Сэтгэл судлаач Х. Хандсүрэн: Сэтгэцийн эмгэгтэй хүн л сэтгэлзүйчид ханддаггүй
Сэтгэл гутрал, бухимдал, шаналал... Энэ үгс танд хэр ойрхон сонсогдож байна. Хүний амьдралд янз бүрийн бэрхшээл, асуудал тохиолддог. Заримдаа түүнээс гарах арга замыг олоход хялбар байдаг бол хааяа энэ бүхнийг орхиод зугтчихмаар ч санагдах үе бий. Гэхдээ өмнөө байгаа саадыг даваад л гарах учиртай. Асуудлаа ганцаараа шийдэж чадахгүйгээ ойлгосон хүмүүс сэтгэлзүйчид ханддаг ч тэд сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэлзүйчийн талаар хангалттай мэдээлэлтэй байдаггүй.
Харин өндөр хөгжилтэй оронд энэ байдал эсрэгээрээ. Тэд бараг л байнга сэтгэлзүйчид хандан зөвлөгөө авч, аливаа асуудлыг шийдэх арга замаа хамтран хайдаг. Тэр ч бүү хэл “Эмэгтэй хүн бүр нэг ширхэг Шанелийн цүнх, нэг сэтгэлзүйчтэй байх хэрэгтэй” гэсэн хошигнол ч бий. Тиймээс бид энэ удаа монгол хүний сэтгэл зүйн онцлогийн талаар сэтгэлзүйч А.Хонгорзул, П.Энхчимэг, Х.Хандсүрэн нартай ярилцлаа.
-Монголд хэр олон сэтгэл зүйн төв үйл ажиллагаа явуулдаг вэ. Олон нийт сэтгэлзүйчдийн талаар ямар хэмжээний мэдээлэлтэй байдаг вэ?
Х.Х: 20 орчим төв бий. Гэхдээ тогтвортой, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөхөн. Түүнээс гадна хувиараа зөвлөгөө өгдөг сэтгэлзүйчид бий.
А.Х: Нэг үеэ бодвол бидний ажлын талаар хүмүүс мэддэг болжээ. Эхэндээ ч лам, бөө- тэй хүртэл андуурдаг байлаа.
Х.Х: Лавлах утаснаас дугаар авч залгачихаад “Юу бэлдэж очих вэ. Сүү хэрэгтэй юү” гэх жишээтэй.
-Тэгвэл сэтгэлзүйч гэж хэн бэ?
Х.Х: Сэтгэхүйн гажигтай хүн л сэтгэлзүйчид ханддаг гэсэн ойлголт нэг хэсэг манайханд байсан. Гэтэл Европын дунд сургуулиудад ч сэтгэлзүйч бий.
А.Х: Сэтгэлийн эрүүл мэнддээ анхаарах нь гаж зүйл биш. Хүн шүдээ, биеэ эрүүл байлгахыг хүсдэгтэй л ижил зүйл. Сэтгэлийн ямар нэгэн эмгэгтэй, зан төлөвийн өөрчлөлттэй болсон хойноо л сэтгэлзүйчид ханддаг гэж ойлгож болохгүй. Сэтгэлзүйч, сэтгэл судлаач гэдэг нь бидний мэргэжлийн ерөнхий нэр. Жишээлбэл, Хандаа бол клиник сэтгэлзүйч, харин би консалтинг сэтгэл судлал буюу зөвлөгөө өгөх тал руугаа ажилладаг. Мөн судалгааны чиглэлээр мэргэшсэн хүмүүс ч бий.
П.Э: Хүүхэд тань таныг бухимдуулах, эсвэл ямар нэгэн хэцүү бэрх асуудлаас болж та хоол унднаасаа гарч, өдөр тутмын ажлаа хэвийн үргэлжлүүлж чадахгүй байна гэж бодъё. Энэ л таны сэтгэл зүй. Танд тулгарсан бэрхшээлийг даван туулахад туслах, хамтран ярилцах хүн нь бид. Түүнээс биш сэтгэлзүйч хүн бүх асуудлыг мэддэг гэгээнтэн биш. Өөр өөрийн мэргэшсэн чиглэлээр зөвлөгөө өгдөг. Тухайлбал би тоглоомын донтолттой хүмүүстэй ажилладаг. Өдгөө манайд мөрийтэй тоглоом, РС тоглоомд донтох нь их болсон байна.
А.Х: Би гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаагаар дагнан ажилладаг.
Х.Х: Би гэр бүл, хүүхдүүд, ялангуяа өсвөр насныхантай ажилладаг. Хүүхдүүдийн бие даан шийдвэр гаргах чадвар харилцан адилгүй. Асуудал гарлаа гэхэд хэнтэй зөвлөлдөхөө мэддэггүй. Хүүхдүүдийн асуудлыг нэлээд хүндэрсэн үед нь эцэг эх нь мэдэж, дагуулж ирдэг юм.
