Хүн төвт сэтгэл засал
Хүн төвт сэтгэл засал (албан ёсоор үйлчлүүлэгч төвт сэтгэл засал гэдэг)-ыг хүмүүнлэгийн бие хүний онолч Карл Рожерс үндэслэсэн юм. Энэхүү хандлагын зарчим нь хүн бүр төрөлхийн эрүүл сэтгэл зүйтэй бөгөөд өөрийгөө идэвхжүүлж чадна гэж сургадаг. Сэтгэл зүйн зөрчил нь бодгаль өөрийнхөө чухал үнэт зүйлс-төлөв байдлаа (мэдрэмж, туршлага) үгүйсгэхээр үүсдэг гэж үздэг. Учир нь тэдгээрийг бодгаль хүлээн зөвшөөрөх боломжгүй байдаг. Хүний зан чанарыг ойлгох, чөлөөтэй байлгахад нь дэм үзүүлж, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх орчин хэрэгтэй. Үр дүнд нь өөрийгөө ойлгож, сэтгэцийн эрүүл мэндэд нь тустай байдаг.
Сэтгэл засалчийн гол үүрэг бол бодгалийг хүлээн зөвшөөрүүлж, эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ. Эмчилгээг хүлээн авч буй хүнийг өвчтөн гэхээсээ илүү үйлчлүүлэгч гэх бөгөөд эмчилгээний явцад тэд дүрд идэвхтэй тоглох болдог. Энэхүү шууд бус хандлагад сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн амьдралыг өөрчлөх зааварчилгаа, зөвлөгөө өгдөггүй. Харин үйлчлүүлэгчийг бүрэн ойлгоход шууд чиглэж тэдний мэдрэмж, хариу үйлдлүүдийг ариусгадаг. Рожерсийн үзсэнээр сэтгэл засалч чин сэтгэлээсээ байж, үйлчлүүлэгчийн мэдрэмжийг хуваалцаж, эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлж, энэрэнгүй сонсогч байх хэрэгтэй юм.
1980 онд бичсэн Рожерсийн "A Way of Being" номондоо хүн төвт сэтгэл засалчид байвал зохих үнэнч байдал, нөхцөлт бус эерэг хүндэтгэл, эмпати гэсэн гурван чадваруудыг онцолсон байдаг. Үнэнч чанар гэдэг нь нээлттэй, шударга, сэтгэлээсээ байхыг хэлнэ. Үүний ачаар сэтгэл засалч үйлчлүүлэгч хоёрын харилцаа нь баттай байх юм. Мөн сэтгэл засалч үйлчлүүлэгчээ нөхцөлт бус эерэг хүндэтгэлээр авч үзэх ёстой. Тэднийг үргэлж сайн хүн, утга учиртай, нууц хүч чадал бий гэж үзэж эмчилнэ. Эмпати бол үйлчлүүлэгчийн мэдрэмж, хүртэхүй зэргийг ойлгохыг хэлдэг. Эмпатигийн явцад сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн мэдрэмж, санаа бодлыг өөртөө тусган авч үйлчлүүлэгч өөрийгөө сэтгэл засалчаас олж харах боломжийг олгодог. Сайн сэтгэл засалчийн өөр нэгэн чадвар бол идэвхтэй сонсогч байх юм. Ингэсэнээр бусдыг ойлгох эмпати чадвар өсөн нэмэгдэнэ. Улмаар үйлчлүүлэгч юу хэлэх нь сэтгэл засалчид сонин биш, харин эмчилгээний явцад өөрөөр нь дүгнэлт хийлгэх нь чухал ажээ.
Хүн төвт сэтгэл засалд үйлчлүүлэгч өөрийнхөө зан чанар, асуудал, далдлагдсан туршлага, мэдрэмжүүдээ чөлөөтэйгөөр мэдэрч эхлэнэ. Эцэст нь үйлчлүүлэгч өөрийгөө сайн ойлгож, хүлээн зөвшөөрнө.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: