Сэтгэл судлаач Х. Хандсүрэн: Амьдрал ба Ганцаардал
Хүний амьдралын “тааламжгүй” нэгэн мэдрэмж бол яахын аргагүй ганцаардал мөн. Амьдралын бүхий л цаг үеүүдэд ганцаардал байсаар ирсэн билээ. Ганцаардал нь хүнд бусдаас тусгаарлагдсан, орхигдсон, хоосорсон мэт сөрөг мэдрүүмжүүдийг төрүүлэхээс гадна уйтгар гуниг, зожигрол зэрэг сөрөг илрэлүүд үүсгэдэг хэдий ч зарим үед ганцаардал нь хүнд өөрийгөө таних, өөрийн дотоод “Би”-тэйгээ ярилцаж, бусдыг эргүүцүүлэн бодож дүгнэлт хийх зэрэг эерэг талуудыг олгодог. Өөрөөр хэлбэл ганцаардал нь нэг талаар хүнд ухааралыг өгдөг.
Хүн бүр л ганцаардлыг туулж мэдэрдэг ч үүний хор уршиг, үр дагаварыг төдийлөн анзаардаггүй. Ганцаардлыг мэдрэх мэдрэмж, түүнийг даван туулах нь хувь хүний онцлог, насны онцлог, амьдралын туршлагаас хамааран харилцан адилгүй байдаг.
Амьдралын ямар нэгэн шалтгаанаар хүн дотны хүнээсээ хагацах, хайртай зүйлээсээ холдох, нийгэм, хамт олон, найз нөхдөөсөө хөндийрөх үед ганцаардлыг илүү их мэдэрдэг.
Хэдийгээр энэ үзэгдэл нь нийгмийг бүхэлд нь хамрахгүй ч нийгмийг бүрдүүлэгч хувь хүнд нөлөөлснөөр “Би хэн бэ?”, “Амьдрал надад утгагүй санагдаж байна” гэх мэт олон бодлуудыг бий болгож байгаа нь тийм ч сайн зүйл бас биш юм. Тухайлбал, ганцаардал нь хувь хүний төвшинд яригдах боловч хүний нийгэмших асуудалд саад учруулбал цаашид хөгжиж дэвших, нийгэмд байр суурь олоход бэрхшээл учирна. Тэрчлэн, хэт их ганцаардах нь хүнд эмгэг үүсгэдэг байж болох юм. Амьдралд тохиолдсон таагүй үйл явдлуудаас болж хүн өөрийгөө бусдаас холдуулдаг. Хүнд итгэхээ больдог. Асуудал, бэрхшээлийг хэрхэн давж, цаашид амьдралдаа зөв шийдвэрийг гаргаж, түүндээ хүрч чадаагүйгээс, өөрийн сэтгэл зүрхээ сонсоогүйгээс хүн удаан хугацаагаар ганцаардана. Энэ нь удаан үргэлжилснээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж улмаар сэтгэцийн хямралд орох нөхцлүүд үүснэ. Мэдээж энэ нь даамжирснаар олон сөрөг үр дагаварууд гарна.
Хүн амьдралынхаа хугацаанд олон түүх, дурсамжийг бүтээж, тэдгээртээ олон янзын дүрийг бүтээдэг. Зарим дурсамжийг эргэн санахад маш их ганцаардлыг мэдэрч байдаг бол зарим нь ... эсрэгээрээ амьдрах эрч хүчийг өгнө.
Өөрөөр хэлбэл ганцаардлыг хэрхэн даван туулахаас хамаарч бидний цаашдын амьдрал өгсөх үү, уруудах уу гэдэг маань ихээхэн шалтгаалдаг.
Ганцаардлын талаарх судалгаа:
Судлаачид ганцаардлыг маш олон талаас нь судалж өөрсдийн үзэл баримтлалыг дэвшүүлсээр байна. Жишээлбэл, нийгмийн шинжлэх ухааны онолоор бол ганцаардлын таагүй мэдрэмжийг даван туулахад хөндлөнгийн зөвлөмжүүд ихээхэн нөлөө үзүүлдэг хэдий ч хүмүүс нийгмийн дунд биеэ авч явахдаа шинжлэх ухааны онолд биш өөрсдийн үзэл бодолд тулгуурлан үйлдэл явуулж байдаг.