А.Х: Ярианы аргаар ана гаах гэж бидний ажлыг тодорхойлж болох юм. Бид эмийн жор бичдэг анагаах ухааны сал бараас ангид. Сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна гээд хувь хүний амьдралыг зааварчлах эрхгүй. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь би асуудлаа ярьчихвал энэ хүн надад зөвлөөд бүхнийг шийдчих юм байна гэж эндүүрдэг. Сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэдэг нь таны өмнөөс толь харуулж байна л гэсэн үг. Та надад амьдралаа ярина. Бид чиглүүлнэ. Үүндээ мэдээж мэргэжлийн онцлог, уншсан ном, арга техникээ ашиглана.
Х.Х: Хамтдаа сонсоно, хуваалцана, шийдвэр гар гана. Мөн тухайн хүнээ чадавхижуулна. Энэ л бидний ажил.
-Тэгвэл үйлчүүлэгч та нарт итгээд бүх амьдралаа ярилаа гэхэд нууцыг задлахгүй гэдгээ хэрхэн батлах вэ?
Х.Х: Энэ бол бидний мэргэжлийн ёс зүйд хамаатай.
А.Х: Их сургууль төгсөөд бакалаврын зэрэг авсан хүн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эрхгүй. Мастерын зэрэг хамгаалаад, ядаж хоёр жил удирдагч багштай дадлага хийсэн тохиол долд үйлчлүүлэгчтэй ганцаарчлан ажиллана. Энэ бол дэлхийн жишиг. Харин манайд зарим тохиолдолд зөрчигддөг байж магадгүй. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд онол биш таамаг бий. Мэдээж таамаг өөрчлөгддөг учраас бид байнга суралцах ёстой. Сэтгэлзүйчид тухайн хүн гэмт хэрэг хийх болон амиа хорлох тухайгаа нэгбүрчлэн төлөвлөн ярих, эсвэл гэмт хэрэгт холбогдолтой нь тогтоогдсон тохиолдолд хуулийн өмнө тухайн хүний нууцыг ярих үүрэгтэй. Түүнээс бусад тохиолдолд хувийн нууцыг чандлан хадгална.
П.Э: Ийм нууцлал байдгийг мэдэхгүй, эсвэл найддаггүйгээсээ болоод үйлчлүүлэгчид болгоомжлох нь бий.
Х.Х: Түүнээс гадна монголчууд хамтын сэтгэлгээтэй. Тиймдээ ч хүүхдээ дагуулаад зөвлөгөө авах гэж ирсэн ээж хүүхдийнхээ юу ярьсныг надаас сонсоно гэж боддог. Тухайн хүүхэдтэй ярьсан яриа бид хоёрын дунд л үлдэх учиртай. Үүнийг эцэг, эхэд нь тайлбарлан хэлдэг.
-Та бүхний ажиглалтаар монголчууд сэтгэл зүйн ямар асуудалтай хамгийн их тулгардаг вэ?
А.Х: Сэтгэл гутрал элбэг бий. Гэхдээ монголчууд сэтгэлийн хаттай учраас сэтгэл гутралд өртсөн ч түүнийгээ үл тоон ажилдаа цагтаа очиж, үүргээ гүйцэтгэсээр байдаг. Гаднынхан сэтгэл гутралд өртвөл орноосоо ч босож ча дахгүй, хоол унднаас гардаг. Сэтгэл гутарсан хэдий ч ажлаа хийсээр яваа хүмүүсийн ихэнх нь амиа хорлох талаар боддог юм.
-Сэтгэл гутралд өртсөн, үгүйг хэрхэн мэдэх вэ?
А.Х: Хэт их идэх, эсвэл хоол идэхгүй байх, дуртай зүйлээсээ таашаал авах гүй болж, цаашид юу хийхээ мэдэхгүй болно. Энэ байдал зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралд өртсөн байна гэж үзнэ.
Х.Х: Би сэтгэл гутралд өртсөн нэгэн эмэгтэйтэй хамтран ажиллаж байсан. Нөхөртэйгээ маш удаан амьдарч байгаа ч хүүхэд төрүүлээгүй. Түүний зэрэгцээ дотор эрхтний архаг хүнд өвчтэй. Анх уулзахад түүний сэтгэл гутрал нь даамжирч биеийн эрүүл мэндэд нь нөлөөлөн, хоёр хөл дээрээ зогсох тэнхэлгүй болсон байлаа.
-Тэр эмэгтэйд зөвхөн сэтгэл засал хийхэд хангалттай гэж үү?
Х.Х: Сэтгэл гутрал ямар төвшинд байгааг оношлох нь чухал. Оношлоод ажлын төлөвлөгөө гаргаж, амьдралын идэвхгүй болсон хүнээр хийх дуртай зүйлсийнх нь жагсаалтыг бичүүлдэг. Дээрх эмэгтэйн асуудал хэтэрхий хүндэрсэн тул эмийн эмчилгээ зайлшгүй хэрэгтэй байсан. Мөн гол асуудал нь хүүхэд. Хамтран ажилласны үр дүнд усан спортоор хичээллэж, эмчилгээ хийлгээд, ажилд орсон. Тэр ч бүү хэл одоо бие давхар болсон.
