Зүйр цэцэн үгийн сэтгэл зүйн тайлбар

Уншигч та бүхэнд “Зүйр цэцэн үгийн сэтгэл зүйн тайлбар” номын тэргүүн дэвтэр хүрч байна. Утга зохиол судлаач, доктор Н.Энхтөр “Зүйр цэцэн үгийн хоймсон хураангуйн” тухайд бичихдээ зүйр цэцэн үгийг буух утгын тайлал, тайлбартай нь тусгайлан бэлтгэж гаргавал басхүү нэгэн хувилбарт ажил болох бололтой” (Монгол ардын зүйр цэцэн үгийн хоймсон хураангуй, 2012) гэж бичсэнийг уншаад зүйр цэцэн үгийг орчин үед ихээхэн хурдацтай хөгжиж буй сэтгэл судлалын шинжлэх ухааны зарим онол, туршилт судалгаатай холбон тайлбарлах нэгэн чухал санаа төрсөн юм.
    Зүйр цэцэн үгэнд шууд  утгаар  нь сэтгэл зүйн тайлбар хийхэд төвөгтэй ч агуулгын ерөнхий утга санааг эсвэл зарим хэсгийг сэтгэл зүйн онол, туршилт судалгаатай холбон тайлбарлах боломжтой. Зөвхөн нэг номын хүрээнд монгол ардын хязгааргүй олон зүйр цэцэн үгийг  сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй учир цаашид цуврал байдлаар энэхүү ном хэвлэгдэн гарах болно. Хүний тухай  сэтгэл  зүйн  мэдлэг  илэрдэг  эх  сурвалж  нь  зүйр  цэцэн  үг, домог, үлгэр, зүйрлэл байдаг.
     Урт удаан хугацааны туршид ард түмэн өөрийн хуримтлуулсан  туршлага,  мэдлэг  дээр  тулгуурлан  хүний  тухай,   хүний   сэтгэл зүйн өргөн хүрээтэй асуудлыг хамарсан зүйр цэцэн үгс, домог,  үлгэр,  тууль,  зүйрлэл  үг,  оньсого  зэргийг  зохиожээ.  Эдгээр  нь  үндэстэн,  ястнуудын  хувьд өөр хоорондоо ялгаатай ч гарал үүслийн хувьд, илэрхийлж  буй  санааны  хувьд  төстэй. Зүйр цэцэн үг, домог, үлгэр бол  хүнийг  таньж  мэдэх  найдвартай  эх сурвалж гэж үзэхэд бас учир дутагдалтай юм. Учир нь заримдаа өөр хоорондоо илэрхийлж буй утгын хувьд зөрдөг, бие биеийг үгүйсгэдэг, тайлбар хийхэд учир дутагдалтай тал бий.
      Зүйр  цэцэн  үг  бол  хүний  аж  төрөх  ёс,  зан  үйл,  амьдралын  олон талтай үзэгдэл болон юмсыг ойролцоо байдлаар  адилтган  зүйрлэж,  далдуур  утгаар,  сэтгэл хөдлөм  дүрслэн,  цэцэн  үгээр  илэрхийлдэг  хэвшмэл  хэллэг  юм.  Хоёр буюу дөрвөн мөрөөр үгийн толгой ба сүүл үеийг  холбож  шүлэглэсэн  хэлбэртэй  байдаг. Агуулгын хувьд өргөн бөгөөд утга төгөлдөр, хэлбэрийн хувьд богино бөгөөд утга адилтган жишсэн чанар бүхий зохиомжтой байдаг  учраас  хүнийг  сургаж, хүмүүжүүлэх нөлөөтэй  байдаг.  Эрдэмтэн,  зохиолч  Б.Содном  (1953)  “цэцэн үг, ард түмний өдөр тутмын аж амьдралд үргэлж хэрэглэгдсээр байдаг, ихээхэн  өргөн  дэлгэр  утгатай,  голдуу  товч  богино,  оновчтой, мэргэн  сургамжийн
чанартай, хүн ярианыхаа дунд, аль хэрэгтэй газартаа  санамсаргүй  юм  шиг  хэрэглэдэг нь олон үг хэрэглэж ямар нэг утга санааг гаргах бус хэлэх санааг хураамжилж өгдөг байна” гэж бичжээ.

Энэхүү номонд багтсан зүйр цэцэн үг бүрийг зөвхөн нэг л сэтгэл зүйн онол, эсвэл туршилтаар тайлбарлах боломжгүй тул уншигч та бүхэн өөрийн санаа бодлыг бичиж, бүтээлч шүүмжлэл дэвшүүлбэл зохиогч миний өчүүхэн зорилго биелэх болно.

Сэтгэл судлаач, доктор Г.Сарантуяа
/gurjavsarantuya@yahoo.com/