7 цаг унтах уу? 8 цаг унтах уу?


8 цаг унтах нь хамгийн тохиромжтой гэж та маш олон удаа уншиж, сонссон байх. Эрүүл нойрны хэмнэлийн алтан дүрэм – 8 цаг унтах гэж ч хүмүүс ярьдаг. Гэхдээ энэ үнэн болов уу ? Сүүлийн үеийн судалгаагаар насанд хүрэгчдийн хувьд 8 цагийн загвар хамгийн тохиромжтой хэлбэр биш гэдгийг тогтоогоод байна.

Нойрны мэргэжилтнүүд хүн бүрийн нойрны хэрэгцээ ялгаатай байдгийг сануулдаг. Ихэвчлэн нойрны үргэлжлэх хугацаа хувь хүнээсээ хамаараад 7-9 цагийн хооронд байдаг гэж үздэг. АНУ-ын National Sleep Foundation - с эмхлэн гаргасан зөвлөмжид 7-9 цаг унтах нь “эрүүл” насанд хүрэгчдийн тохиромжтой цаг хэмээжээ.

Гэхдээ сүүлийн үед хийгдэж буй нойрны талаарх судалгаагаар 7 цаг унтах нь тохиромжтой гэж тогтоогдсон. Хэд хэдэн судалгаа шөнийн нойрны хамгийн эрүүл хэмжээ 7 цаг гэдгийг батлаад байна. Нойрны судлаачдын дунд энэ талаар томоохон зөвшилцөл байхгүй ч үүнийг батлах баримтууд нэмэгдсээр байгаа юм. Судалгаагаар ихэнхи хүмүүс 8 цаг унтах нь хэрэгцээт хэмжээнээс их байна гэж хариулжээ.

Хэт бага унтах нь маш аюултай гэдгийг бид маш их сонсож байгаа ч хэт их унтах нь мөн адил таны эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэдгийг хүмүүс анзаарахгүй байна. Хэт их унтах, хэт бага унтах хоёул нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс “хамгийн тохиромжтой” нойрны хугацааг ойлгож, мэдэж авах нь маш чухал юм.

АНУ-ын National Sleep Foundation одоогоор нойрны тоо баримтыг цуглуулан, анализ хийж байгаа ба нойрны тухай шинэ зөвлөмжийг эмхлэн гаргахаар ажиллаж байгаа. АНУ-ын Centres for Disease Control – с нойртой холбоотой бүх асуудлыг судлах мэргэжилтнүүдийн багийг санхүүжүүлэхээр болсон. Тус төвөөс мөн адил нойрны эрүүл хэмжээний талаарх зөвлөмжийг хэвлэн гаргана. Уг хоёр зөвлөмжийг 2015 онд хэвлэн гаргана гэж тооцоолж байгаа.

Энэ хоёр гарын авлага анагаахын салбарын мэрэгжилтнүүд болон олон нийтэд аль алинд нь маш хэрэгтэй юм. Гэхдээ нойрны зөв, зохистой хэмжээ гэдэг үргэлж хувь хүний өөрийнх нь шийдвэрлэх асуудал юм. Та өөрийнхөө нойрны хэрэгцээг тодорхойлохдоо харгалзаж үзэх хамгийн чухал мэдээлэл бол - таны бие махбодь, оюун ухаанаас өгч буй дохио юм. Та шөнө хэр сайн, хэр хэмжээтэй унтаж байна вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Өдрийн турш бие, сэтгэл тань ямар байгааг ажигла. Шөнө хангалттай унтаж амарсан бол маргааш өдрийн турш та соргог, эрч хүчтэй байх ёстой. Шөнө бүр нэг цагтаа унтаж чаддаг байх нь эрүүл нойрны хэмнэлийг тодорхойлогч нэг хүчин зүйл билээ.

Нойрны хэрэгцээгээ уншиж сурахын тулд нойрны эрүүл ахуйг хэвшүүлэх нь чухал. Үүнд дараах зүйлс багтана: орондоо орох болон босох цагийн харьцаа; нойрсох үеийн өрөөний гэрэлтүүлэг, температур; орны тав тухтай байдал; унтахын өмнөх электрон техник технологийн хэрэглээ зэрэг орно.  Унтах цагийг өөртөө өгч, унтахад таатай орчин, хэвшлүүдийг бүрдүүлвэл таны бие танд хэрэгтэй нойрны хэмжээг хэлээд өгнө.


Б. Тунгалаг