Ой тогтоолтын тухай сонирхолтой 10 баримт

Гэрийн хаяг, утасны дугаар, мэдлэг, ур чадвар гээд хүний амьдралд зайлшгүй шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагаанаас эхлээд үгүй ядахдаа өөрийн нэр, эцэг эхийнхээ тухай, ер нь л хорвоо ертөнц хийгээд юмсын тухай бүхий л мэдээлэл, мэдлэгийг багтаадаг зүйлийг ой санамж (ой тогтоолт) гэдэг. Тиймээс ой санамж өөрөө хүнийг бүтээдэг, ой санамжийн ачаар бид одоо хэн болсноо ойлгож, мэдэрч чадаж байна. Зөвхөн хүнд заяасан хосгүй гайхамшиг биш гэж үү ?

№1. Гиппокампус тархи нь ой тогтоолтод онцгой үүрэг гүйцэтгэдэг. Далайн морь хэлбэртэй тархины энэ хэсэг нь богино хугацааны ой санамжийг урт хугацааны ой санамж болгон хөрвүүлдэг, мөн урт хугацааны ой тогтоолт ба сэтгэл хөдлөлийг удирдан зохицуулдаг лимбийн тогтолцооны нэг хэсэг нь болж ажилладаг учир ой санамжийг хадгалах, эмх цэгцэнд оруулах, бүтэцжүүлэх ангилах гэх мэт цогц үйл ажиллагаануудыг гардан хийдэг гэсэн үг. Харин гиппокамп тархи гэмтвэл амнезиа үүсэж дахин шинэ мэдээлэл, туршлагуудыг хадгалах боломжгүй болно. Мөн насжилтаас үүдэлтэй гиппокамп тархины үйл ажиллагаа доголдож эхэлдэг, жишээ нь, 80 гарсан хөгшний гиппокамп тархи нь 20% агшсан байдаг учир ийм насны хүмүүсийн ой санамж тааруу байх нь аргагүй юм.


№2. Ой тогтоолтыг богино, дунд, урт хугацааны гэж гурав ангилдаг. Эдгээрээс богино хугацааны ой тогтоолт хурдан мартагдаж, мэдрэлийн эсүүдэд үлдээсэн ул мөр арилахдаа түвэггүй байдаг. Учир нь богино хугацааны ой тогтоолтыг хүлээж авах багтаамж "лимит" зааснаар санасан зүйлээ хялбар мартахад хүрдэг. Эрдэмтэд хүний богино хугацааны тогтоолтыг 20-30 секундэд 7 зүйлсийг тогтоох лимиттэй гэж үздэг. Гэхдээ 100 тэрбум мэдрэлийн эстэй, мөн тэдгээр нь мэдээллийг хадгалах зориулттай гэвэл 20-30 секундэд ердөө 7 төрлийн мэдээллийг хадгалах нь тун чамлаттай үзүүлэлт, тиймээс эдгээр 7 төрлийн мэдээллийг өөр бусад мэдээлэлтэй кодлон хадгалахад хэдэн мянган мэдээллийг минутын хагастай тэнцэхүйц хормын хугацаанд санах боломжтой, түүгээр барахгүй дунд ба урт хугацааны ой тогтоолт болгон хөрвүүлж бүх насаараа бүхий л мэдээллийг санах боломжтой юм. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн хэвийн багтаамж 7 боловч өдгөө зарим эрдэмтэд дээд тал нь ердөө 4 гэж үзэж байна. Өөрийнхөө богино хугацааны ой тогтоолтыг шалгахыг хүсвэл холбоо хамааралгүй үгсийг 2 минутын дотор цээжлээд дараа нь цаасан дээр бичих гээд үзээрэй.


№3. TOEFL-н тестэнд бэлтгэх хамгийн сайн арга бол тестийг нь олон дахин бөглөх. Өөрөөр хэлбэл хадгалсан мэдээллээ олон дахин шалгаж хэвшил болговоос илүү үлдэцтэй байна. Нэгэн туршилтанд хичээлээ урт хугацааны ой тогтоолтондоо хадгалах шаардлагатай байсан оюутнууд хичээлээр олж авсан мэдээллээ тестээр шалгаж хэвшихэд тэдгээрийг ямар ч үед санаж буй эерэг үзүүлэлттэй байсан бол тэднээс хичээлдээ хоёр дахин олон цагаар суудаг боловч өөрийн мэдлэгээ тестэлж үзээгүй оюутнуудын урт хугацааны ой тогтоолт тааруу үр дүнтэй байжээ.

