Байгууллагын сэтгэл судлал


Сүүлийн үед сэтгэл судлалын шинжлэх ухаан манай оронд улам бүр хөгжиж байгаа билээ. Хүмүүс сэтгэл судлаачдыг хязгаарлагдмал хүрээнд ойлгохоо больж, энэ шинжлэх ухааны ач холбогдол, хүртээмжийг өдрөөс өдөрт илүүтэй мэдрэх болсон. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь дотроо сэтгэл зүйн зөвлөгөө, клиник сэтгэл судлал, хүүхдийн сэтгэл судлал, гэр бүлийн сэтгэл судлал, байгууллагын сэтгэл судлал гэх мэт маш олон салбар шинжлэх ухаануудыг агуулдаг гэдгийг ч анзаарч, тэр тусмаа байгууллагын сэтгэл судлалын талаар илүүтэй сонирхох болжээ. Байгууллагууд энэ салбар ач холбогдолтой гэдгийг ухаарах болсон ч, чухамхүү байгууллагын сэтгэл судлаач гэж хэн болох, юу хийдэг, зорилго, арга барил зэргийн талаар нарийн мэдээлэлгүй байдаг. Миний бие өөрөө энэ чиглэлээр цаашид мэргэшин ажиллахыг хүсдэг тул байгууллагын сэтгэл судлалын талаарх зарим мэдээллүүдийг хуваалцахыг хүссэн юм. Тиймээс энэ удаад байгууллагын сэтгэл судлалын тухай ерөнхий мэдээллийг хүргэхийг зорьлоо.

Унтах цагаас бусад цагийг тооцвол хүн амьдралынхаа ихэнхи цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Жишээ нь нэгэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн өдрийн ерөнхий дүр зургийг буюу юунд хэдэн цагийг зарцуулдгийг тоймлон гаргасан байна. Үүнд:

Ажил-8 цаг
Ажилтай холбоотой- 1цаг
Зурагт үзэх- 3цаг
Унтах- 8цаг
Хооллох болон хоолонд бэлдэхэд- 2цаг
Бусад -2 цаг

Тэгэхээр хүн амьдралынхаа дийлэнхи хэсгийг ажлын байран дээр өнгөрөөж, сэтгэл ханамжтай амьдрах эсэх нь ажлаас нь бүрэн хамаардаг гэсэн үг. Иймээс ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байх нь сэтгэл ханамжит амьдралын гол үүсвэр байх нь зайлшгүй юм. Хэрэв хүн 8 цагийг ажил дээрээ тааламжгүй өнгөрөөвөл энэ нь цаашлаад гэр бүлийн амьдрал болон бусад хэсгүүдэд тань мөн тааламжгүй байдлыг үүсгэх нь тодорхой биз ээ. Та ажил эрхэлдэг бол өөрөөсөө эдгээр асуултуудыг яг одоо асуух хэрэгтэй.

“Би ажилдаа дуртай юу?” “Би үнэхээр сэтгэл ханамжтай байж чадаж байна уу?”

Та ажилдаа сэтгэл хангалуун байж, өглөө бүр ажлын байр луугаа баяртайгаар яардаг бол сайхан биш гэж үү?

Байгууллагын сэтгэл судлалын нэг гол зорилго бол энэ юм. “Хүний зан үйлийн талаарх шинжлэх ухаан болон мэдлэгийн тусламжтайгаар байгууллага болон байгууллагын ажилчдын ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн сайжруулах”-д байгууллагын сэтгэл судлалын гол зорилго оршино. Энэ салбар шинжлэх ухаан нь өөрөө сэтгэл судлалын шинжлэх ухааныг ажлын талбарт ашигласнаараа онцлог бас ач холбогдолтой. Нийгмийн зүгээс үзвэл байгууллагын сэтгэл судлал нь ажилтны ажлын үр бүтээмжийг дээшлүүлснээр давхар амьдралын чанарыг сайжруулж байна гэсэн үг юм.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны ойлголт, онол, хандлагуудыг ажлын талбарт хэрхэн ашигладаг вэ?

Тухайлбал, сэтгэл судлалын суралцахуйн тухай ойлголтууд нь байгууллагын сургалтын хөтөлбөрүүд болон урамшууллын төлөвлөгөөнд ашиглагддаг бол нийгмийн сэтгэл судлалын ойлголтууд нь ажлын групп болон ажилчдын зөрчил маргааныг ойлгоход, сэдэл болон сэтгэл хөдлөлийн тухай ойлголтууд нь ажилчдыг сэтгэл ханамжтай байлгах, сэдэлжүүлэхэд хэрэглэгддэг. Сэтгэл судлалын ойлголтуудыг хэрэглэж байгаа нь өөрөө аливаа их дээд сургууль болон коллежид заадаг бизнесийн хөтөлбөрүүдээс байгууллагын сэтгэл судлалыг ялгаж байгаа юм.

Байгууллагын сэтгэл судлал бизнесийн бусад хөтөлбөрүүдээс яг юугаар ялгагддагийг ихэнхи хүмүүс мэдэхийг хүсдэг. Жишээ нь хүний нөөцийн салбараас. Хэдийгээр байгууллагын сэтгэл судлалын сэдвүүд нь хүний нөөцийн болон зарим байгууллагын зан үйлийн талаарх сэдвүүдтэй ижил, төстэй боловч, шалтгаан, арга техникүүдийн хувьд ялгаатай байдаг. Тухайлбал маш олон  хүний нөөцийн салбарын хувьд ажилтныг сонгон шалгаруулах шилдэг арга нь бүтцийн хувьд зохион байгуулалтгүй ярилцлагын арга байдаг бол байгууллагын сэтгэл судлаачид энэхүү ярилцлагын аргыг бага үнэ цэнэтэйд тооцож, сэтгэл зүйн тест, зан үйлийн ярилцлага, ажлын загвар, био-мэдээлэл, үнэлгээг илүүд үздэг байна.

Бизнесийн салбар болон байгууллагын сэтгэл судлалын хоёр дах ялгаа нь байгууллагын сэтгэл судлал байгууллагын ажилчдад нөлөөлж буй хүчин зүйлсийг анхаардагт оршино. Эсрэгээрээ бизнесийн аливаа салбар нь байгууллагыг хэт өргөн хүрээнд буюу маркетингийн сувгууд, тээвэрлэлт, зардал гэх мэт асуудлуудад хамааруулан судалдаг (Kimbrough, Durley, & Muñoz,2005).

Онол-практикийн загварт тулгуурладаг нь байгууллагын сэтгэл судлалыг бусад салбараас ялгах бас нэгэн хүчин зүйл юм. Тухайлбал байгууллагын сэтгэл судлаачид судалгаа шинжилгээний ажил хийхдээ шинжлэх ухаан-онолын мэдлэгийг илүүтэй ашигладаг бол байгууллагын аливаа асуудалд ажиллахдаа практик талаас ажилладаг. Улмаар аливаа судалгааны үр дүнг байгуулагын цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллаж, үр ашгийг нэмэгдүүлж байдаг юм.

Байгууллагын сэтгэл судлаачид юу хийдэг вэ ?

Удирдлага, ажлын сэтгэл ханамж, ажилчдын сэдэл, байгууллагын харилцаа, зөрчлийн менежмент, байгууллагын өөрчлөлт, байгууллага доторх бүлгийн процесс зэрэг асуудлуудыг авч хэлэлцдэг. Мөн ажлын хандлагын талаарх ажилтнуудын судалгааг явуулж, байгууллагад давхар зөвлөх үүрэг гүйцэтгэхийнхээ хүрээнд тохиолдож буй асуудал бэрхшээлийг даван туулах, нөхцөл байдлыг сайжруулах арга замуудыг санал болгодог. Тухайлбал ажилчдыг шийдвэр гаргах үйл явцад татан оруулснаар ажлын сэтгэл ханамж муу байгааг сайжруулах, ажилчдын санал бодлыг тусгах системийг бий болгосноор тухайн байгууллагын  харилцаа холбооны системийг сайжруулах гэх мэт.

Өндөр хөгжилтэй улс орнуудад байгууллагын ажилтнуудад зөвлөгөө өгдөг клиникийн сэтгэл судлаачид байдаг. Гэхдээ байгууллагын сэтгэл судлаачыг үүнд хамааруулан үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Аливаа байгууллагад хөлслөгдөн хар тамхи, архи зэрэг асуудалд өртсөн ажилчдад туслан сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг сэтгэл судлаачид байдаг ч эдгээр сэтгэл судлаачид нь байгууллагын сэтгэл судлаачид гэхээс илүү сэтгэл зүйн зөвлөгөө өгөгчид байдаг байна.


Ерөнхийдөө байгууллагын сэтгэл судлал хийсэн ажлынхаа үр дүнд бусад сэтгэл судлалын салбаруудтай тэнцүү, заримдаа илүү түвшинд хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад тусалдгаараа онцлог юм. 

Сэтгэл судлаач Э. Жаргалмаа