтаймжтайгаар цээжилсэн учраас хэсэгхэн хугацааны дараа мэдээллийг эргэн санах бүрэн боломжтой хэдий ч хэрэв оюутан шалгалтын дараагаас цээжилсэн зүйлсээ давтахгүй бол хэдхэн цагийн дотор 60-90% мэдээллийг мартдаг болохыг Эббингауз дээрх туршилтаараа нотолсон юм. Мөн түүний судалгаагаар хүн холбоо хамааралгүй үгсийг цээжлээд, дараа нь эргэн санахдаа жагсаалтын эхний болон сүүлчийн үгсийг санах магадлал өндөр бөгөөд дунд хэсгийг үгс хурдан мартагдаж байгааг олж тогтоосон. Эббингаузийн ололт ой тогтоолтын сэдвийн хүрээнд хамгийн өргөн хэмжээний судалгаа болж чадсан гэж эрдэмтэд үздэг юм.

№2. Скиннерийн хархны туршилт. Оперант үйлдлийн туршилт, Скиннерийн хайрцаг, Хархны туршилт гэдгээрээ хүмүүст нэлээд танигдсан:

  1. Туршилтанд нэгэн өлсгөлөн хархыг хайрцаганд хийв. Харх хөшүүргийг дарах эсвэл дээр нь гарах болгонд хайрцагны гадна талаас хоол орж ирдэг байж. Харх төд удалгүй хөшүүргийг дарж хоол олж болохыг сурчээ. Үүнийг эерэг бэхжүүлэлтээс (Олон дахин урамшуулал, шийтгэлээс үүсэх дадал, зуршил, үйлдэл гэх мэт) суралцсан зан үйл юм.
  2. Дараагийн удаа харханы хөл дор бага зэргийн цахилгаан гүйдэл байрлуулав. Улмаар хархыг хөдлөх болгонд цахилаан гүйдэл өвтгөх болно. Гэвч харх хөшүүргийг дарах эсвэл түүн дээр гарвал цахилгаан гүйдэл ажиллахгүй. Эл үйл явц дахин давтагдвал харх цахилгаан гүйдэлд цохиулахгүйн тулд хөшүүргийг дарах ёстой гэдгийг сурна. Энэ бол хүсээгүй эсвэл түүнээс зугтаах байдлаар суралцсан зан үйл учир үүнийг сөрөг бэхжүүлэлт гэж үзнэ.
  3. Дараагийн удаа харх хөшүүргэн дээр гарч ирэх болгонд түүнд цахилгаан гүйдэл цохиулна. Эл үйл явц давтагдвал хөшүүргийг хөдөлгөж хоол олж суралцсан зан үйл нь аажим аажимаар суларна. Энэ бол шийтгэлийн жишээ юм.
  4. Харин харханд хоол эсвэл цахилгаан гүйдэл зэрэг ямар ч өдөөгч өгөхгүй тохиолдолд харх эерэг болон сөрөг нөхцөлтэй холбоотой үйлдлийг сурахгүй. Иймд хэвшсэн зан үйл нь бага багаар суларна. 

№3. Павловын нөхцөлт ба нөхцөлт бус рефлексийн туршилт (Б.Бор багшийн номоос бэлдсэн слайд)

№4. Стэнфордын зөөлөн чихрийн туршилт. 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үеэр Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач Волтер Мисчелийн удирдлага доор нэгэн сэтгэл зүйн туршилт хийгджээ. Энэ нь хожим “Стэнфордын Зөөлөн чихрийн туршилт” гэдгээрээ алдаршсан хүүхдийн биеэ барих чадвар, өөрийгөө удирдах, хянах чадварыг судлах оновчтой нэгэн арга байв. Туршилтанд оролцогсод нь 4-6 насны бяцхан хүүхдүүд байсан бөгөөд тэднийг ширээ сандлаас өөр сатаарах зүйлгүй өрөөнд оруулаад урд нь нэг зөөлөн чихэр тавиад /15 минут/ идэлгүй хүлээвэл дахин нэг чихрээр шагнана гэж хэлээд хаалгыг хаагаад гарах энгийн зарчимтай юм.


Уг туршилтанд нийт 16 эрэгтэй, 16 эмэгтэй хүүхэд буюу нийт 4-6 насны 32 хүүхэд оролцсоноос үр дүнд нь бүх хүүхдүүдийн гуравны нэг хувь нь л 15 минут идэлгүй тэсч, хүлээж чадсан бөгөөд шагналд нь хоёр чихэр идсэн байна. Харин гуравны хоёр хувь нь чихрийг өгсөн даруйд нь юм уу эсвэл бага зэрэг хүлээгээд л тэсэлгүй идэж орхижээ.