№4. Ой тогтоолтоо сайжруулах аргад суралцаж болно. Та хэн нэгний утасны дугаар, гэрийнхээ түлхүүр, хүмүүсийн нэрийг мартаж байна уу ? Заримдаа бид өөрийн мэдэлгүйгээр гэрийнхээ аль нэг өрөөнд явж байгаагаа гэнэт ойлгодог, тэгээд ямар учраас энд яваагаа ойлгодоггүй. Чухам энэ үед л хүмүүс ой санамжаа хэрхэн муудаж буй тухай үглэж эхэлдэг биз дээ. Гэхдээ ой тогтоолтоо сайжруулах аргууд цөөнгүй бий:

Мэдээллийг хадгалах (календар, утасны дугаар, хүмүүсийн нэр гэх мэт) зориулттай янз бүрийн технологийг арай байдлаар ашиглах хэрэгтэй. Гар утас, андройд төхөөрөмжин дээрээ мэдээллийг хадгалахын оронд өөрөө тогтоох гээд үзээрэй. Орчин үед хүмүүс ой тогтоолтын багтаамжныхаа ердөө 5% хүрэхгүй хэсгийг ашиглаж байна. 
Мартдаг эд зүйлсээ "харааны ой тогтоолт" болгох хэрэгтэй. Жишээ нь, гэрийн түлхүүр зөвхөн ширээн дээр байх ёстой, машины түлхүүр өлгүүр дээр байх ёстой гэх мэтээр хэвшиж чадвал аяндаа харааны ой тогтоолт үүсэж эд зүйлсээ эрж цаг алдахгүй юм. Дээр дурьдсанчлан ой тогтоолтоо сайжруулахын тулд холбоосын техник буюу мнемоник аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Энэхүү аргын тусламжтайгаар хэдхэн минутанд олон зуун үгс, тоо, тэмдэгт, дүрсүүдийг хялбархан тогтоож болох ба мөн эдгээрийг холбоос маягаар ашиглан өөр бусад зүйлийг ч тогтоож болно.

№5Үнэрлэх мэдрэмж нь хүний ой санамж ба мэдээлэлтэй хамгийн хурдан холбогддог. Өөр ямар ч мэдрэмж, ой тогтоолтын аргууд ийм чухал нөлөө үзүүлдэггүй. Нэг жишээ дурдая. Нэгэн эмэгтэй ажлын уулзалтаар нэгэн албан байгууллагын тасалгаанд ормогц аз жаргалтай атлаа нэгэн зэрэг эвгүй мэдрэмж түүнд төржээ. Уг байгууллагад өмнө хэзээ ч тэрээр орж ирж байгаагүй юм.

Үнэр таатай эсвэл таагүй гэдэг нь энд чухал биш харин өвөрмөц байхдаа л ямарваа нэгэн дурсамжийг юунаас ч илүү мэдрүүлдэг. Бидний хайртай нэгэн, хайртай байсан хүмүүсийн дотно үнэр хэсэгхэн зуур өнгөрсөнд аваачиж буй тэр мэдрэмж ... Үнэрлэх мэдрэмж бол амьтадын хамгийн эртний, нэн чухал мэдрэхүй юм. Үнэрлэх булцуу нь сээр нуруутай амьтдын хувьд уураг тархины нэн эртний хэсэгт тооцогддог ба тархинд эзлэх хэмжээ нь ч тэр хэрээр том ажээ. Гэсэн ч бидний уураг тархины энэ хэсэг /үнэрлэх булцуу/ маш жижиг бөгөөд духны дэлбэнгийн яг доор байрладаг. Үнэрлэх мэдрэхүйн систем маш онцгой. Үнэрлэх булцуу дахь мэдрэлүүд аксонуудаа таламус тархи руу биш, харин шууд үнэрийг танидаг тархины гадарга /их тархины өмнөд хэсэг/ руу явуулдаг байна. Бид ямар нэг зүйл үнэрлэмэгц үнэрийн молекулууд нь үнэрлэхүйн хүлээн авуур эсүүд дээр байрладаг сормуустай хүрэлцэн үнэрийн сэрлийг үүсгэдэг. Энэ хүлээн авууруудын аксонууд үнэрийн булцууд нийлж, үнэрийн замыг бий болгодог ба духны дэлбэнд очиж нэгтгэгдэж боловсруулагддаг.

№6. Хүний нойрны мөчлөг ой тогтоолтын чанарт онцгой үүрэг гүйцэтгэдэг. Нойрны мөчлөг нь 90 минутын давтамжтайгаар үргэлжлэхдээ РЕМ мөчлөгийн үед өмнөх ой өдрийн сурч мэдсэн, тогтоосон мэдээллийг хадгалан хөрвүүлдэг. Харин бид РЕМ нойрны үед зүүдэлдэг гэвэл зүүдний элдэв фантазууд өмнөх мэдээллийг дараа өдрийн тархины "Хард Диск"-нд хуулж буй видео бичлэг гэж ойлгож болох нь. 

