Хөгжим тоглоход "ген" чухал уу ?


Хүүхэд (магадгүй одоо ч гэсэн) байхад төгөлдөр хуурын хичээл хэцүү санагддаг байсан уу? Оюун ухаан болон бие махбодь хар, цагаан товчлууруудыг дарахад нэгэн зэрэг “тохирч” чадахгүй байгаа мэт санагддаг. Хичнээн дуу хөгжмийн багш тань хичээвэл бүх зүйл болно, сайн давтах хэрэгтэй гэж хэлсэн ч нэг л болж өгдөггүй.  Сүүлийн үеийн судалгаагаар хүний зарим генүүд хөгжмийн авьяас хөгжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ.


Уг судалгааг Хелсинкийн их сургуулийн генетикч Irma Järvelä удирдан явуулсан ба судлаачид 767 хүүхэд болон насанд хүрэгчдийг хамруулсан юм. Судалгаанд оролцогчдын хөгжмийг хүртэх байдлыг хэд хэдэн стандарт тестийн тусламжтай судалсан. Энэхүү стандарт тест нь дууны өнгө, хугацаа болон хэмнэл зэргийг хэрхэн хүртэж байгааг илрүүлдэг. Мөн түүнчлэн судлаачид оролцогчдоос цусны дээж авсан.

Холбоосын шинжилгээ гэх аргын тусламжтайгаар судлаачид судалгаанд оролцогчдын “хөгжмийн авьяас” тестийн оноо болон ген хооронд хамаарал байгаа эсэхийг судалсан. Маш олон холбоо хамаарал илэрсэн. Үүнд: Судлуулагчийн “хөгжмийн авьяас” тестийн оноо их байхын хэрээр маш өндөр мэдрэмж (мэдрэмтгий) бүхий дотоод чихний хэлбэрийн гентэй байсан. Мөн тархин дахь дуу боловсруулах байдал маш нарийн бүтэцтэй байсан. Энэ судалгаа нь сонсголын эрхтэн хөгжмийн авьяас илэрхэд чухал нөлөөтэй болохыг нотолсон  анхны судалгаануудын нэг юм.

Ген ба Тархи

Өмнөх судалгаануудаар сонсголын эрхтэний ген нь дуу чимээг хүлээн авч, задлан шинжилж, ямар төрлийн дуу чимээ вэ гэдгийг таниулан ойлгуулдаг үүрэгтэй болохыг нотолсон. Энэ гений 7 нь дотоод чихэн дэх дун ясны үслэг эсүүд бүрэлдэхэд ороцлдог. Дун яс нь дуу чимээний долгионыг мэдрэлийн холбоос болгож өгдөг.

Өөр нэг ген нь доод хоёр толгод (colliculus inferior) бүрэлдэхэд оролцдог. / Доод хоёр толгод нь сонсголын доод төв бөгөөд дунд тархины ар талд байрлана./ Энэхүү доод хоёр толгод нь гаднаас хүлээн авч буй дуу чимээг тархины гадарга руу дамжуулдаг юм. Үлдсэн 6 ген нь хөгжимд хариу үйлдэл үзүүлэх сэтгэл хөдлөлийг удирддаг амигдалаг зохицуулахад нөлөөлдөг.


Энэхүү судалгааны эцэст судлаачид “хөгжмийн авьяас гэдэг бол нийлмэл зан байдлын хэлбэр... хүрээлэн буй орчны хүчин зүйл, жишээлбэл, бага насны хөгжмийн орчин; эцэг эх, ах эгч нарын үлгэр дуйраал; хөгжмийн боловсрол нь хөгжмийн чадварт нөлөөлдөг” гэж үзжээ.

Хүртэхүй ба Хүрээлэн буй Орчин

Судлаачид дараагийн удаа хөгжимтэй холбоотой ген болон хөгжмийн орчин хоёрын холбоог судлахаар төлөвлөж байгаа. “Хөгжмийг хүртэхтэй холбоотой яригдаж буй энэ ген нь бие хүний хөгжилд үр ашигтайгаар нөлөөлж байгаа эсэхийг судламаар байна” гэж Järvelä хэлжээ.

Järvelä болон түүний багийнхан молекулын түвшинд хөгжмийн сэтгэц заслын нөлөөг судлахыг зорьж байгаа. Сонсгол эсвэл ой тогтоолтын эмгэгээр зовж шаналж буй хүмүүст зориулсан хөгжимд суурилсан хямд бөгөөд хүртээмжтэй эмчилгээг бий болгоход энэхүү судалгааг үндэс болох юм. Ген, тархи болон хөгжим хоорондын холбоосыг илүү сайн ойлгож, судалсан цагт хөгжмийг хэрхэн ашигтайгаар хэрэглэх вэ гэдгийг мэдэж авна. Өөрсдийн оюун ухаантай илүү ойр болох боломжийг олгоно.




Бид биологийн амьтан тиймдээ ч генээс хамаарч зарим шинж тэмдэг бидэнд удамшиж хадгалагддаг. Гэхдээ орчны нөлөө үүнтэй дүүцэхүйц ач холбогдолтой болохыг олон судалгаагаар нотолсон байдаг. Хөгжмийн авьяастай байж л хөгжимчин болох уу? Хөгжимчин хүний хүүхэд л хөгжимчин болох уу? Та юу гэж бодож байна...

Б. Тунгалаг