Анхаарлын тухай цогц ойлголтууд ба Сайжруулах аргууд



Юуны түрүүнд анхаарал гэж юу болохыг тайлбарлая. Танин мэдэх үйл ажиллагаа нь анхаарлаас эхэлдэг. Хүний аливаа үйл ажиллагаа нь ямарваа нэгэн тодорхой обьектыг (зүйлийг) сонгон авч түүн дээр анхаарал төвлөрөн чиглэхийг шаардаж байдаг. Тодорхой обьект буюу тодорхой үйл ажиллагаан дээр хүний ухамсрын үйл ажиллагаа чиглэн төвлөрөх үйл явцыг анхаарал гэж нэрлэдэг ажээ. Анхаарал нь олон обьектуудын дундаас ямагт нэгэн зүйлийг шилэн сонгож түүн дээрээ чиглэн төвлөрөх онцлогтой бөгөөд хүний сэрэл, хүртэхүй, ой тогтоолт, сэтгэхүй, зохион бодох зэрэг сэтгэцийн процессуудтай нягт холбоотой хөгжиж тэдгээрийн үйл ажиллагааг үлэмж үр бүтээлтэй болгодог юм. Анхаарал төвлөрүүлэх чадварыг сургах хамгийн гол алхам бол огт  юу ч уншихгүй, дуу хөгжим сонсохгүй, тамхи татахгүй, архи уухгүйгээр гав ганцаараа байж сурах явдал гэж тайлбар толинд бичжээ. Анхаарлаа төвлөрүүлж чадна гэдэг бол гав ганцаараа байж чаддаг байна гэсэн үг юм.

Дээрх тодорхойлолтоор бол бидний ухамсар аливаа зүйлийг шилэн сонгож, ганц л зүйлд төвлөрөх чадамжтайг өгүүлсэн байна. Магадгүй зарим хүүхэд, залуус хичээлээ давтангаа дуу сонсох, бусадтай ярилцах зэрэг олон үйлдлийг зэрэг хийж чаддаг байж болох юм. Гэвч олон үйлдлийг зэрэг хийх нь тэдгээрт нэгэн зэрэг анхаарлаа төвлөрүүлж байна гэсэн үг биш. Жишээ нь та өөрийгөө ажиглаад үзээрэй. Ном, сонингийн текст уншихдаа бидний хараа зөвхөн тодорхой үг, өгүүлбэр, мөрийг л фиксаци (шилэн сонгох) хийх болно. Хэрэв тийм биш бол (бидний ухамсар цогц бүхий байсан бол) бид нэг хуудсыг хэдхэн секундын дотор уншиж, бүтэн зохиолыг хэдхэн минутанд дуусгахаар тийм гоц чадамжтай байх байсан. Тиймээс анхаарлаа сайжруулна гэдэг нь олон зүйлийг зэрэг хийх миф ойлголт биш юм. Насанд хүрэгсдийн анхаарлын тогтворжилтын дээд хугацаа ердөө 20-25 мин байдаг. Ихэнхи оюутан залуусын хувьд хичээл дээрээ яагаад уйддаг, яагаад анхаарал нь сарнидаг нь нэг талаасаа төрөлхийн шинж боловч сурган хүмүүжүүлэх ухаан, боловсролын сэтгэл судлалын гол зорилго нь суралцагчийн идэвхи тэмүүллийг өдөөх, сургалтыг үр ашигтай байлгах арга зүйг бүтээхэд л оршдог. Тиймээс уншигч та дээрх салбарын ном, зохиолуудаас сургалтын явцад хэрхэн суралцагчийн анхаарлыг татаж болох, мөн өөрөө хэрхэн үр бүтээлтэй суралцах аргуудад суралцах нь нээлттэй билээ.

Дараагийн мэдэх авах ёстой ойлголт бол анхаарал төвлөрч чадахгүй байх асуудал. ADHD буюу Анхаарлын Хомсдол, Хэт Хөдөлгөөний Эмгэгийг зан үйлийн ба хөгжлийн эмгэгт хамааруулж авч үздэг. Тус эмгэг нь гол төлөв сургуулийн бага ангийн, сургуулийн өмнөх насны хүүхдэд тохиолдох нь элбэг. Гэвч сүүлийн үед хэт их мэдээллийн урсгал, сошиал медиа, телевиз, видео тоглоомын уршигаас анхаарал хомсдлын эмгэгтэй хүмүүсийн нас улам залуужиж буй тухай янз бүрийн сэтгүүл, эрдэм шинжилгээний өгүүлэлд дурьдаж байна. ADHD эмгэгтэй хүүхэд анхаарлаа төвлөрүүлэхэд маш хэцүү. Үйлдэл, шийдвэр (зан үйл) гаргахад ч түвэгтэй. Судалгаагаар хүүхдүүдийн 3-5 хувь нь, мөн АНУ-д ойролцоогоор 2 сая хүүхэд ADHD эмгэгтэй байдаг гэж үзвэл 25-30 хүүхэдтэй анги тутмын нэг хүүхэд нь ADHD эмгэгтэй байх магадлалтай юм. Монголын нөхцөлд анхаарал тогтворжилтын хомсдолтой хүүхдийг ажиглалтаар л илрүүлнэ байх. Ийм хүүхдүүд хичээлийн үеэр зүгээр сууж чаддаггүй байхаас гадна багшийн зааж буй хичээлд ч төвлөрч чадахгүй.

Доктор Хейнрик Хоффманы бичсэн "The Story of Fidgety Phillip" номонд анхаарлын хомсдолтой хүүхдийг анх тайлбарлаж байсан юм. Дараа нь Сир Жорж Ф.Стилл эрдэмтэн 1902 онд хэт хөдөлгөөнтэй ба зан үйлийг асуудалтай бүлэг хүүхдүүдийн тухай цуврал илтгэл бичиж клиник талаас нь анх тайлбар хийсэн байсан юм. Түүний үзсэнээр энэхүү эмгэг нь удамшлын нөлөөтэй, мөн эцэг, эхийн сурган хүмүүжүүлэх арга барилаас шалтгаалдаг гэжээ. 

ADHD эмгэг илрэх нийтлэг гурван шинж тэмдгүүд:

Анхаарал сулрах
Хэт хөдөлгөөнтэй болох
Өөрийн мэдэлгүй үйлдэл хийх

Анхаарлаа сайжруулах аргууд:

№1 Нэгэн зэрэг олон зүйл хийх гээд хэрэггүй. Дээр дурьдсанаар хүний ухамсар ганц л зүйлд төвлөрөх чадамжтай байдаг гэсэн. Мөн дийлэнхи эрдэмтдийн дурьдаж байгаагаар хувьслын үр дүнд хүн өөрт хамгийн аюултай (шаардлагатай) зүйлийг түрүүлж хардаг болсон гэнэ. Тийм бол олон зүйл зэрэг хийлээ таны ухаан санаа шал ондоо газар тэнүүчилж, бие махбодь тань шаардлагагүй зүйлсээ хийсээр байдаг гэсэн үг. Хөдөлмөрийнхөө бүтээмжийг дээшлүүлье гэвэл ганц л зүйлд төвлөрөх хэрэгтэй.

№2 Хэрэв ганц зүйлд төвлөрөөд бүтээмж дээшлэхгүй аваас анхаарал төвлөрөх дээд хугацаа 20 мин байдагийг санаарай. Та 5x5 буюу 5 минут амраад (өөр зүйл хийж өөрийгөө сэргээх) 5 минут ажлаа хийх аргыг хэрэглээд үзээрэй. ЕБС-ийн сурагчдад ч бас үр дүнтэй арга юм.

№3 Шаардлагагүй бол техник, төхөөрөмжүүдээ унтраах хэрэгтэй. Анхаарал хомсдлын гол шалтгаан нь телевиз, интернет, видео тоглоом, гар утас зэрэг орчин үеийн техник, төхөөрөмжүүд байдагийг дээр дурьдсан. 

№4 Бясалгал хийх нь анхаарал төвлөрөхөд ашигтай. Бясалгалын явцад хүний мэдрэхүйд ирэх гадаад, дотоод цочроолуудыг блок хийснээр ухамсар заримдаа трансд ордог. Эсвэл цорчоолууд ирэх олон замуудыг хааж зөвхөн нэгийг нь нээх буюу үнэрлэх, амтлах, сонсох, харах зэрэг зөвхөн нэг мэдрэхүйгээ л ашиглана гэсэн үг. 

Л. Энхтүшиг