№7. Цусны бүлэг ой тогтоолтод нөлөөлдөж байж болзошгүй. Сүүлийн үед гарсан неврологийн (мэдрэл судлалын) судалгаагаар ховор бүлгийн цустай хүний хожуу үеийн амьдралд ой тогтоолтын эмгэг, асуудал үүсэж магадгүйг тодруулсан байна. Өөрөөр хэлбэл өтөл насанд AB буюу 4-р бүлгийн цустай хүний танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтолтой болох нь бусад бүлгийн цустай хүмүүсийнхээс хоёр дахин илүү эрсдэлтэй байна. Эх сурвалжийн бичсэнээр урьд өмнө эрдэмтэд цусны бүлэг бие махбодын эрүүл мэнд холбоотой эсэхийг аль хэдийн судалчихаад байгаа бөгөөд үүнд O буюу 1-р бүлгийн цустай зүрх судасны өвчин, ой тогтоолтын эмгэг, өтөл насны тэнэгрэл (деменциа) зэрэг өвчин тусах эрсдэл маш бага байгаа юм.

University of Vermont College of Medicine их сургуулийн доктор Mary Cushman цусны бүлэг ба танин мэдэхүйн үйл ажиллагааны доройтол, түүний хамаарлыг шалгах судалгаандаа нийт 30,000 гаруй америкчуудыг хамруулж, тэднээс танин мэдэхүйн үйл ажиллагааны асуудалтай 495 хүнийг, эрүүл 500 гаруй хүмүүстэй харьцуулан судлахад тэдний дийлэнхи нь AB буюу 4-р бүлгийн цустай хүмүүс байсан гэнэ. AB бүлгийн цустай хүн Америкт 4%, дэлхийд 1-4%, харин Монголд 4% байдаг юм байна.

№8. Бидний ой тогтоолт тийм ч сайн биш. 2007 онд неврологичид 3000 гаруй хүнээс судалгаа авахад насны хувьд залуу оролцогчид хувийн ерөнхий мэдээллүүдийг, жишээлбэл, хамаатнуудынхаа төрсөн өдөр, өөрийн утасны дугаар г.м., мэдээллийн ой санамж муу байж. Мөн судалгаагар тооны машин хэрэглэх нь математикийн энгийн чадваруудад сөргөөр нөлөөлдөг болохыг ч бас тогтоожээ.

Зарим хүмүүс GPS – гүйгээр хот дотроо жолоо барьж чаддагүй. Сошиал медиа болон интернэт нь бидний анхаарлын багтаамжыг багасгадаг. Дижитал медиад автагдсан хүн ямар ч номыг удаан суугаад уншихад төвөгтэй байдаг. Үг бүрчлэн уншиж байснаас онлайнаар мэдээллийг гүйлгэн унших нь хялбар санагддаг болсон юм. Энэ нь тархины уян хатан чанарыг алдагдуулах хор уршигтай.

№9. Кинонд гардаг шиг бидний ой санамжийг устгадаг өвчин гэж бий. Альцхаймерын өвчин нь амилойдын халдвар, мэдрэлийн хялгасан судсын замбараагүй байдал, уургийн дутагдал зэрэг шалтгаанаас үүсч тархинд алгуур үргэлжилж мэдрэлийн эсийг дахин төлжүүлэх боломжийг хязгаарладаг. Альцхаймерын өвчний гол шалтгаан нь насжилт юм. Нөгөө талаас удамшил нөлөөлнө.

Альцхаймерын өвчний шинж тэмдэг нь ой тогтоолт ба хэл яриа муудах, харааны мэдээллийг нарийн түвшинд ялган зааглаж чадахгүй, юмсыг үнэлж дүгнэх нь дутагдалтай, эргэлзэж будилдаг, тэсвэргүй, тайван бус, сэтгэл санаа далайцтай болох гэх зэргээр илэрдэг. Ер нь энэ өвчин нь хүний танин мэдэхүй, бие хүн, үйл ажиллагааны чадварыг алдагдуулдаг.

Судлаачид альцхаймерын өвчний учир шалтгааныг бүрэн гүйцэт ойлгоогүй байна. Нэг бус хэд хэдэн хүчин зүйлс үүнд нөлөөлөх тохиолдол бий. Насжилт, удамшил, Аполипопротейн Е хэмээх уургаас шалтгаалдаг. Энэ уураг нь зарим генд альцхаймерын өвчнөөс сэргийлдэг бол өөр бусад генд тус өвчнийг тусах хандлагатай болгодог. Эмчилгээний хувьд энэ өвчнийг эмчлэх, өвчний явцыг удаашруулах арга одоогоор бий болоогүй байна. Өвчний эрт ба дунд үед зарим эм бэлдмэлийг хэрэглэж өвчний шинж тэмдгийг бага зэрэг хязгаарладаг. Энэ өвчин нь 5-20 жилийн турш алгуур үргэлжилсээр эцэстээ ямар нэгэн халдварт өвчнөөр өөд болдог.


№10. Ой тогтоолт муудах, ой санамжууд мартагдах үзэгдлийг дараах байдлаар тайлбарладаг

  • "Decay" буюу гажуудлын онолоор мэдээлэл нь мэдрэлийн эс ба ой тогтоолтын ул мөрийн тухай өгүүлдэг. Ямарваа нэгэн шинэ зүйлийг цээжлэхээр бол ой тогтоолтын ул мөр шинээр үүсдэг. Тэрхүү ул мөр нь мэдээлэл өнгөрөн явсан гэдгийн баталгаа гэсэн үг юм. Энэхүү ул мөрөөр мэдээлэл нааш цааш явахгүй тохиолдолд ул мөр бага багаар бүдгэрч алга болдог. Иймд өнөөх марталт үүсдэг гэж үздэг байна.
  • Хөндлөнгийн ой тогтоолтын гажуудлын онол. Хэрэв шинэ мэдээлэл нь өмнөх мэдээлэлтэй ойролцоо утгатай байвал дараа нь эргэн санах тохиолдолд хоорондоо хутгалддаг байна.
  • Бага зэргийн мэдээлэл урт хугацааны ой тогтоолтод хадгалагдаж чаддаггүй бол заримдаа байнга давтаж хийдэг зүйл ч гэсэн түүнд багтаж чаддаггүй. Энэ нь анхнаасаа кодлох үйл явцтай холбоотой. Жишээ нь, аливаа зүйлсийг урт хугацаанд тогтоохдоо нарийн шинж онцлогуудыг гэхээсээ илүү бүхэлчилж тогтоодог.
  • Психоаналитик онолоор тааламжгүй дурсамж, болсон үйл явдлыг ухамсаргүйгээр мартахаар сэдэлжсэн байдаг гэж үздэг. Үүнийг "репресс" буюу дарагдмал бодол санаа, сэдэл гэж үзээд ухамсар үүнийг санахгүй ч хэзээ нэгэн цагт ухамсарт бус оюун ухаанаас ил гарч чадахуйц байдаг гэж ойлгодог. Гэвч дарагдсан мэдээлэл байдаг эсэхийг судалж, шалгах боломжгүй учир нийт сэтгэл судлаачид үүнийг хүлээн зөвшөөрдөг гэвэл өрөөсгөл явдал болно. Мөн эсрэгээрээ амьдралын хүнд хэцүү үе, цочир аймшигт явдлууд харин ч мартагддаггүй тохиолдлыг энэ онол тайлбарлаж чаддаггүй. 

Дүгнэлт

Физиологийн хувьд гиппокамп тархи ой тогтоолтонд онцгой үүрэг гүйцэтгэдэгийг мэдэж авлаа. Мөн 5 нэгж мэдээллийг хадгалж, эргээд 2 нэгж мэдээллийг мартах нь хэвийн үзэгдэл юм. Зарим мэдээллийг тархи өөрөө устгадаг, хүний алдаатай үйл ажиллагаа, зөрчилдөөнт амьдрал ой санамж, мэдээлийг хутгаж орхидог, тусдаа хүчин зүйлсийг нэг болгож ойлгуулах магадлалтай юм. Эдүгээ дийлэнхи эрдэмтэд ой тогтоолтыг мэдрэлийн эсүүдээр дайран өнгөрөх импульс гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мэдрэлийн эсүүдийг холбох гүүрийг синапси гэдэг. Хэрэв бид үнэхээр л 100 тэрбум мэдрэлийн эсүүдтэй юм бол эдгээрийг холбох синапсыг хөгжүүлэхийн тулд их зүйл унших, мэдээллийг тогтоох, тоо бодох, орчин тойрноо сэлгэх, аливаад суралцах зэргээр тархиа байнга ажиллагаатай байлгах ёстой, мөн биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, спиртний төрлийн зүйлсээс татгалзах нь мэдрэлийн эсүүдийн үхлийг саармагжуулдаг давуу талтай юм. 

Л. Энхтүшиг