Сэтгэл судлалын номуудын танилцуулгууд
Надаас байнга ном асуудаг мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүст монгол хэл дээрх сэтгэл судлалын номнуудын танилцуулгыг хүргэхээр шийдлээ. Энэ мэдээллийг байнга шинэчилж байх болно. Би өөрөө номнуудаа уншиж байж танилцуулгаа бичих юм.
Номны нэр: Сонирхолтой Сэтгэл СудлалЗохиогч: Л. Энхтүшиг
Огноо: 2012, 2013
Хуудасны тоо: 196
Тайлбар: Зохиолч барууны эрдэмтдийн судалгааны үр дүн, эх зохиол, бүтээсэн зүйлсээс түүвэрлэн авч эвлүүлж, мөн орчуулан бичсэн энэхүү номондоо сэтгэл судлалын шинжлэх ухааны практикт тулгамдаж буй асуудлуудыг соргогоор олж харж тусгасан төдийгүй зохиолчийн судалгаа шинжилгээний ажлын туршлагатай нь харьцуулбал бага биш зүйлийг хийсэн байгаа нь эл номноос харагдах биз ээ. Энэхүү ном нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хэрэглээгээр хязгаарлагдаагүй, олон нийтэд зориулагдсан, хялбаршуулсан үг хэллэгтэй юм. Хэл найруулгын хувьд ч сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй мэргэжлийн оюутан, мастер, докторантуудад төдийгүй эгэл жирийн уншигчдад зориулагдсан, энгийн ойлгомжтой ном юм. Иймд уншигч та сэтгэл судлалын шинжлэх ухааны төвөгтэй ойлголтууд, онолууд, үзэл баримтлалуудын талаар төвөггүй уншиж танилцахын зэрэгцээ өөрт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой. Зохиолчийн тухайд хэдий сэтгэл судлалын шинжлэх ухааны захаас дөнгөж барьж буй боловч багагүй зүйлийг хийж амжуулж буйд багшийн зүгээс бахархаж, баярлаж буй. Мөн түүнийг төгс төгөлдөр дуусгавар болсон утга агуулга бүхий ном бичсэн гэж хэдийгээр хэлэхгүй ч зохиогч эл номондоо шинэлэг өнгө аяс оруулж, уламжлалт бичвэрийн арга хэлбэрийг эвдэх, бусдад ямар нэгэн зүйлийг бодогдуулах, хүн өөрийгөө хэрхэн танин мэдэх, ямар өнцгөөс асуудалд хандах, мөн түүнчлэн ямар нэгэн эрдэмтэн судлаачийн хийсэн зүйлийг хуулбарлах бус, харин хэлэх гэсэн санаа бодлоо сонирхол татахуйц байдлаар хүргэх гэсэн оролдлогыг үнэлэх хэрэгтэй.
Номны нэр: Сэтгэл зүйд өөрөө суралцах нь
Зохиогч: Д. Доржжав
Огноо: 2005
Хуудасны тоо: 778
Тайлбар: Зохиогч Д. Доржжав багшийн Сэтгэл зүйд өөрөө суралцах нь хэмээх ном мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудад тохиромжтой байдаг. Энэхүү номын ихэнх агуулгад сэтгэл судлалын үндэс, хөгжлийн сэтгэл судлалын хичээлтэй холбоотой материалууд байдаг. Оюутнууд энэхүү номонд бие хүний онол байдаггүй гэж ойлгодог боловч гарчиг хэсэгт бичээгүй, харин шигтгээ болгон оруулсан байдаг. Бусад номнууд дээр дурьдаад байдаггүй дорнын сэтгэл зүйг тайлбарласан байдаг. Энэхүү номны ганц хэцүү нь текстийн найруулга маш хэцүү.
Номны нэр: Сэтгэл зүйн шилдэг тестүүд
Зохиогч: Хүмүүнлэгийн Ухааны Сургууль
Огноо: 2008
Хуудасны тоо: 157
Тайлбар: Энэ ном нь 2011 оны байдлаар гурван цуврал болон гараад байна. Энэ номонд сэтгэл зүйн тестүүд байх бөгөөд дотроо асуулгын арга, проектив тесийн аргууд багтсан байдаг. Энэ номны ач тусаар оюутнууд бие даалт, ангийн ажлаа төвөггүй хийж чаддаг төдийгүй манай сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжил дэвшилд маш их хувь нэмэр оруулж байгаа гэж боддог. /Энэ номноос хуулж энд тэнд сэтгэл зүйн тестийг задруулахгүй байхыг хүсье./
Номны нэр: Амьдрах ухаан
Зохиогч: Алфред Адлер, Орчуулсан Ш. Батболд
Огноо: 2008
Хуудасны тоо: 47
Тайлбар: Бодгаль сэтгэл судлалыг үндэслэгч А. Адлерийн шилмэл бүтээлүүдийн нэг болох "Амьдрах ухаан" номноос түүний үзэл баримтлал нь Фрейдийн онолоос хэрхэн ялгарч, төсөөтэй байгааг оюутнууд мэдэх болно. Номны агуулга нэрнээсээ ойлгомжтой. Мэргэжлийн бус хүмүүс уншсан ч ойлгохоор энгийн, сонирхолтой ном. Бие хүний сэтгэл судлал/онол-д суралцаж буй оюутнуудад заавал байх ёстой ном билээ.