Судлаач маань анх туршилтанд орсон хүүхдүүдээ 14 жилийн дараа насанд хүрсэн хойно нь  дахин судлаад маш тодорхой хэрнээ гайхалтай үр дүнг олж харсан байна. Энэ юу вэ? гэхээр идэлгүй хүлээсэн хүүхдүүд 100% их дээд сургуулийн шалгалтыг амжилттай өгч, зорьсон мэргэжлээрээ сурч байгаа бөгөөд өөртөө итгэлтэй, анхаарал сайтай, илүү найдвэртай болох нь  ажиглагджээ. Түүнчлэн сүүлд хийсэн судалгаагаар хүслээ тэвчиж чадсан хүүхдүүдийн IQ нь хүслээ тэвчиж чадаагүй хүүхдүүдийнхтэй харьцуулбал харьцангуй өндөр байгаа нь харагдсан байна. Биеэ барих энэхүү чадварын ялгаа нь зөвхөн их дээд сургуульд орох шалгалтаар зогсохгүй нийгэмтэйгээ харьцах ур дүй, танин мэдэх чадвар, шийдвэр гаргалт зэрэгтэй шууд холбогдож байсан төдийгүй эм бэлдмэл, хорт бодисийн хэрэглээтэй хүртэл холбоо уялдаатай нь ажиглагддаг байна. 


№5Та өөрийгөө аялдан дагагч гэж боддог уу? Би энгийн л хүн, бусадтай л адил гэж бодож байвал та үнэхээр аялдан дагагч хүн гэсэн үг. Та өөрийнхөө зөв гэдгийг мэдэж байсан ч бүлгийн бусад гишүүдийн нөлөөнд амархан автдаг. Хэрэв та доорх нөхцөл байдалд байсан бол яах байсан бэ ? Та тест бүхий даалгавар биелүүлэх сэтгэл зүйн туршилтанд орж байна гээд төсөөлөөд үзээрэй. Таныг бусад оролцогчидтой хамт нэг өрөөнд оруулах бөгөөд таны үүрэг бол зөв хариултыг сонгох маш энгийн даалгавартай. Туршигч оролцогч бүрээс хариултыг асуух болно. Гэвч тэд таны зөв гэж бодож байгаа хариултыг биш өөр хувилбарыг бүгд санал нэгтэйгээр дэмжиж байвал та өөрийн бодолд үнэнч үлдэх үү эсвэл тэдний хариултыг сонгох уу ?


1950 онд Соломон Аш өөрийн “тохирооны туршилт”-аараа хүн шийдвэрээ ухаалаг гаргадаггүй, ердөө л бусдын нөлөөнд автсан байдагийг ойлгуулсан юм. Туршилт нь стандарт ба тестийн зургаас бүрдэх бөгөөд оролцогчид стандарт зурганд дүрслэгдсэн хэрчимтэй хослох хэрчмийг сонгох даалгавартай юм. Туршилтын үеэр оролцогчид эхэндээ зөв хариултыг сонгож байсан ч бусад оролцогчдын нөлөөнд автан эцэстээ буруу хариултыг сонгож байжээ. Туршилтанд оролцогсдын бараг 75% сүүлийн мөчид өөрийн бодлоос татгалзсан байна. Эдгээр буруу хариулсан хүмүүс ойролцоогоор туршилтын хугацааны 1/3 хариултыг гаргасан бол зөв хариулсан оролцогчид нь хугацааны 98% нь өнгөрөхөд хариултаа хэлсэн бөгөөд өөрийн бодолдоо бат итгэлтэй байсан байна.

Энэ туршилт мөн тохирооны онолд бүлгийн гишүүдийн тоо нөлөөлдөг болохыг харуулдаг. Хэрэв ганц оролцогч байвал хүнд нөлөө үзүүлдэггүй, хоёр оролцогч байвал маш өчүүхэн нөлөө үзүүлнэ гэх мэт. Туршилтын дүгнэлтэнд оролцогчдоос яагаад өөрийн бодлоос татгалзсаныг нь асуухад ихэнх нь бусдын хариулт буруу гэдгийг мэдэж байсан ч тохуурхал бий болгохыг хүсээгүй гэсэн бол цөөн хэд нь бусдын хариулт зөв гэж бодсон гэжээ. Тохирооны туршилт нь сэтгэл судлалын түүхэнд хийгдсэн алдартай туршилтуудын нэг бөгөөд нийгмийн сэтгэлзүйг тайлбарлахад түүний туршилт цөөнгүй удаа дурьдагддаг.
Л. Энхтүшиг