Та ажлын байран дээрээ стресстэж байна уу?

Та ажлын байран дээрээ стресстдэг үү? Үүнийг хэрхэн давах аргаа мэдэхгүй бухимдаж байна уу? Тэгвэл бид энэ удаад та бүхэнд ажлын байран дахь стрессээр дагнан ажилладаг Нью Йорк хотын клиник сэтгэл судлаач доктор Мерилин Пудер-Йоркын сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

Америкчууд байгуулага, тэр дундаа ажлын байр, ажилчиддаа онцгой ач холбогдол өгдгөөрөө алдартай. Америк компаниуд ажилчдаа хэдийгээр шаргуу цаг наргүй ажиллуулдаг мэт харагдавч тэд ажилчдынхаа амралт ажлын цагийн хуваарийг нарийн зохицуулж чаддаг.2007 онд Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгээс явуулсан үндэсний хэмжээний санал асуулгын дүнд Америкчуудын 75%  нь тэдний хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөөлж байдаг стрессийг үүсгэгч хүчин зүйлүүдийг хянаж, тэдгээрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх аргуудыг хэрэглэж, ажлын байран дахь стресст чухал ач холбогдол өгдөг бол үлдсэн хэсэг нь харин амралтын цагаа зөв зохицуулж чадаагүйгээс болж стресст өртөж үүнээс улбаалан шинэ ажил хайж эхлэх тухай бодож эхэлдэг байна. Ажлын байрны стресс ажилчдын хувьд маш чухал  шийдвэрлэх асуудлын нэг байдаг тул Америкийн бизнесийн байгууллагууд ажилчдын ажил таслах зуршил, хөдөлмөрийн бүтээмжийн бууралт, ажилчдын халаа сэлгээ зэрэг ажлын байрны стрессээс болж үүсэх сөрөг нөлөөг бууруулахын тулд ажилчдын эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг үйлчилгээнд жил бүр ойролцоогоор 300 тэрбум ам доллар зарцуулдаг байна.

Стресс нь хүний бие физиологид шууд нөлөөлдөг. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс явуулсан судалгаагаар хүмүүсийн 75%-д нь стрессээс болж толгой өвдөх, ядаргаанд орох, цухалдах, ходоод гэдэс хямрах, сэтгэлээр унах, нервтэх зэрэг сөрөг шинжүүд илэрч байсан байна.

Америкчууд ажлын байран дээр стресстэх явдал нь хувийн амьдралд нь хүртэл шууд нөлөөлж байгааг хэлж байна. Судалгаанд оролцогчдын тэн хагас нь ажлын байран дээр үүссэн стрессээ тайлж чадаагүйгээс гэртээ бухимдах, гэр бүлийнхэндээ уураа гаргах зэрэг сөрөг үйлдлүүдийг гаргадаг талаар дурдсан байна.

“Тэр ч бүү хэл техник, технологийн дэвшил ч хүртэл хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж, стресс үүсгэх гол хүчин зүйлсийн нэг болж байна. Хүмүүсийн хоорондох “амьд” харилцаа байхгүй болж интернет, сошиал ертөнцөөр бие биентэйгээ харилцаж байгаа нь “амьд бус” хиймэл харилцааг үүсгэж байгаа нь стрессийн түвшинг нэмэгдүүлдэг” гэж Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн Сэтгэл Судлаач доктор Девид Баллард үзжээ.
Хүмүүс тамхи татах, их хэмжээгээр идэх, буруу хооллох, идэвхигүй байх, архи болон согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэх зэрэг амьдралын буруу зуршлаар стрессээ тайлж байна. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн эрдэмтэд хүмүүсийн энэ буруу зуршил урт удаан хугацаанд үргэлжилсээр байвал эрүүл мэндэд маш ноцтойгоор нөлөөлдөгийг анхааруулаад хэрхэн зөв замаар стрессээ тайлах талаар зөвлөж гаргажээ. Үүнд:

Өөрийгөө ол. Өөрийнхөө стрессийн түвшинг тодорхойлж, яг ямар шалтгаанаас болж стресстээд байгаа шалтгааныг олохыг хичээ. Хүмүүс маш олон шалтгаанаас болж стресстэж байдаг.

To-Dolist буюу  төлөвлөгөө гаргаж сур. Та ямар нэг чухал зүйлээ хийхээ мартчихвал яана гэж санаа зовдог уу?, Дотроо бодож төлөвлөсөн зүйлсээ бүгдийг нь хийж гүйцэтгэсэн байдаг уу? Тархин дахь илүү мэдээллийг “устгаж” бүгдийг цаасан дээр буулгаж, хамгийн чухлаас эхлээд бүгдийг жагсаан бич. Мэдээж дараа нь тухайн ажлын бүтээмж хэр байсан талаар тэмдэглэх нь чухал. Нэг талаар таны тархи амарч, нөгөө талаар таны ажлын бүтээмж өснө.

Хэсэг хугацаанд амралт ав. Ажлын үеэр дасгал хийх, гүнзгий амьсгал авах, биеийн чилээг гаргаж суниах зэргээр хийж буй ажлаасаа хэсэг зуур ч гэсэн хөндийрч өөрийгөө цэнэглээд ав. Ингэж бага зэрэг завсарлага авсны дараагаар таны анхаарал дээд зэргээр төвлөрч, дараагийн ажлаа үр бүтээлтэй хийж гүйцэтгэдэг байна. Цаг тутам 10-15 минут ингэж сэргэлт авснаар та “алдсан” цаг хугацаандаа хийх ажлаа хэд дахин нугалах хэмжээгээр өндөр бүтээмжтэй ажилладаг байна.

Стрессийг тайлах “эрүүл” аргыг сонгох. Амьдралын буруу хэв маягаас татгалзаж, дасгал хөдөлгөөн хийх, найзууд болон гэр бүлийнхэнтэй цагийг өнгөрөөх зэргээр эерэг үйлдлээр стрессээ тайлах хэрэгтэй. Буруу зуршлаа бага багаар засч, нэг нэгээр нь хаях нь илүү үр дүнд хүргэнэ. Гэнэт бүгдээс татгалзана гэдэг сэтгэлзүйн хувьд ч тэр маш хэцүү байдаг. Магадгүй зарим зуршлаасаа та татгалзаж чадахгүй байх тохиолдол бий. Энэ үед та мэргэжлийн сэтгэлзүйчдэд хандаж, зөвлөгөө авч болох юм.

Өөртөө анхаарал тавь. Сайн амарч, эрүүл хооллож, идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Иогоор хичээллэж, алхалт хийж, фитнесс клубт явж, спортоор хичээллэж байх нь биеийн болон сэтгэлзүйн том дасгал болж байдаг. Өөртөө амралт олгож, найз нөхөдтэйгөө салхин гарч байхад ч гэмгүй. Эсвэл өөрийн дуртай кофе шопт дуртай номоо уншаад суух ч бас нэг төрлийн тайвшрал юм.

Мэргэжлийн хүнээс тусламж хүс. Стрессээ зохицуулахдаа гэр бүл найз нөхдөөсөө тусламж хүс. Тэд таныг юунд дуртай, юуг хамгийн сайн чаддаг болохыг танд хэлээд өгнө. Хэрвээ шаардлагатай тохиолдолд та өөрийн ажил олгогчид “Стрессийг зохицуулах нь” сэдвээр сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж ч болно. Энэ нь ажил олгогчийн зүгээс таны төлөө хийх ёстой зайлшгүй зүйлсийн нэг юм. 

Л. Сарангэрэл