Анна О гэж хэн бэ ?

Анна О гэж хэн бэ?Сэтгэл судлалын цөөнгүй сурах бичиг, ном зохиолуудад Анна О хэмээх бүсгүйн тухай дурьдсан байдаг. Магадгүй уншигч та түүний нэрийг хэдэнтээ сонссон буй за. Анна О бол сэтгэл судлаач биш, эрдэмтэн судлаач биш юм. Харин сэтгэл судлалын түүхийн хөгжлийн чухал үетэй  холбоотой өвчтөн юм. Түүний өвчнийг ер бусын гэлтэй.

1880-аад оны эхэн үеэр ирээдүйн домогт сэтгэл судлаач Зигмунд Фрейд анагаахын их сургуулийг сэтгэцийн эмчээр дөнгөж төгсөөд байсан үе юм. Тэрээр эмнэлэгт ажиллахдаа өвчтөнд өнөөх л эмийн жор бичих арга барилаас үнэндээ залхаж юу хийвэл дээр вэ гэдгийг хараахан ойлгохгүй байв. Энэ үеэр европ даяар Жан Шарко гэдэг хүний талаар шуугиж байв. Европын өнцөг булан бүрээс түүний лекцэд суухаар хүрэлцэн ирцгээдэг байв. Жан Шарко бол Францын сэтгэцийн эмч, ховсч юм. Тэрээр Месмер (Месмесризм) - ийг эс тооцвол бараг л анхны ховсч билээ. Хүн бүр түүний лекцэнд суухаар яарахын сацуу залуу эмч З. Фрейд ч гэсэн Парисыг зорихоор одов.

Лекцийн эхний өдрөөс л Шаркогийн яриа хүмүүст ид шидийн мэт хүрч байв. Шарко нэгэн бүсгүйг лекцийн танхимд дуудан гаргаад "энэ бүсгүй бол эпелипси (уналт, таталт өгдөг) өвчтэй юм" хэмээн тайлбарлаад залуу бүсгүйг ховсонд оруулж хормын төдий эмчилсэн гэдгээ өөрөө батлан хэлж байв. Үнэхээр түүний зөв байжээ. Тэр бүсгүй дахин ухаан алдаж унаагүй юм.

Шарко багшийн яриа ирээдүйн домогт сэтгэл судлаач З. Фрейдэд сэтгэгдэл төрүүлж чаджээ. Тэрээр цуврал лекцүүдийн турш анхааралтай сонсож аваад Вена дахь гэртээ буцан ирж мэргэжил нэгт Жозеф Брейрт сонссон дуулсан бүхнээ ийн ярьж гэнэ. Тэгтэл найз Жозеф Брейр хийрхэх (истери) буюу бие махбодын шалтгаангүйнгээр, хүмүүсийн анхаарлыг татахын тулд ухаан алддаг өвчтэй нэгэн эмэгтэйгийн жишээг түүнд ярьжээ. Энэ нь Шарко багшийн ярьсан эмчилгээний аргатай утга дүйх боловч бага зэргийн ялгаа бий юм. Шаркогийн санал болгосноор гагцхүү ховсонд оруулж өвчтнийг эмчлэх бол Брейрийн хувьд Анна О хэмээх саажилттай бүсгүйг ажиглаж байгаад "өвчтөн өөрийн шинж тэмдгээ илэрхийлэх тусам шинж тэмдгүүд арилж байна. Иймд өвчтөн эдгэрнэ. Энэ нь яриан эмчилгээ (Talking cure) юм" гэдэг санааг гаргажээ. Брейрийн зөв байв.  

Өвчтөн Анна О - гийн толгой нь их өвддөг, хий юм хардаг, нүд нь бүрэлздэг байв. Түүний өвчнийг ямар ч эмч эдгээж чадахгүй байсан бөгөөд тэрээр арга ядахдаа Брейрт хандсан юм. Брейр түүний амьдралыг нарийн судалж өмнө нь юу тохиолдсон бэ гэдгийг тодорхойлохоор эрмэлзэж байв. Улмаар асуудал тодорхой болж өвчтэй аавыгаа сахиж байхдаа мэдрэлийн ядаргааны улмаас түүний ухамсарт хуримтлагдсан шинж тэмдгүүд аажим аажимаар ухамсаргүйн түвшинд шахагдсан байв. Ухамсаргүйн түвшинд үлдсэн сэтгэгдэл, шинж тэмгүүд гарцаагүй дээрх шинж тэмдгүүдээр илрэх боломжтой бөгөөд үүнийг ажигласан Брейр болсон явдлыг бага багаар яриулснаар зовиурын шинж тэмдгүүд арилж байв. 

Энэ үйл явдал яагаад З. Фрейдтэй холбоотой гэж ? Уншигч та анзаарсан бол Брейр өөрийн чухал нээлтээ мэргэжил нэгт найздаа ам алдсаныг дээр зориуд дурьдсан билээ. Үүнийг сонссон З. Фрейд  Анна О - гийн кейсийг бараг хувьдаа ашиглаж аливаад үргэлж урдаа барих болсон юм. Үнэн хэрэгтээ З. Фрейд Анна О гэдэг өвчтөнтэй хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд Анна О гэдэг нь Фрейдийн зохиосон хуурамч нэр юм. Брейрийн өвчтний жинхэнэ нэр нь Берта Паппенхейм байжээ. Фрейд Бертагийн нэрийг өөрчлөхөөс гадна болсон үйл явдлыг бэлгийн амьдралтай холбосон юм. Тэд ийнхүү дайснууд болсон.

З. Фрейд, Ж. Брейр нар яагаад муудалцсан бэ ? Энэ үйл явдлаас хойш сайн найзууд хэзээ ч бие биентэйгээ уулзаагүй гэдэг. Бүр Фрейд Брейрийн оршуулган дээр ч очоогүй юм. Судлаачдын бичсэнээр Фрейд угаас бэлгийн амьдралын сэдвийг онцгой үздэг учир Бертагийн кейс ба өвчний шалтгааныг бэлгийн амьдралтай холбоотой эсэхийг байнга шалгаж, нотлохыг хичээдэг байж. Үүнд л Брейр үнэнхүү дургүйцжээ.

Брейртэй муудалцсанаас хойш Фрейдийн амьдрал дардан зам мэт байсан гэж хэлж болно. Түүний зохиол, судалгаа уншигч олонд хүчтэй хүрч байлаа. Анна О - гийн кейс нь психоанализонолын үндэс болсон, харин психоанализ онол нь сэтгэл судлалын үндэс болсон хэмээн мунхаг би боддог юм. Эгзэгтэй торгон мөч байжээ.

Л. Энхтүшиг