Биднийг өөрчилж буй технологийн 8 нөлөө




Техник технологи нь хүний бие махбод, амьдралын хэв маяг, зан байдлыг өөрчилж байна. Биднийг өөрөөр сэтгэж, мэдэрч, бүр өөрөөр зүүдлэхэд хүргэж байна. Бидний ой тогтоолт, анхаарал болон нойрны мөчлөгт нөлөөлж байна. Энэ нь “нейропластицит”-н үзэгдлээр (neuroplasticity) тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл энэ үзэгдэл нь шинэ туршлагад тулгуурлан зан байдлаа өөрчлөх тархины нэг шинж /чадвар/ юм. Шинэ мэдээлэл, хүртэхүйн өдөөгч, гэмтэл, үйл ажиллагааны алдагдалд хариу үйлдэл үзүүлж тархин дахь мэдрэлийн эс болон мэдрэлийн холбоосууд хоорондын холбоос, зан байдлаа өөрчлөх үйл явцыг нейропластицид үзэгдэл гэж ойлгоно.

Бидний сэдвийн хүрээнд шинэ туршлага гэдэгт интернэт болоод харилцааны бусад технологийн тусламжтай олж авч буй мэдээллийг ойлгоно.

Зарим когнитив судлаачид технологи нь тархинд эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Бидний амьдралыг зохион байгуулалттай болгож, их юм бодож оюун ухааныг ачаалалд оруулахаас чөлөөлж өгдөг хэмээжээ. Харин зарим судлаачид технологи анхаарал төвлөрөлтийг бууруулж, биднийг бүтээлч бус, тэвчээргүй болгон хувиргаж байна хэмээн шүүмжилдэг.

Аль аль талын судалгаа, үзэл бодол маргаантай байдаг. Гэхдээ асуудлыг ингэж хоёр талаас харах нь технологи бидний оюун ухааныг хэрхэн өөрчилж буйг ойлгуулахад илүү дөхөм болгоно.

Технологи биднийг ямар байдлаар өөрчилж, ямар нөлөө үзүүлж буйг жагсаан бичлээ. Эерэг, сөрөг хоёул бий.  

1. Бид өнгөтөөр зүүдэлдэг

Телевиз нь бидний сэтгэцэд шууд нөлөөлдөг. Бидний зүүдэнд хүртэл нөлөөлдөг. 2008 онд Шотландын Дундии Их сургуулийн эрдэмтэдийн явуулсан судалгаагаар бага байхдаа хар цагаан телевизор үзэж өссөн 55-аас дээш насны хүмүүс хар цагаанаар зүүдэллэх нь их байсан. Харин өнгөт технологи дунд өссөн залуу үеийнхэн ихэвчлэн өнгөтөөр зүүдэллэж байсан.  2011 онд Америкийн сэтгэл судлалын холбоо /APA/ энэ судалгааг дахин хийж баталсан.

1900 оноос 1950-д онд хийгдэж байсан зүүдний зарим судалгаанууд хар цагаан телевизор үзэх болон хар цагаанаар зүүдлэх хоёрын хооронд холбоо хамаарал /корреляци/ байна гэдгийг тогтоосон. 1960-д оноос өнгөт кино болон өнгөт телевизор бий болсонтой холбоотойгоор өнгөтөөр зүүдэллэх болсон.

2. Бид ОАА-г /FOMO/ мэдэрдэг

Шар мэдээ алдарт хүмүүсийн сонин амьдралыг харуулахдаа сайн. Гэхдээ “орхигдохоос айх айдас” /fear of missing out FOMO/ - ыг The New York Times сэтгүүлд ийнхүү тайлбарлажээ “сошиал медиа-г гүйлгэн харах үед үүсэх түгшүүр, үл нийцэл болон бухимдлын нийлбэр”. 


Инстаграм, Фейсбүүк гэж байхгүй байхад амралтын өдрүүдийг гэртээ чимээгүй өнгөрөөе гэж бодсон хүмүүс хундага вино ууж, дуртай сувгаа үзэхдээ магадгүй үл ялиг уйтгартай мэдрэмж мэдэрдэг байх. Учир нь тэд олны дунд орж хөгжилтэй байж чадахгүй болохоор... Харин сошиал медиа бий болсноор байдлыг улам муутгах болсон. Тансаг үдийн зоог, үдэшлэгийн зураг, пост харж, мөн найзуудын цагыг хөгжилтэй өнгөрөөж буй бичлэгийг үзээд энэ мэдрэмж улам нэмэгддэг. Хэдий эдгээр үйл ажиллагаа таны зугаацах хэлбэр биш боловч та энэ гэнэтийн сэтгэл хөдлөлийг лавтай мэдэрнэ. “Яг одоо би өөр зүйл хийх хэрэгтэй биш гэж үү?” гэж бодогдож байгаа нь л ОАА юм.

Инстаграм юм уу Пинтерест дээр найзынхаа тавьсан хоолны зургийг хармагц өөрийнхтэйгээ харьцуулж таны идэж буй хоол амтгүй санагддаг болохыг  нотолсон судалгаанууд ч байдаг.

3.  ...“хуурамч чичиргээ сонсох синдром”

Бидний утас дуугараагүй байхад дуугарч байгаа юм шиг санагдах үзэгдэл. 2012 онд Computers and Human Behaviour /Комьютер болон Хүний зан үйл/ сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд 290 оюутан оролцсоны 89% нь “хуурамч чичиргээ” мэдэрдэг гэж хариулжээ. Утас нь чичирээгүй байхад чичирч буй мэт санагдах бие махбодийн мэдрэмж хоёр долоо хоногт нэг удаа ажиглагддаг гэжээ. Эмнэлэгийн ажилчдаас авсан асуулгын үр дүн мөн ижил байсан.     

Нэгэн сэтгэл судлаач хэлэхдээ бие махбодийн мэдрэмжүүд, жишээлбэл, загатнах зэрэг нь тархинд утас чичирч байна гэх буруу мэдээлэл болж очин, буруу тайлбарлагдаж болно. 

Энэ үзэгдлийг хүмүүс төдийлөн анзаардаггүй, ач холбогдол өгдөггүй ч энэ мэдрэмж сэтгэцийн тулгамдсан асуудлаас ч илүү аюултай.

4. Бид унтаж чадахгүй байна.

Бид “техно-шүтэгчид” унтахдаа хажуудаа лаптопныхоо гэрлийг асаан, хөгжмийн тайвшруулах ая сонсон нойрсох нь хэвшил болж. Зарим нь iPad дээрээ The Hunger Games номны бүлгийг уншиж өдрийг дуусгаж байх жишээтэй. Гэхдээ бидний амгалан тайван шөнө, нойрны хэмнэлтэй хамт алдагдаж байна.



Лаптоп, таблет болон смарт утаснуудын дэлгэцээс цацарч байгаа гэрэл хүний биеийн “дотоод гэрэл”, нойрыг дэмжигч гормонуудтай холилддог гэж  нейро-шинжээчид үзэж байна. Гэрэлтэй орчинд унтах нь таны тархинд өдөр болж байна гэсэн дохиог өгч “хууралт” явагдана. Тиймээс хүний дотоод нойрны цагт маш их нөлөөлнө. Бидний нүд дэлгэцээс цацарч байгаа цэнхэр гэрэлд маш мэдрэг байдаг. Энэ нь нойрсох үйл явцыг илүү төвөгтэй болгодог, нэн ялангуяа нойргүйдлээр шаналж байгаа хүмүүст энэ нь нойрсолтыг бүр удаашруулна.   

5. Бидний ой тогтоолт тийм ч сайн биш, анхаарал ч мөн адил...

Дээр, дээр, бүүр дээр үед механикаар цээжлэх нь сайн чадвар гэж үнэлэгддэг байсан. Маш сайн чадвар, сурагчид ой бүхэл бүтэн номыг цээжээр унших даалгавартай байдаг байсан. Google байгаа өнөө цагт ямар ч мэдээллийг хэдхэн хоромын дотор бид гартаа оруулж чадна. Бид мэдээллийг цээжлэе гэж бодохоо болисон. Мозамбекийн нийслэл юу вэ гэдгийг цээжлэх ямар хэрэг байна? Siri апликейшн-с асуухад л хангалттай биш гэж үү?

2007 онд нейро-шинжээчид 3000 хүнээс судалгаа авчээ. Судалгааны үр дүнгээс харахад насны хувьд залуу оролцогчид хувийн ерөнхий мэдээллүүдийг, жишээлбэл, хамаатнуудынхаа төрсөн өдөр, өөрийн утасны дугаар г.м., санах чадвар муу байсан. Мөн адил, судалгаагар тооны машин хэрэглэх нь математикийн энгийн чадваруудыг бууруулдаг болохыг тогтоожээ.

