Хүүхэд ба эцэг эхийн хооронд үүсч буй аюул юу вэ?


Өнөө үед зурагтыг өдөрт 6- 8 цаг асаалттай байлгадаг, хүүхэд өдөрт 2- 4 цагийг зурагтны өмнө өнгөрүүлдэг гэсэн тоо гарчээ. Энэ байдал нь гэр бүлийн гишүүдийн хоорондоо ярилцах, харилцахыг багасган, хүүхдийн хэл яриа, оюун санааны хөгжилд туслах тоглоом тоглох, ном унших, зураг зурах, эцэг эхтэйгээ ярилцах цагийг багасгажбайна. Хүний цагаас хумсалдаг энэхүү цэнхэр дэлгэц нь олон ангит болон уран сайхны киногоор дамжуулан этгээд муухай хувцас өмсөх, гудамжны хэллэг сурах, бэлгийн буруу хүмүүжил, муухай зан авиртай болох зэргээр хүүхдэд муу үлгэр үзүүлж байна.
Энэ бүхний төгсгөлд зурагтаар дамжуулан зохиомол орчинд автагдсан хүүхдийн зан ааш эвдэрч, үзсэн зүйлээсээ болж бодит амьдралд тохиолдож байгаа зүйлсийг үл тоомсорлох, сонсох мэдрэх үйлдэл нь мэдрэмжгүй болж эхэлдэг. Кохен “Хэрцгий зан чанарыг хүн бага наснаасаа эхлэн олж авдаг бөгөөд хамгийн гол хүчин зүйл нь зурагт юм” гэж дүгнэн хэлжээ. Америкт хийсэн өргөн цар хүрээтэй судалгааны үр дүнд 30 насандаа хэрцгий гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүст, тэдний 8- 9 насандаа үзэж байсан хүчирхийллийг харуулсан кино нөлөөлснийг баталжээ. Зурагтаар үзүүлж байгаа ихэнх кинонд согтуурал, тамхи болон хар тамхи хэрэглэгчдийг үзүүлдэг бөгөөд тухайн гэр бүлийн хүүхдүүд нь үргэлж эцэг эхтэйгээ зөрчилдөж байгааг харуулдаг. Ийм кинонд эерэг болон сөрөг дүрүүд нь өөрийн зорилгодоо хүрэхийн тулд заавал ямар нэг хүч, түрэмгийлэл хэрэглэдэг. Энэ нь хүч хэрэглэх явдлыг хууль ёсны зүйл болгон хүүхдэд харуулдаг бөгөөд ялангуяа хүч хэрэглэж байгаа хүн нь эерэг дүр байвал илүү их нөлөөлдөг. Учир нь хүүхэд өөрийгөө зурагтаар үзсэн баатартайгаа адилтган боддог. Мөн ийм кинонд буруу явдлыг хууль журам, засаг захиргаа бус харин нэг хүн, хууль бус бүлэг устгаж байгаа мэтээр үзүүлдэг тул хүүхэд хууль дүрэмд итгэх итгэл нь багасна. Дээрээс нь хэчнээн хичээж, хөдөлмөрлөөд ч хүрч чадахгүй мэт санагдах гоёмсогоор чимэглэсэн ертөнц болон өөрийнх нь хоорондох заагийг мэдрэх тусмаа хүүхэд өөрийгөө голдог. Тэгээд өөрийн эргэн тойрны хүмүүсээ киноны баатруудтай адил мэтээр төсөөлж эхэлнэ.
Кино, элдэв хов живийн хөтөлбөрөөс гадна янз бүрийн зар сурталчилгаа хүүхдэд маш их хортой байдаг. Зар сурталчилгаа нь хараагаар болон сонсголоор хүүхдэд чухал хэрэгцээтэй зүйлийнх нь оронд зөвхөн хэлбэр, гадаад үзэмж, боодол баглаанд нь татагдан хийсвэр хэрэгцээг бий болгодог. Ингээд зурагтыг зөв ашиглавал мэдлэг боловсрол мэдээлэл олж авах хүчтэй эх сурвалж болж байхад нөгөө талаасаа нийтлэлийн бодлого харилцааны байдлаараа итгэл, үнэмшил, зан байдал төлөвшүүлэх тал дээр хүүхдүүдэд үнэхээр их муугаар нөлөөлж байна. Зурагтаа огт асаахгүй байж болох ч заавал тэгэх шаардлагагүй. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ зурагт үзэх цагийг 1-2 цаг болгон, тохиромжгүй зүйлийг үзүүлэхгүй байх хэрэгтэй. Мөн хүүхдүүдийнхээ хамгийн их зурагт үздэг цагаар тэдний дуртай тоглоомыг тоглох, дэлгүүр рүү дагуулж явах, өнгөтэй анхаарал татсан зургийг будах, үлгэр өгүүллэгийн ном уншиж өгөх, аялалд явах зэргээр янз бүрийн үйл төлөвлөн зурагт үздэг цагийг нь багасгаж болох юм.

ИНЕГ-ын сэтгэл судлаач Н. Туяа