Сэтгэл судлалд хэрхэн суралцах вэ?

Өнөө үед хүн бүр сэтгэл судлалын шинжлэх ухаан хэрэгтэй гэдэг чухал гэх боллоо. Энэхүү хандлагыг дагаад цөөн хэдхэн хүмүүс сэтгэл судлалын зах зээлийг ойлгож бизнес хэрэглээ болгохоор зэхэж байгаа бол, нөгөө хэсэг нь өөрсдийгөө ойлгохын тулд, эсвэл зүгээр л сонирхолтой санагдсан тул энэ салбарт орж байгаа юм гэж тайлбарлаж буй.
Монгол улсад албан ёсоор сэтгэл судлаачдыг бэлтгээд ердөө 20 жилийн ой болж байна. Анх МУИС бэлтгэдэг байсан бол дараа нь МУБИС, Хүмүүнлэг, Энх-Орчлон зэрэг сургуульд сэтгэл судлаачдыг бэлтгэхэд гар бие, эрдэм мэдлэгээ зориулан оролцож байна.
Гадаад, дотоодод сэтгэл судлалыг сурч байгаа хүмүүс Монголд яаж сурдаг талаар, ялангуяа ЕБС-ийн сурагчид хэрхэн сэтгэл судлаач болох тухай асуусан захидлууд маш их ирдэг. Иймд та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байгаа юм.

- Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол субьектив буюу хийсвэр шинжтэй. Өөрөөр хэлбэл математик, физик, хими, анагаах ухаан гэх мэт шууд хэрэглээ болдог салбарууд шиг биш, нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй гэсэн үг. Заримдаа тодорхой үр дүнг нь эрье гээд олддоггүй тохиолдол бий. 

- Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол зөвхөн зөвлөгөө өгдөг хүнийг бэлтгэдэггүй. Сэтгэл судлал бол аль ч салбарт харъяалагдаж болдог. Жишээ нь, гадаадын оронд сэтгэл судлалыг Зан үйлийн факульт, Нейробиологи факульт, Нийгмийн ухааны факульт гэх зэргээр хувиарладаг. Сэтгэл судлал бол байгалийн шинжлэх ухаан, нийгмийн ухаан, математикийн ухаан зэрэг салбаруудаас бүрддэг гэж болохоор байгаа юм. Харин Монголд бэлдэж буй ихэнхи сургуулиуд нийгмийн ухаан талруугаа боловч математикийн хичээлийг хөтөлбөрийн дагуу судлах ёстой болдог. Учир нь судлаач хүнд судалгаандаа тоон дүн шинжилгээ хийх шаардлага тулгардаг.

- ЕБС-ийн сурагчид. Монголын их, дээд сургууль сэтгэл судлалын ангидаа гадаад хэл, нийгмийн ухааны оноогоор элсэлт авдаг. Монголд сэтгэл судлаачдыг бэлтгэж буй их, дээд сургуулиуд:
  • МУИС
  • МУБИС
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
  • Энх-Орчлон дээд сургууль
  • Улаанбаатар дээд сургууль
  • Орхон их сургууль
  • ХУИС буюу Хилийн цэргийн дээд сургууль
- Бусад салбарын мэргэжилтэнгүүд. Бэлтгэл магистар гэж юу вэ? Энэ нь өөр салбарын буюу жишээ нь, эдийн засгийн бакалавар, магистар, эсвэл докторын зэрэгтэй мэргэжилтэнгүүд сэтгэл судлалын бакалавар бус, харин магистрын зэргээр 3 жилийн турш судлах боломжтойг хэлж байгаа юм. 3 жил гэхийн учир нь өөрийн салбартаа ерөнхий эрдмийн хичээлийг судалсан тул судалсан хичээлийнхээ кредитийн зөрүүг гаргаж бага хугацаанд сурч байгаа нь энэ. Мөн бакалаврын хөтөлбөрийн дэргэд маш шахуу хуваарьтай байдаг тул бэлтгэл магистаруудын хувьд хичээлээ гүйцэхгүйн улмаас хичээлээ оромдож хийх тохиолдол олон. Тэд 3 жил шахуу хувиараар сурсанаар бакалаврыг алгасаж шууд магистрын зэргийг хүртэх болно.

- Сурах бичиг. Та номын дэлгүүрээр яваад үзээрэй. Тэнд сэтгэл судлал гэсэн номын тасагт цөөн хэдхэн сурах бичиг ёлтолзон харагдана. Үлдсэн дийлэнхи хувийг боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухааны ном эзэлдэг. Сэтгэл судлалын сурах бичгүүдийн ихэнхийг МУБИС-ийн сэтгэл судлалын багш нар бичсэн нь үнэн. Тэд бусад сургуулийн багш нараа бодвол энэ тал дээрээ арай бүтээлчээр ханддаг юм.

- Ажлын байр. Нийт хэдэн сэтгэл судлаачид байна вэ? Жилд хэдэн сэтгэл судлаачид бэлтгэгддэг вэ? Үнэн хэрэгтээ баталгаатай албан ёсны тоо баримт байхгүй ч дээрх сургуулиудад нэг анги нь дунджаар 20-25 оюутантай гэж үзвэл 140-150 бэлтгэгдэн гарч байна. Гэхдээ энэ бол зөвхөн өдрийн ангиар бэлдэж буй бакалаврууд юм. Үүнээс гадна дээр дурьдсан бэлтгэд магистарууд гэж бий. Мөн гадаадад бэлтгэгдэж буй чамгүй олон судаачид бий. Сэтгэл судлаачийн албан ёсны ажлын байр төрийн байгууллагуудад бага багаар нэмэгдэж байна. Үүнд:
  • Шүүхийн шийдвэр
  • Хил хамгаалах алба
  • Цагдаагийн газрууд (Цагдаагийн ерөнхий газар, дүүргүүдийн цагдаагийн газар гэх мэт)
  • Улсын мөрдөн байцаах газар
  • Онцгой алба
  • Улсын эмнэлгүүд (Эх нялхас гэх мэт)
Сэтгэл судлаачдын дийлэнхи нь их, дээд сургуульд багшилж байна. Харин цөөн хэдэн сэтгэл судлаачид хувиараар төв байгуулан ажиллаж байна.

Л.Энхтүшиг