Зарим хүмүүс GPSгүйгээр хот дотроо жолоо барьж чаддагүй.
Сошиал медиа болон интернэт нь бидний анхаарлын багтаамжыг багасгаж байна. Дижитал медиад автагдсан хүн ном урт хугацаагаар уншихад төвөгтэй байдаг ба үг бүрчлэн уншиж байснаас онлайнаар мэдээллийг гүйлгэн уншихыг илүүд үздэг. Энэ үзэгдэл залуу үеийнхэнд их тулгардаг ба асуудал үүсгэх болсон. Тэдний тархи илүү уян хатан чанартай байдаг учир төвлөрөх чадвар хөгжихөд саад болох магадлалтай.

6. Бидний харааны чадвар илүү сайн...


2013 онд хийгдсэн нэгэн судалгаагаар видео тоглоомууд, жишээлбэл, Halo болон Call of Duty, шийдвэр гаргах байдал болон харааны чадварыг сайжруулдаг болох нь тогтоогдсон. Энэ тоглоомууд тоглогчдыг харааны дохионууд дээр үндэслэн богино хугацаанд шийдвэр гаргахыг шаарддаг. Ингэснээр харааны талбай дахь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж, орчны жижиг зүйлсийг илрүүлж задлан шинжлэх чадвар сайжирдаг. Видео тоглоомчид бүрэнхий орчинд эд зүйлс хоорондын ялгааг олохдоо сайн байдаг.

Харин хэцүү, стратегийн тоглоомууд жишээлбэл, Starcraft, тархины “танин мэдэхүйн уян хатан байдал”-ыг сайжруулдаг. Өөрөөр хэлбэл нэг даалгавраас нөгөө даалгаварт шилжих чадвар юм. Ийм байдлаар олон даалгаврыг нэгэн зэрэг амжилттай гүйцэтгэх чадвар сайжирна.

7.  ...түрэмгийллийг удирдах чадвар сул

Харамсалтай нь 2013 оны энэ судалгаа видео тоглоом (Halo) нь тоглогчдын түрэмгий зан байдлаа жолоодох чадварт саад хийдэг гэдгийг харуулсан. Хүчирхийлэлтэй нөхцөл байдалд тоглогчдыг түргэн шийдвэр хийлгэх байдалд оруулах нь “проактив удирдлагын хяналтыг” саатуулдаг гэж судлаачид үзсэн. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс бодит амьдрал дээр аливаа нөхцөл байдалд түргэн, бодлоггүй, ухаалаг бус, дайсагнасан, түрэмгий байдлаар хариу үйлдэл үзүүлэх нь элбэг.

Мөн бусад судалгаанууд дээрх үр дүнг баталж байгаа. Хүчирхийлэл агуулсан видео тоглоом (мөн бусад хүчирхийллийн агуулгатай медиа)болоод түрэмгий байдал хоёрын хооронд холбоо хамаарал илэрсэн.

8. Бид илүү ихийг бүтээнэ

Уран бүтээлчдэд ч тэр жирийн хүмүүст ч тэр аль алинд нь технологи креатив медиа ашиглах боломжийг олгож байна. Зохиолч Клай Ширкей – н үзэж буйгаар интернэт нь “когнитив илүүдэл” – г нэмэгдүүлдэг. Хүмүүс дуртай зүйлдээ цагаа зарцуулж, танин мэдэхүйн асар их хэрэгтэй мэдээллийг цуглуулж байна. Соёл, мэргэжил, нас, хүйс, боловсролоос үл хамааран хүмүүс үзэл бодлоо хуваалцаж, туршлага солилцож байна. Сошиал медиа нь “хуваалцах соёл” - ыг /culture of sharing/ сурталчилдаг учир хэрэглэгчид өөрсдийн зүйлсийг бүтээж, бусадтай хуваалцах хүсэлтэй байдаг. Энэ нь Flickr альбом, номны шүүмж, Википедиад мэдээлэл өгөх, DIY төсөл ч байж болно.



Drive: The Surprising Truth About What Motivates Us номны зохиолч Даниел Пинк хэлэхдээ: “Бид аливаа зүйлийг яагаад ямар сэдэлтэй хийдэг вэ? гэж асуувал... Тэр зүйл сонирхолтой, бидний оролцоотой, зөв зүйл болохоор бид хийдэг, өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа болохоор л бид хийдэг...


Өөрчлөлт бүхэн хэцүү байдаг...өөрчлөлтийг хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлэх нь таниас шалтгаална...


Б. Тунгалаг