Ер нь ганцаардлын асуудлыг нарийн судлахад онол, арга зүйн хувьд ихээхэн бэрхшээлтэй учирдгийг олон эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Тэд үзэхдээ хүмүүсийн ганцаардалд нийтлэг шинж чанар байдаг ч эдгээрээр түүний мөн чанарыг нээн илрүүлэх боломжгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ганцаардал нь хүн бүрт өөр өөр мэдрэмжийг үүсгэдэг гэсэн үг юм.
Судалгаанаас харахад жижиг тосгонд амьдардаг хүмүүсээс илүү хүн ам ихтэй, том хотод амьдарч буй хүмүүс илүү их ганцаардалд өртдөг гэсэн судалгаа бий. Бас нэгэн судалгаанаас харахад тамхи татдаг эмэгтэйчүүд ихэнх нь амьдралдаа ямар нэгэн хэмжээгээр ганцаардсанаас үүдэлтэй хорт зуршилд ордог бол эрэгтэйчүүд ч мөн ялгаагүй ганцаардлыг мэдэрсэн үедээ архи ууж ганцаардлаа тайлах замыг сонгодог байна.
Хүн яагаад ганцаарддаг вэ?
Ганцаардалд олон хүчин зүйлс нөлөөлнө. Үүний нэг нь хувь хүн өөрөө юм. Тиймээс ганцаардлыг өөрөө жолоодох боломжтой гэсэн үг. Ганцаардлаас хэрхэн салахад олон боломжууд бий. Бид өөрийн амьдралын хэв маяг, хүсэл сонирхолдоо нийцүүлэн ганцаардлаас ангижрах боломжтой.
Хүний амьдрал ерөнхийдөө 3 орчинд үргэлжилдэг.
1. Гэр бүлийн орчин 2. Нийгмийн орчин /ажил, сургууль, найзууд/ 3. 3-дагч орчин буюу өөрийн хүссэн орчин Энэ 3-н орчны аль нэгэнд ганцаардах эсвэл сэтгэл хангалуун байж болох юм.
Эдгээр орчны алинд нь илүүтэйгээр ганцаарддагаа Та өөрөөсөө асуугаарай. Амьдралын гурван орчны хоёрт нь илүү ганцаарддаг гэж хариулбал Танд ганцаардал үүсэх хангалттай нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.
Ганцаардлаас өөрийгөө хэрхэн аврах вэ? Та өөртөө туслах хамгийн зөв аргыг сонгох нь хамгийн чухал. Тухайлбал, Гэр бүл, таны найз нөхөд, очих дуртай газар, дотны хүмүүс гээд танд ойрхон, таны сэтгэлд нийцсэн орчноо сонгох боломжтой. Нөгөө талаар хүн сэтгэл дотроо бүтээсэн ертөнцдөө мөрөөдлөөр дамжуулан ганцаардлаас зайлсхийх хэрэгцээгээ хангадаг ч энэ нь сөрөг үр дагавартайг анхаараарай. Учир нь таны “Сэтгэл дотроо бүтээсэн ертөнц бодит ертөнцөөс ихээхэн ялгаатай” байх нь ойлгомжтой бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл амьдралын сөрөг талуудыг ихээхэн хурцаар мэдэрч амьдралыг улам бүр үзэн ядах, амьдралын зорилгогүй болох аюултай юм. Өөрт тулгарч буй асуудлаа шийдэж, хамт олны дотор өөрийн байр сууриа олоогүйгээс үүдэн ганцаардалд орлог тул та сэтгэл зүйчид хандаж зөв шийдвэр гаргаж болох юм. Ганцаардлыг эмчлэх олон арга замууд байдаг. Ганцаарчилсан сэтгэц заслын аргаас гадна бүлгийн сэтгэц засал хийх боломжтой. Ганцаардал нь сэтгэл гутрал буюу депресстэй холбоотой байдаг учраас шаардлагатай гэж үзвэл анти-депрессант буюу сэтгэл гутралын эсрэг эм уудаг. Мөн өөрийн дуртай амьтнаа тэжээж болно.
Ганцаардах нь бас давуу талтай... Ганцаардал нь хүнд нэг талаар амьдралд тохиолдож буй бэрхшээлийг даван туулах чадварыг өгдөг. Нөгөөтэйгүүр зарим хүмүүс, ялангуяа урлагийнхан ганцаардалтай илэн далангүй ярилцаж чаддаг бөгөөд тэд энэ үедээ гайхамшигтай уран бүтээлийг туурвиж чаддаг.
Сэтгэл судлаач Х.Хандсүрэн “СЭТГЭЛИЙН ТОЛЬ” сэтгэл зүйн төв
Эх сурвалж:
www.setgel.mn
0 comments: