Медиа агуулга хүний сэтгэл зүйд

Нийгэм хөгжих тусам хүний хэрэгцээ нэмэгддэг болж байгаа нь нийгэм-сэтгэл зүйн үзэгдлээс тодхон харагдаж байгаа билээ. Урьд өмнө нь бид технологийн өндөр түвшинд хүрээгүй байхдаа энгийн хэрэгцээгээр амьдарч болоод л байдаг байсан ч нийгэм хөгжих тусам бид дэндүү бодлогогүй, гэнэн, бас хувь хүний хөгжлөө алдаад байгаа. Өөрөөр хэлбэл Платоны хүн бөөгнөрөх тусам гэнэн болдог гэсэн энгийн бөгөөд чухал зарчим бидэнд үйлчлээд буйг манай нийгэм хараахан ухамсарлаж чадахгүй байгаа хэрэг.
Бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйлс бидний хэрэгцээ байдаг. Тэдгээрийг эдэлж байж, дараагийн сэтгэл зүйн хэрэгцээгээ хангадаг нь хэзээ ч дуусашгүй хэрэгцээний гинжин хэлхээсийг санагдуулам.
Үүнийг дагаад бидний эд материалын хэрэгцээний салшгүй нэгэн хэсэг бол айл бүрийн хойморт байх телевиз, залуус бүрийн хэрэглээ болсон утас, дуу хөгжим, видео тоглоом, интернет гэх мэт тоочоод байвал барахгүй олон зүйлс бий. Тэгвэл эдгээр нь бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ гэхлээр хандлага, үнэт зүйлс, зан үйл, ухамсарт, тэр байтугай нийгмийн соёлд хүчтэй нөлөөлөөд байна. Энэ талаарх нэгэн сонгодог жишээг дурьдвал: Алдарт сэтгэл судлаач Алберт Бандура (1961) – гийн “Бобо хүүхэлдэйн туршилт” хэмээх судалгаанд тэрээр түрэмгий үйлдэл хийж байгаа гурван эмэгтэй хүний 5 минутын видео бичлэгийг дөрвөн өөр загвараар зохиож бага насны хүүхдэд үзүүлсэн. Тэдгээр хүүхдүүдийг санамсаргүй хуувиарлалтаар гурван өөр видео бичлэгийг үзүүлсэний дараа хүүхдүүдийн түрэмгийлэх зан үйлийн түвшин тус бүрээрээ ялгагдаж байсан болохоос туршилтанд орсон бүх хүүхдүүд түрэмгийлэх зан үйлийг даган дууриаж байсан. Тус видео бичлэгэнд бобо хүүхэлдэйг зодсон хүнийг урамшуулдаг учраас хүүхдүүд урамшуулсан зан үйлийг даган дууриасан хэрэг. Энэ бол даган дууриалт. Бихевиоризмын жишээн дээр ямар нэг зан үйлийг олон дахин хэвшүүлж, урамшуулж байвал тэрхүү зан үйл нь бэхжинэ гэж үздэг билээ.
Мөн телевизийн мэдээллээс шалтгаалж бидний сэтгэл түгшдэг. Сэтгэл түгшилт бол стрессорт хариу үйлдэл үзүүлж буй хэлбэр юм. Үүнтэй холбоотой нэгэн жишээг дурьдвал: Хойд, өмнөд Солонгосын асуудал мөн Японд болсон газар хөдлөлт, цунамигийн талаарх мэдээлэл, “7-р сарын 1”-ний үймээн зэрэг мэдээллийг хэт гуйвуулж олон нийтийг түгшүүрт автуулсан. Энэ үед хүмүүсийн сэтгэл зүй нийтээрээ тогтворгүй байсан бөгөөд сэтгэл хөдлөлийн айдас-түгшүүр олон нийтэд хэрхэн дамжин “халдварладаг”-ийн тод жишээг энэхүү нийгэм сэтгэл зүйн үзэгдлээс харж болох юм.
Missouri-Colombia их сургуулийн сэтгэл судлаач Craig A. Anderson-ы явуулсан судалгаанд видео тоглоом түрэмгийлэлд урт, богино хугацааны шууд хамааралтай байдаг гэжээ. Түрэмгийлэлтэй видео тоглоомыг түрэмгийлсэн бодол санаагаар тоглох нь түрэмгийллийн түвшинг улам нэмэгдүүлдэг. Энэ нь богино хугацаанд явагддаг. Харин урт хуганааны хамаарал нь илүү хор уршигтай. Тоглоомонд өрнөсөн түрэмгийлэлтэй бодол санаагаа хэрхэн биелүүлдгийг сурч улмаар бодит амьдрал дээрээ үнийгээ хэрэгжүүлдэг байна. Колорадогийн Колумбын ахлах сургуульд түрэмгийлэл, хүчирхийллийн түвшин видео тоглоомны хор уршигаас шалтгаалан нэмэгдэж буй бодит жишээг танилцуулбал: тус сургуулийн хоёр хүү “Doom” гэгч тоглоом тоглоод, тоглоомны гол утга учир нь устгах даалгавартай бэлтгэгдсэн цэргүүдээр тоглоомын үйл явдал өрнөдөг бас тоглоом нь маш түрэмшийллийн агуулгатай байдаг. Тэр хоёр хүү зэвсэгний хязгааргүй сонголттой, хэн ч тэднийг хөнөөж чадахааргүй болтлоо тоглоомондоо өөрсдийн гэсэн загвар, горимыг бий болгосон байв. Үнэн хэрэгтээ тэд сургуульд дээрээ дайралтанд өртөхөд юу хийх вэ гэдгийг тоглоомонд өрнөх тэдний үйлэл харуулж байгаа юм. Тестороны өндөр түвшин, видео тоглоомны аль аль нь эрэгтэй хүний түрэмгийлэлд илүү их нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг. Хүчирхийллийн агуулгатай тоглоомыг бусдад түгээнэ гэдэг “Чи дараа нь бусдыг хүчирхийлээд бай” гэсэн ойлголтыг бие хүний төлөвшилд суулгаж байгаа хэрэг шүү дээ.
Харин манай хүүхэд, залуус телевизийн мэдээллийг хэрхэн хүлээн авч буйг Я. Мөнгөн-Очир, М. Дугарсэд (2011) нар судалжээ. Эдгээр оюутнууд судалгаандаа өсвөр насны охидын дийлэнх олонх нь олон ангит киноны үзэгчид бөгөөд тэдний дунд олон ангит кино үздэггүй хүүхэд бараг байхгүй. Хөвгүүд өөрт тохиолдож буй үйл явдлыг ямар нэгэн кинотой адилтган үзэх бодол нь охидуудаас илүүтэйгүүр төрдөг. Телевизийн олон ангит кино нь бусад үндэстнүүдийн соёлын талаарх ойлголт болон мэдлэгийг өгч байгаа боловч киногоор өгүүлж буй утга санааг өсвөр насныхны шууд тусгаж авч байгаа нь тэдэнд амьдарч буй нийгмийнхээ талаар өрөөсгөл төсөөлөлтэй болоход нөлөөлж байна. 12-16 насныхны хувьд тэдний үздэг кино нь мэдлэг олж авах, зөв зүйтэй зүйлсийг сурж авах зэрэг эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа боловч тэдний суралцах цагаас хомсолж хорт зуршил, зодоон болон өшөө авах зэрэг муу үлгэр дуурайлал үзүүлдэг бөгөөд дийлэнх өсвөр насны охидын хувьд тэдний гадаад үзэмж, хувцаслалт болон имидж нь даган дуурайсан шинжтэй болж байна. Мөн телевизийн нэвтрүүлгүүдээр хэрэглэгдэж буй үг хэллэгийг харилцаандаа байнга хэрэглэж байна хэмээн дүгнэжээ.
Гэвч бид медиа агуулгыг шүүлтүүртэйгээр ухамсарлаж чадахгүй. Орчин үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд нөлөөлөх чадвараараа өнгөрсөн үед шашны үзүүлж байсан нөлөөтэй ижилт хэмжээтэй байна гэжээ. АНУ-д хийсэн судалгаагаар телевизийн хөтөлбөрт цаг тутам бэлгийн зан үйлийн арваас доошгүй жишээ дурдагдаж байна гэсэн тооцоо гарчээ. Бэлгийн амьдралын талаарх сэдвүүд нээлттэй байх нь зүйн хэрэг ч, энэ далимаар бэлгийн ёс бус агуулгыг цаг тутам түгээж байна. Кино, дууны клип, интернет, видео тоглоом зэрэг бүгд үргэлжийн мөнх бэлгийн агуулгатай байдаг нь бэлгийн гаж зан үйл, хүчирхийллийн нэгэн шалтгаан байж болохыг ч үгүйсгэх аргагүй.
Судлаачид хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд гурван нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоожээ (Brown & Steele, 1996).
Нэг дүгээрт, мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн олон талт амьдралыг үзүүлдэг тул хүмүүс болсон үйл явдлын талаар тунгаан бодож эхэлдэг. Хоёр дугаарт, нэвтрүүлэг бэлтгэж байгаа найруулагч өөрийн үзэл бодлоор юуг үзүүлэх, юуг үзүүлэхгүйг шийддэг тул хүмүүст мэдээллийг тулгах нэг хэлбэр болдог байна. Гурав дугаарт, хэвлэл мэдээллээс нь хүмүүс суралцдаг гэжээ.
Эерэг утга агуулга бүхий мэдээ бидний логик сэтгэлгээ, оюун ухаанд чиглэсэн байдаг боловч сөрөг утга агуулга бүхий уриа бидний сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг.
Хэдий медиа агуулгын зорилго хүний хэрэгцээг хангаж, бидний тусын тулд зориулагдаж байгаа боловч чамгүй олон сөрөг хүчин зүйлс байдгийг дээрх баримтуудаараа уншигч танаа бэлдлээ. Эцэст нь бид медиа агуулгыг шүүж чадахгүй, мөн тэдгээр агуулга нь бидний хандлагад нөлөөлж, цаашлаад зан үйлийн нэгэн шалтгаан болж буйг мэдэж авлаа. Харин энэ талаарх нийгмийн сэтгэл судлалын салбарын судалгаа, шинжилгээний ажил оюутнуудаас мөн судлаач эрдэмтдээс ч өнөөг хүртэл эрэлт хэрэгцээтэйгээр шаардсаар байгаа билээ.

Ашигласан материал:
  1. Хүний бэлгийн амьдрал. УБ., 2005
  2. Батболд Ш. Сэтгэл судлал сонгодгууд. УБ., 2010
  3. Мөнгөн-Очир Я, Дугарсэд М. Телевийн нэвтрүүлгүүд хүүхдийн сэтгэл зүйд эрдэм шинжилгээний ажил. УБ., 2011 
  4. http://www.echeat.com/essay.php?t=31031
Л. Энхтүшиг