Номны нэр: Та өөрийгөө мартуузай
Зохиогч: Б. Ууганцэцэг
Огноо: 2008
Хуудасны тоо: 148
Тайлбар: Зохиогч зөвхөн өөрийн үзэл бодлоороо бичсэн бус онол, нийгэм сэтгэл зүйн асуудлуудыг сонирхолтойгоор, практик жишээн дээр тайлбарласан байна. Мэргэжлийн бус хүмүүс уншихад ойлгомжтой, сэтгэл судлалд эхлэн суралцагчдад нэн тохиромжтой.
Номны нэр: Сэтгэл судлал сонгодгууд
Зохиогч: Ш. Батболд
Огноо: 2010
Хуудасны тоо: 316
Тайлбар: Зохиогч энэхүү номондоо барууны /Америкын/ сэтгэл судлалын үзэл баримтлалыг бичиж, тэдгээр сурах бичгүүдийн стандартыг барьж бичсэн. Сэтгэл судлал сонгодгууд номын бусад номнуудаас ялгарах гол онцлог нь маш ойлгомжтой, кейстэй, бүдүүвч зурагуудтай, нэр томъёог тайлбарласан байдаг. Мэргэжлийн бус болон мэргэжлийн бүх ангийн оюутнуудад тохиромжтой сурах бичиг. Сэтгэл судлалын бүхий л сэдвүүд бий.
Номны нэр: Сэтгэл судлалын хөгжлийн түүх
Зохиогч: Б. Оюунчимэг
Огноо: 2010
Хуудасны тоо: 144
Тайлбар: Сэтгэл судлалын түүхээр дагнан бичсэн цөөн хэдэн номнуудын нэг юм. Энэхүү ном нь 2010 оны байдлаар нийт 3 цуврал болон гараад байна. Сэтгэл судлалын бүх хөгжил, үйл явдал, онолуудын тухай гурван цувралдаа шингээжээ. Сэтгэл судлалд суралцаж байвал эхлээд энэ номыг унш.
Номны нэр: Угсаатны сэтгэл судлал
Зохиогч: Л. Уранцэцэг, Г. Цэрэнханд
Огноо: 2007
Хуудасны тоо: 107
Тайлбар: Сэтгэл судлалын шинжлэх ухааны сонирхолтой салбаруудын нэг болох угсаатны сэтгэл судлалыг бичжээ. Угсаатны сэтгэл зүй, тэдний нийгэмд гүйцэтгэх үүрэг, харилцааны сэтгэл зүй гээд олон сонирхолтой баримтууд бий.
Номны нэр: Сэтгэл судлал бүдүүвч
Зохиогч: В. Г. Крысько, Орчуулсан Б. Туяа, Л. Уранцэцэг
Огноо: 2002
Хуудасны тоо: 224
Тайлбар: Сэтгэл судлалын бүх сэдэв, судлагдахуун, нэр томъёог бүдүүвчээр маш ойлгомжтойгоор тайлбарласан ном. Мэргэжлийн бүх ангийнханд хэрэгтэй, мөн шалгалтанд бэлдэхэд тохиромжтой юм.
Номны нэр: Нийгмийн сэтгэл судлал бүдүүвч
Зохиогч: В. Г. Крысько, Орчуулсан Б. Туяа, М. Мөнхцэцэг
Огноо: 2006
Хуудасны тоо: 207
Тайлбар: Нийгмийн сэтгэл судлалын цорын ганц мэргэжлийн ном. Тус номонд нийгмийн сэтгэл судлалтай холбоотой нэр томъёонууд, нийгмийн сэтгэл зүйн үзэгдлүүдийг бүдүүвч, текстээр тайлбарласан байгаа.
Номны нэр: Сэтгэцийн эмгэг судлал
Зохиогч: С. Бямбасүрэн
Огноо: 2007
Хуудасны тоо: 804
Тайлбар: Зарим оюутнууд сэтгэцийн эмгэг гэхлээрээ хэт хөндий хүлээж авдаг. Тус номонд зохиогч өөрийн амьдралынхаа турш судалсан бүхнээ бичжээ. Мөн бүхий л сэдвүүд байхаас гадна сэтгэц заслын маш олон аргуудыг бичсэн нь бидэнд маш давуу талыг олгож байгаа юм. Уншаад ойлгоход маш амархан.
Номны нэр: Сэтгэл зүйн боловсрол сэтгүүл
Зохиогч: Д. Ванчигсүрэн
Огноо: Улирал тутам
Хуудасны тоо:
Тайлбар: Монголын сэтгэл судлалын шинжлэх ухаан нь философи гэх мэт эртний салбаруудтай адил улирал тутам гаргадаг Сэтгэл зүйн боловсрол хэмээх сэтгүүлтэй билээ. Энэхүү сэтгүүлд гадаад, дотоодын үйл явдал, онол, туршилт, судалгаа зэргийг багтаасан байдаг. Гол онцлог нь сэтгэл судлаачид төдийгүй оюутнуудын нийтлэлийг унших боломжтой юм.
Номны нэр: Бэлгэдэлт амьдрал
Зохиогч: Карл Густав Юнг
Огноо: 2011
Хуудасны тоо: 392
Тайлбар:
Үргэлжлэл бий ...
0 comments: