Бусдыг уйдаах 9 арга

Марк Лийри болон түүний судалгааны хамтрагчид нь хэд хэдэн цуврал судалгаагаар хүмүүс бусдыг хэрхэн уйдаадаг тухай судалжээ. Бусад хүмүүс биднийг уйтгартай нэгэн гэж бодох вий гэж айх нь зүйн хэрэг, учир нь хэрэв тэгж бодвол өөр олон талаас мөн адил хурцаар шүүмжлэн боддог хэмээн судалгаагаар дүгнэжээ.

Эхний судалгаагаар судлаачид оролцогчдоос "бусад хүмүүсийн хийдэг уйтгартай зүйлс" юу болохыг тодорхойлохыг хүсчээ. Үүнээс хамгийн их дурдагдсан 43 зүйлсийг жагсааж, хэдэн зуун хүнээс тэдгээрийг хэр уйтгартай зан үйл гэдгийг үнэлэхийг хүссэн байна. Эцэст нь эдгээр есөн уйтгартай зан үйлийг гаргаж иржээ. Хамгийн уйтгартайгаас нь эхлэн жагсаавал:

  1. Сөрөг эгоцентризм: Судлаачдын тогтоосноор хамгийн уйтгартай #1 үйлдэл нь "сөрөг хандлагатай, зовлон тоочсон, өөрийнхөө л асуудлыг ярьж бусдыг огт сонирхдоггүй" байх явдал байжээ.
  2. Улиг болсон яриа: "ач холбогдолгүй эсвэл өнгөц юм ярих, дан ганц сэдэв сонирхох, нэг яриа, онигоогоо дахин дахин ярих."
  3. Сэтгэл хөдлөл багатай: идэвх муутай, монотон буюу нэг өнгөөр ярих, нүдний контакт бага үүсгэх, сэтгэл хөдлөлгүй, гөлийсөн байдалтай байх.
  4. Залхуутай байдал: "удаан ярих, хариу хэлэх гэж удаан хугацаанд завсарлага авах, гол санаагаа хэлэх гэж удах, харилцан яриаг сунжруулах."
  5. Идэвхгүй байдал: хэлэх зүйл багатай эсвэл ямар ч үзэл бодолгүй байх, хэт тааварлаж болохуйц эсвэл бусдын хэлсэн бүх зүйлстэй санал нийлэх.
  6. Хэт өөртөө төвлөрсөн: зөвхөн өөрийнхөө тухай ярих.
  7. Чухал царайлах: маш чухал, буурьтай царайлж, барагтай бол инээхгүй байх.
  8. Ядмаг бялдуучлал: "бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд хөгжилтэй, найрсаг байх гэж хичээх."
  9. Хайнга байдал: харилцан ярианд саад болох зүйлс хийх, сэдвээсээ амархан хазайх, хэт их хов жих ярих.
Дараагийн судалгаанд оролцогчдыг харилцан ярилцаж байх үед бичлэг хийн, өөр хүмүүсээр хэр уйтгартай байгааг нь үнэлүүлж, судлаачид харилцан ярианд хэлэгдсэн зүйлсийг нарийвчлан тэмдэглэж авчээ.

Ингээд уйтгартай болон сонирхолтой хүмүүсийн гаргадаг ялгаатай зан үйлийн заримыг танилцуулъя:

  1. Сонирхолтой хүмүүс уйтгартай хүмүүстэй харьцуулахад өөрсдийн бодол, сэтгэл хөдлөлөө илүү илэрхийлж байсан. (Энэ нь зөвхөн өөрийнхөө тухай яриад байхаас ялгаатай гэдгийг санаарай.)
  2. Мөн сонирхолтой хүмүүс дан ганц сэтгэл хөдлөл биш, мэдээллийг харилцан ярианы үед солилцдог.
  3. Уйтгартай хүмүүс "хоосон үгс" их хэрэглэж, утга учир багатай зүйл их ярьдаг. Жишээ нь хүмүүстэй санал нийлж байгаагаа илэрхийлж "ммхн" гэх боловч үүнээс илүүг хэлдэггүй.
  4. Уйтгартай хүмүүс сонирхолтой хүмүүстэй харьцуулахад ярианд ерөнхийд нь бага      оролцдог.
Сүүлийн судалгаанд Лийри болон түүний хамтрагчид өмнө нь хүмүүст үзүүлж маш уйтгартай, эсвэл маш сонирхолтой хэмээн үнэлэгдсэн бичлэгүүдийг оролцогчдодо үзүүлжээ. Бичлэгүүд өмнө нь ямар үнэлгээ авсныг оролцогчдод хэлэлгүйгээр бичлэгт гарч буй харилцан яриаг олон талаас нь үнэлэхийг хүссэн байна.

Сонирхолтой нь уйтгартай хүмүүсийг маш ширүүн шүүмжлэл дагасан байв. Тэднийг сонирхолтой хүмүүстэй харьцуулахад бараг бүх талаар шүүмжилсэн байжээ. Тэд хүмүүст таалагдах нь бага, илүү найрсаг бус, идэвх султай, танихад хэцүү хэмээн үнэлэгдсэн байна. Мөн сонирхолтой, уйтгартай байхтай хамааралгүй шинжүүдээр ч тэднийг муулсан байв: уйтгартай хүмүүсийг чадалтай, өөртөө итгэлтэй, эсвэл удирдагч байх боломж багатай гэж үнэлжээ. 18 шинжээс ердөө хоёр шинжээр л уйтгартай, сонирхолтй хүмүүс тэнцүү үнэлгээ авсан байв: аль алиныг нь найдвартай байдал, чадамжийн хувьд адил гэжээ.

Гэхдээ нэг шинжээр уйтгартай хүмүүс сонирхолтой хүмүүсээс давуу үнэлэгдсэн нь "хүмүүс тэднийг илүү ухаантай" гэсэн байв.

Та бусадтай харилцахдаа тэднийг залхааж уйдаадаг юм биш биз? Дээр дурдагдсан үйлдлүүдийг гаргадаг бол аль болох засахыг хичээгээрэй. Учир нь энэ нь таны ерөнхий үнэлэмжинд сөргөөр нөлөөлдөг юм байна.

Ц.Цэрэндолгор