П.Э: Гэхдээ үр дүн зөвхөн сэтгэлзүйчээс шалтгаалахгүй. Хоёр талын хүчин чармайлт, хүсэл тэмүүлэл нөлөөлнө.
-Стресст орсон хүн бүр сэтгэлзүйчид хандах ёстой юу. Хүн өөрийнхөө сэтгэлийг засаад бухимдал, гутра лаас салж болохгүй юу?
А.Х: Болно. Угаасаа асуудлыг даван туулах хүн бүрийн сэтгэлийн тэнхээ харилцан адилгүй. Яг ижилхэн сэтгэл гутарсан ч долоо хоногийн дотор хэвийн болдог хүн байхад хэдэн жил уулзаж, ярилцах хүн ч байна.
П.Э: Үр дүн олон янз. Уулзалтын дараа тухайн хүн уураа зохицуулах чадвартай боллоо гэж бодъё. Энэ бол тодорхой хэмжээний үр дүн. Яг ийм үр дүн гарна гэж шууд баримжаалах хэцүү. Эцэг эхчүүд онлайн тоглоомд хүүхдээ донтчихлоо гээд бидэнд ханддаг. Гэтэл тэр хүүхэд нэг өдөр тоглоод л донтчихдоггүй. Удаан хугацаа зарцуулсан байгаа. Тухайн үед эцэг эх нь хүүхдээ анзаарааг үй л байгаа юм. Амьдралд нь ямар нэгэн зүйл дутагдсан үед хүүхэд таалагдсан зүйлээ олон дахин хийж байна. Түүнээс гадна донтолт гэдэг үгнээс айдаг, эвлэрдэггүй. Гэтэл ямар чухал асуудлыг орхиод компьютерийн ард тоглож байна вэ гэдгээс донтсон үгүй нь харагдана.
-Орц болгоны дэргэд тоглоомын газар байна. Найз нөхөдтэйгээ нийлж тоглох хүсэлтэй хүүхдээ яаж байнга хориглох вэ?
А.Х: Хүүхэд донтсон тохиолдолд тоглох хугацаанд нь хязгаар тогтоож, долоо долоо хоногоор багасгаж болно. Одоогоор хэвийн бай гаа ч тухайн тоглоомд хэтэрхий татагдаад байгаа бол “Даалгавраа хийчихвэл 10 минут тогло” гэх мэтээр урамшуулах маягаар тоглуулж болно.
П.Э: Ер нь тоглоомын дон даамжирвал аюултай. Мөрийтэй тоглоомоор жишээлэхэд эхлээд “Яаж тоглох вэ” гэж боддог байсан бол их мөнгө алдаад өрөнд орсныхоо дараа өрөө дарахын тулд тоглож эхэлдэг. Мөнгө зээлж, сүүлдээ залилна. Үүнээс болж гэмт хэрэгтэн болж, хилийн дээс алхан зугтаад, эцэст нь амиа хорлохоор завдсан хүнийг би мэднэ. Покерын дэлхийн аварга болоод 100 мянган доллар хожсон хүн баярлаагүй гэдэг. Учир нь түүний амьдралынхаа турш мөрийтэй тоглоомд зарцуулсан мөнгөний дэргэд 100 мянган доллар юу ч биш байгаа юм.
А.Х: Амиа хорлох хандлагатай хүмүүс бидэнд их ханддаг. Баруунд бол ийм хүмүүст зориулсан “Hot line” утас байдаг юм билээ. Яг амиа хорлох шийдвэр гаргасан хүнд зөвлөгөө өгч, гарах гарцыг нь заадаг мэргэжлийн байгууллага. Х.Х: Харин манайд амиа хорлохыг завдсан хүмүүсийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төв (хуучнаар ЭНЭШТ)-ийн Хоол боловсруулах замын эмгэг судлалын тасагт эмчлээд, ходоодыг нь цэвэрлээд гаргадгаас биш мэдээлэл өгч, сэтгэл засал хийдэггүй.
П.Э: Бидэнд хандаж байгаа хүмүүс гарах гарцаа олохоо больчихоод ирдэг. Тиймээс нэн түрүүн тэр хү- нийг амьдрах хүсэлтэй болгохын тулд хамтран ажиллах хэрэгтэй. Манай сэтгэл зүйн төвүүд бага насны хүүхдэд нэг цагт 5000, сургуулийн насныхан болон оюутнуудад 7500-8500, насанд хүрэгчдэд 10000-15000 төгрөгөөр зөвлөгөө өгдөг аж. Түүнчлэн сард нэг удаа нээлттэй өдөрлөг зохион байгуулж, үнэ төлбөргүй үйлчилдэг юм билээ.
Ж.СОЛОНГО
Эх сурвалж:
www.mongolnews.mn
сайн байна уу дээрх сэтгэл зүйчтэй хэрхэн яаж холбогдох вэ.
ReplyDelete