Клиник сэтгэл судлал гэж юу вэ?

Сэтгэцийн өвчин, эмгэг зан үйл, сэтгэцийн асуудалтай хүмүүсийг эмчилж, мөн оношилдог сэтгэл судлалын салбарыг клиник сэтгэл судлал гэж нэрлэдэг. Хамгийн анх сэтгэл судлалын туршилтын лабораторыг байгуулсан, Германы сэтгэл судлаач Вилгельм Вундтын шавь Лайтнер Витмер 1907 онд бичсэн илтгэлдээ клиник сэтгэл судлал хэмээх нэр томъёог анх ашиглаж байв. Харин өнөө үед клиник сэтгэл судлал нь сэтгэл судлалын дэд салбаруудын хамгийн нэр хүндтэй нь болоод байна. 
Клиник сэтгэл судлалын боловсрол. АНУ-д клиник сэтгэл судлаачид Psy. D буюу Сэтгэл судлалын ухааны докторын зэргийг хүртэж, мөн клиник сургалтанд суралцсан байдаг. Тус салбарт ажиллахын тулд боловсролын түвшний хувтд маш тэвчээртэй байх шаардлагатай бөгөөд бакалаврын зэргийг хүртсэний дараа МA-д 4-6 жилийн турш суралцдаг. 
Клиник сэтгэл судлалын салбарт Psy. D мөн Ph. D гэсэн боловсролын зэргүүдийг хүртэх боломжтой байдаг. Ерөнхийдөө Psy. D зэрэг нь практикт чиглэсэн, Ph. D зэрэг нь судалгаанд чиглэсэн сургалтын хөтөлбөртэй байдаг. Клиник сэтгэл судлалын чиглэлээр суралцах оюутнууд юун түрүүнд сургалтын хөтөлбөрийг "Америкийн Сэтгэл Судлалын Холбоо" баталсан эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Харин Англид клиник сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй докторантууд "Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээний Газар"-аас баталсан хөтөлбөрийг судалж клиник сэтгэл судлалын докторын зэргийг хүртэх боломжтой байдаг (Clin. Psy. D). Оюутнууд клиник сэтгэл судлалын чиглэлээр дээрх хөтөлбөрүүдийн аль нэгээр суралцахыг хүсвэл Их Британы Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн шаардлагаар бакалаврын зэрэгтэй, мөн ажлын туршлагатай байж клиник сэтгэл судлалын ангид элсэх боломжтой.
Клиник сэтгэл судлаачдын ажлын байр ба үүрэг. Тэд гол төлөв эмнэлгийн хүрээнд, хувиараар, эсвэл коллеж, их сургууль гэх мэт академик хүрээнд ажилладаг.

Клиник сэтгэл судлаачдын ажлын үүрэг:
  • Сэтгэл зүйн эмгэг, өвчнийг оношилох ба дүгнэх
  • Сэтгэл зүйн эмгэг, өвчнийг эмчлэх
  • Хуулийн хүрээнд гэрчийн мэдүүлгийг өгөхөд туслах
  • Хичээл заах
  • Судалгаа удирдан явуулах
  • Архи, сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралтай болсон өвчтөнийг эмчлэх
  • Нийгмийн асуудлаас урьдчилан сэргийлэх, зогсоох гэх мэт хөтөлбөрт үйл ажиллагааг зохиох
Клиник сэтгэл судлалын хандлагууд:
  • Психодинамик хандлага. Энэ нь хүний зан үйлд ухамсаргүйн оюун ухаан чухал үүргийг гүйцэтгэдэг гэж үздэг З. Фрейдийн хандлага юм.
  • Когнитив зан үйлийн хандлага. Тус хандлага нь когнитив ба зан үйлийн дэг сургуулиудын дундаас үүссэн. Энэ чиглэлээр ажиллаж буй клиник сэтгэл судлаач нь үйлчлүүлэгчийн мэдрэмж, бодол санаа, зан үйл зэрэг нь хоорондоо хэрхэн үйлчилж байгааг анхаарч судалдаг. 
  • Хүмүүнлэгийн хандлага. Абрахам Маслоу, Карл Рожерс гэх мэт хүмүүнлэгийн сэтгэл судлаачдын үүсгэн байгуулсан тус хандлага нь үйлчлүүлэгийн хүч чадлыг өөрт нь ойлгуулж, улмаар идэвхжүүлэх зорилготой ажилладаг.
Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг