Бүтээлч байх нь эрсдэлтэй юу?


Өдөр бүр алдартай жүжигчид (Philip Seymour Hoffman), дуучид (Amy Winehouse) эсвэл зохиолчид (Christopher Hitchens) залуугаараа архи эсвэл хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амь насаа алдаж байна. Үүнээс үүдэн дараах асуулт урган гардаг: Архи, хар тамхи хэрэглэх нь бүтээлч үйл явцыг дэмжиж өгдөг үү?  Хэрэв зохиолч Christopher Hitchens их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан бол ийм их нэр алдард хүрсэн байх болов уу?


Агуу зохиолчид “агуу архичид” байсан бөгөөд тэдний нэрсийн жагсаалт дээрх асуултад үгүй гэж хариулна. Жишээ нь: Хемингуэй, Фицджеральд, Керак, Капоте, Паркер, Чандлер, Чеевер г.м. Явцуу өнцөгөөс харан дээрх баримтуудыг харвал согтууруулах ундаа эсвэл хар тамхиний хэрэглээгээ хянаж чадахгүй байх нь бүтээлч үйл явцыг дэмжиж өгч тусладаг гэсэн дүгнэлт хийхэр байна. “Эхлээд та архи хэрэглэж эхлэнэ, дараа нь архи байнга хэрэглэнэ, сүүлд архи таныг нөмөрөн авна” хэмээн Фицджеральд хэлсэн байдаг.

Архи эцэст нь юунд хүргэж байна вэ? Заримдаа энэ нь эмгэнэлт төгсгөлд хүргэдэг. Маш бүтээлч хүмүүсийн амьдрал согтууруулах ундаа, хар тамхинаас болж богиносч, үгүй болсон. Энэхүү хүмүүсийн авьяас чадвараас болж тэдний үйлдэлийг донтолттой холбож харах нь амархан байдаг. Эсвэл тэдний бүтээлч чадварыг согтууруулах ундаа болон хар тамхины хэрэглээгээр тайлбарлах хандлагатай байдаг.

Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар согтууруулах ундаа эсвэл хар тамхинд толгойгоо мэдүүлсэн хүмүүсийн оюун ухаан, амьдрал илүү бүтээлч, амжилттай байдаггүй. Scientific American сэтгүүл дээр Жон Хопкинсийн Их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн нейро-судлаач Давид Линден-ээс бүтээлч чадвар болон донтолт хоёрын хооронд холбоо байгаа юу гэж асуухад “Үгүй” гэж хариулсан. Шалтгаан болон эндүүрэл давхцдаг.

Донтолт бол өвчин, амжилтад хүргэх дөт зам биш юм. Согтууруулах ундаа болон хар тамхитай тэмцэж байгаа алдартай, авьяас билэгтэй хүмүүсийг хайрлаж, ойлгож, бүх талаар дэмжих хэрэгтэй. Гэхдээ тэдний согтууруулах ундаа болон хар тамхины хамаарлыг бүтээлч байдлын эх үүсвэр гэж харж болохгүй.

Бид бүтээлч байдал хаанаас урган гардгийг мэднэ. Давид Шенк өөрийн бүтээл болох “The Genius in All of Us: New Insights into Genetics, Talent and IQ” номондоо гоц авьяас билэг бол эрсэдэлтэй зүйлээс урган гардаггүй, харин бидний удирдаж болох, удирдаж чаддаг зүйл байдаг. Шенк хэлэхдээ “хосгүй авьяас болон амжилт гэдэг бол эртний илрүүлэлт, ер бусын зааварчилгаа, байнгын бэлтгэл, гэр бүлийн халамж болоод хүүхдийн сурах гэсэн эрмэлзэл зэргийн нэгдмэл үр дагавар юм.”

Бүтээлч байдал, амжилтанд хүрэх энгийн томьёлолыг ашиглахыг Шенк санал болгосон. Тэрээр хэлэхдээ “Амттай талх хийж байгаатай адил зөв хэмжээтэйгээр эдгээр бүх орц байх ёстой бөгөөд зөв цагт орцыг холих хэрэгтэй. Ингэж чадвал бүх зүйл зөв болно.” Өөрөөр хэлбэл энэ үйл явцыг бүхэлд нь удирдаж болохгүй ч тогоочын үйл явцыг удирдах байдал буурвал амттай талх барих магадлал багасна.

Бүтээлч хүмүүсийн аливаа зүйлийг харах эсвэл хийх байдал нь жирийн хүмүүсийнхээс өөр байдаг гэдэг үнэн.  “The Unleashed Mind: Why creative people are Eccentric /Яагаад бүтээлч хүмүүс этгээд байдаг вэ?/ гэсэн номондоо Шелли Карсон бүтээлч байдал болон этгээд байдал хоёр ихэвчлэн ижил шалтгаантай байдаг. Энэ нь бид мэдээллийг хэрхэн боловсруулж байгаатай холбоотой юм. Бидний оюун ухаан маш их хэмжээний мэдээллийг хүлээн авч байдаг. Тиймээс танин мэдэхүйн шүүлтүүр үүнийг шүүж байдаг. Ингэж шүүхгүй бол бид энэ их мэдээллийг хүлээн авч чадахгүй.      

Харин бүтээлч хүмүүс тэр хязгаарлалт руу нэвтэрч, боломжит бүхий л мэдээллийг танин мэдэхүйн талбарт оруулдаг. Тэд энэ өргөн мэдээллүүдийг ер бусын аргаар боловсруулах, эмхлэн цэгцлэх хэрэгцээ тулгардаг. Энэ үзэгдлийг Карсон “танин мэдэхүйн гацалт” хэмээн нэрлэсэн ба үүнийг тайлбарлахдаа “одоогийн зорилго эсвэл оршин тогноход хэрэгцээгүй мэдээллийг тоохгүй байж чадахгүй байдал” гэжээ.   
Ертөнцийг өөр өнцгөөс харах энэ чадвар /хайрцагаас гадуур сэтгэх/ ёс суртахууны аюул эрсдэлийг дагуулж байдаг. Энд бүтээлч байдлын жинхэнэ эрсдэл оршино. Ертөнцийг өөрөөр харах нь дүрэм журамыг өөрөөр харахыг өөртөө багтаадаг.

Psychological Science сэтгүүлд Фрацеска Гино болон Скотт Вилтермут нар бичихдээ “дүрмийг зөрчих гэж гаргадаг гэсэн нийтлэг хэллэг нь бүтээлч гүйцэтгэл болоод шударга бус зан үйлийн уриа мэт. Шударга бус байдал нь хүмүүсийг илүү бүтээлч болгоход түлхэдэг гэсэн шинэ баримт руу хүргэж байна.” Гино болон Вилтермут нар дүгнэхдээ “шударга бус аашилснаар хүмүүс илүү бүтээлч болж, өөрсдийн зүй бус зан үйлээ илүү бүтээлчээр зөвтгөх байдалд хүргэдэг. Тиймээс тэд илүү шударга бус авирлана.”

Бүтээлч байдал бол эрсдэлтэй бизнес. Гэхдээ амьдралаа удирдах чадвараа алдаж, согтууруулах ундаа, хар тамхинд толгойгоо мэдүүлснээр бүтээлч байдал бий болдоггүй. Бүтээлч байдал нь бүтээлч хүмүүсийг, тэдний хийсэн бүтээсэн зүйлийг шүтдэг хүмүүсийг муу зан үйлээ зөвтгөхөд хүргэдэг учраас эрсдэлтэй юм.

Б. Тунгалаг