Фройд "ГомоСексийн" тухай гар захидал



1935 он, 4-р сарын 9

Проф, Доктор. З.Фройд

Хадагтай танаа /Нэрийг нь нууцалжээ/

Би бээр хүүгийн тань бэлгийн чиг баримжаа гомосекс болохыг дурьдсан таны захидлыг хүлээн авлаа. Хүүгийнхээ талаар мэдээлэл өгөхдөө гомосекс гэх нэр томъёог огтхон ч дурьдаагүй тань миний гайхшралыг ихээр төрүүлж байна. Юуны учир зайлсхийх болсноо тайлбарлаж болох уу ? Бэлгийн чиг баримжаа нь гомосекс байлаа гээд ямар ч давуу тал байхгүй нь мэдээж. Тэглээ гээд үүнээс ичих, эсвэл дутагдалтай тал, оюуны бэрхшээл хэмээн ойлгох ёсгүй. Ерөөс ижил хүйстнээ сонирхох явдлыг өвчний ангилалд багтаах боломжгүй. Бидний хувьд бэлгийн үйл ажиллагааны (чиг баримжааны) өөрчлөлт, ондоошил нь түүний хөгжлийн үе шатад тохиолдох гацалтаар (фиксац үүсэх) тодорхойлогддог гэж үздэг. Эртний, орчин цагийн олонд танигдсан, аугаа хүмүүсийн цөөнгүй хэсэг нь гомосекс байсныг энд хэлье (Платон, Леонардо Да Винчи, Микеланжело гэх мэт). Иймд гомосексийг гэм зэм хэмээн буруушаах, эсвэл түүнд харгис шийтгэл оноохын аль нь ч асар шударга бус явдал болно. Та үл итгэх аваас Хавлок Эллисийн ном, зохиолуудтай танилцахыг санал болгож байна. 

Надаас тусламж эрэхийн учир нь миний бие гомосекс чиг баримжааг болиулж, түүнийг нь буцаагаад гетеросекс (эсрэг хүйстнээ сонирхох) болгож чадна хэмээн найдсаных биз ээ. Хариултыг нь хэлье. Ерөнхийдөө ийм ажилбар амжилтанд хүрнэ гэж баттай хэлж чадахгүй. Үгүй болсон гетеросекс дур хүслийг ажилбарын дүнд бий болгох нь маш ховор. Мөн эмчилгээний үр дүнг ч шалгах боломжгүй байдаг.

Иймд би таны хүүд өөр аргаар л тусалж чадна гэсэн үг. Хэрэв хүү тань гутранги, невротик шинжтэй, зөрчилтэй, нийгэмшээгүй бол түүнийг гомосекс эсэхээс үл хамааран өндөр бүтээмжтэй, тайван зантай, нийтэч болгоход нь миний анализ тусалж юуны магад. Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа бол хүүгээ надтай уулзуулах хэрэгтэй. Таны хүү Венад ирэх эсэхийг мэдэхгүй ч миний бие ойрын хугацаанд гадагшаа явах төлөвлөгөөгүй байна. Хариу захидал илгээхээс бүү төвөгшөөгөөрэй.

Таныг хүндэтгэсэн,

Фройд


(Энэхүү захидлыг нэрт сексологич Алфред Кинси 1955 онд Америкийн сэтгэцийн эмгэг судлалын холбооны сэтгүүлд хэвлүүлсэн байна) 

Энэхүү захидал нь гомосексийн талаар Фройдын үзэл баримтлалыг тодорхой өгүүлдэг. Үүнд дурьдсанаар бэлгийн чиг баримжаа нь Фройдын тайлбарласнаар бэлгийн хөгжлийн үед (sexual development) буюу бага насанд үүсдэгийг элдэв хоёрдмол санаагүйгээр бичжээ.

Орчуулсан Л.Энхтүшиг