Зигмунд Фройд мэндэлсний 159 жилийн ой



“Алдар нэр хүнийг үхсэний дараа ирдэг. Хүмүүс амьддаа бие биенээ хангалттай хайрлаж чаддаггүй болохоор хэн нэгэн үхсэний дараа, хэлэх үг нь огтоос хэрэгцээгүй болсон хойно  л  дурсан магтдаг юм.”

Зигмунд Фройд

1856.05.06

XX зууны аугаа сэтгэгч, психоаналист Зигмунд Шломо Фройд одоогоос 159  жилийн өмнө, тавдугаар сарын энэ өдөр төв европын өндөр уулсын дунд орших Австри улсын Морави /Өнөөгийн Чех улсын Прибор / хотноо үслэг эдлэл, бөс барааны худалдаачин Якоб Фройд /1815 -1896/ болон Амала Натансон /1835 - 1930/ нарын ууган хүү болон мэндэлжээ. Амала Натансон нь түүний эцэг Якоб Фройдын гурав дахь эхнэр бөгөөд түүнээс хорин насаар дүү болохын зэрэгцээ Якобын хүүхдүүд болох Филипп, Эммануэл гэсэн хоёр дагавар хүүгийн ээж юм. Хожим 21 насандаа өөрийн нэрээ өөрчлөн Зигмунд Фройд болгон өөрчилсөн тэрбээр нэрт сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч, неврологич байсан төдийгүй ХХ зууны урлаг, уран зохиол анагаах ухааны томоохон төлөөлөл гэдгийг үгүйсгэх хүн байхгүй. “Зигмунд Фройдын ажил, амьдрал” хэмээх бүтээлээр дамжуулан түүний намтарыг бичиж олон нийтэд түгээсэн Эрнист Жонес /Ernest Jones/ -ийн бүтээлд дурьдсанаар "Бидний ухамсарт орших далд ертөнц хийгээд түүний нууцыг нээж өгсөнд нь З.Фройдод бид бүх талаар өртэй" гэсэн нь түүнийг ямар чухал хүн болохыг харуулж буй хэрэг биз.



Инфографикыг Б.Батжаргал

Түүний ээж Амала түүнийг ихэд онцгойлон “Миний алтан Зиги” /My Golden Sigi/ хэмээн өргөмжилж, З.Фройд бол сэтгэл хөдлөлийн мэдрэмж тун сайтай /the sentimentalism/ бөгөөд ээжийн халуун хайранд өссөн тэрбээр дүү нар дотроо “Ялагч” байх, бусдаас “Амжилтын мэдрэмж”-ийг илүү мэдрэх нь амьдралд нь чухал нөлөөтэй болохыг хүүхэд байхаас л ойлгосон аж. Харин эцэг Якоб Фройдын еврей хүмүүсийн хошин шогийн гойд мэдрэмж, амьдралын нугачаанд өвдөг сөхрөхгүй байх тэвчээр хатуужил, либерал үзэл болон чөлөөт сэтгэлгээг дууриасан нь хожмын үйл хэрэг, амьдралын замналд нь чухал нөлөө үзүүлсэн байна. Мөн эцэг нь түүнд нэг бус удаа гар хүрч байсан байна. Учир нь тэрбээр үргэлж эцэг эх нь түүнийг онцгойлон авч үзэн тусад нь өрөө гаргаж өгсөн ч өөрийн өрөөнд бус эцэг эхийнхээ унтлагын өрөөнд бие засдаг байсан нь ёс журмыг ихэд дээдэлдэг гэр бүлд энэхүү үйлдэл нь бүдүүлэг санагдаж ихэд ундууцан бухимдлаа илэрхийлэхдээ “Энэ хүүхэд хэн ч биш болно” хэмээн зандардаг байсан эцгийнхээ энэ үгэнд З.Фройд ихэд талархалтай ханддагаа дурссан байдаг. Эцгийнх хэлсэн энэ үг түүнийг ихээр шаналгаж байсан хэдий ч зүүдэндээ нэг дүр зургыг байнга зүүдэлдэг нь ирээдүйн ажил хийгээд амьдралын замналын ахиц дэвшил байсан аж. Эцгийгээ уурлах бүрт тэрээр “Та намайг хэн болохыг хараарай, Юу ч болсон би хэн нэгэн л болох болно” хэмээн эцэгтээ хэлж байсан гэдэг. 

Түүний бас нэгэн гоц чадвар нь бичих юм. Тэрбээр багаасаа л Шекспир, Фома Аквин, Платон, Гётегийн эссэ, зохиолуудыг шимтэн уншихын сацуу өөрөө өөрийгөө олон хэлнээ зохиол бичих эрдэмд дадлагажуулж байсан байна. Түүний зэрэгцээ Филисофийн зохиол бүтээлүүдийг орчуулдаг байсан аж.



З.Фройд бол еврей үндэстэн бөгөөд энэ нь түүний мэргэжил, гэр бүл бүтээлүүдэд сөргөөр нөлөөлөх тохиолдол цөөнгүй байсан аж. Тухайлбал тухайн үеийн тогтсон хандлага, бичигдээгүй хуулийн дагуу анагаах ухаан, хуулийн салбарыг л сонгодог байсан учир 1873 онд Венийн их сургуулийн анагаах ухааны факультетид элсэхдээ бусад оюутнуудаас 3 жил илүү буюу 8 жил суралцаж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд Германд амьдарч байхад нь Гитлерийн нацист дэглэмийн нөлөөгөөр түүний бүтээлүүдийг шатаажээ. Нэг удаа аавтайгаа алхаж явахад нь хажуугаар зөрсөн нэгэн түүнд хандан “Чи бол Еврей, тиймээс замаас зайл” гэсэнд аав нь юу хийж чадаагүй байна. Энэ явдал түүнд гутамшигтай санагдаж аавыгаа хүчгүй, сул дорой гэж бодох болжээ. Нацист дэглэмийн шахалтан дор 4 эгчээ алдсан зэрэг олон үйл явдал түүнд тохиолдсон. Гэвч энэ бүхэн түүнийг хурцалж, хүч өгч байсныг тэр онцлон тэмдэглэдэг ба Жүүдийн шашинд итгэдэггүй, бүх шашин бол хүн сул дорой, хүч чадалгүй гэх төрөлхийн мэдрэмжээ давахын тулд соёл иргэншлийг бий болгосон хуурмаг үзэгдэл гэж үзжээ.

Амьдралын түвшин доогуур байсны дээр санхүүгийн байдал нь улам хүндрэн 4 настай байхад нь аавынх нь бизнес дампууран Моравигаас тэс өөр дуу чимээ, хур тунадас ихтэй тухайн үеийн соёлын томоохон хотуудыг нэг болох Австрын Венад /түүнээс өмнө Лейпциг/ ирж суурьшин амьдралынхаа 78 жилийг өнгөрөөсөн байна. 


1876 он, Гэр бүлийн хамт

З.Фройд сурлага сайтай хүү байсныг түүний гимназид байх үе болон ямагт анги дэвшин суралцахдаа онц үнэлгээг өөртөө бий болгож байснаас харж болно. Их сургуульд суралцаж байхдаа, мөн төгсөөд үргэлжлүүлэн хэд хэдэн жил З.Фройд хэрэглээний биологийн асуудлыг сонирхон судлаж байв. Их сургуулийн дэргэдэх физиологийн институтын захирал Эрнест Брюккегийн удирдлага дор ажиллах явцдаа тэрбээр хүн болон амьтны үр хөврөлийн судалгааг хийж, орчин үеийн мэдрэлийн эс судлалын салбарын үндэс хэд хэдэн чухал ажиглалтыг хийсэн юм.

Фройдийн хувьд дараагийн жил их чухал үе байлаа. Тэрбээр 1882 оны 06 сарын 17-нд Марта Бернайстай сүй тавьжээ.  Амьдралын эрхээр 4 жил хол ажиллаж амьдарч байсан тэд 1886 оны 09 сарын 14-нд хуримаа хийж 3 хүү, 3 охины эцэг эх болцгоосон ба бага охин Анна Фрейд нь эцгийнхээ мэргэжлийг өвлөн авч аавынхаа дэвшүүлсэн онолын урсгалд үндэслэн сэтгэл судлалын салбарт томоохон өөрчлөлтийг бий болгосон билээ.  Үүнээс өмнө тэрбээр ганцхан Платоны бүтээлүүдийг сонирхон уншдаг байсан бол Мартатай танилцсанаар түүнд ихээхэн нөлөө үзүүлснээр философийн зохиолуудыг гүнзгий судалж эхэлжээ. Энэ оныхоо 11 сард эрдэмтэн өөрийн дотны найз Йозеф Брейрийн өвчтөн О.Аннатай танилцсан. Үүний дараагаар Фройд тархины анатомийг судлахаа больж, сэтгэл судлалын судалгаа хийж эхэлсэн байна.


О.Анна буюу Берта Пафемхаймын /1859 - 1936/ түүх З.Фройдийн бүтээлд онцгой нөлөө үзүүлсэн бөгөөд эцгээ алдсан охинд саа өвчин, арьсны мэдрэмжийн өөрчлөлт, хэл яриа болон харааны эмгэг өөрчлөлт зэрэг хийрхлийн хам шинж үүссэн байсан ба И.Брейр түүнийг анх ховсын аргаар эмчлэх оролдлого хийж байсан бөгөөд 2 хүрэхгүй жилийн дотор эхнэрийнхээ хардалтаас болоод эмчилгээгээ зогсоосон ажээ. Брейер өвчтнийг орхин Венеци явах болсон бөгөөд З.Фройд тэр үед Гаврт Францын эмч Пьер Жанегийн өвчтөнийг эмчилсэн арга барил нь З.Фройд Ухамсаргүйн тухай онолоо боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. 2011 онд энэ тухай өгүүлэх Холливуудын найруулагч Девид Крононбергийн “Аюултай арга барил” (Dangerous Method) хэмээх бүтээл хийгдсэн ба мөн найруулагч Жеймс Камеруны алдарт “Титаник” дээр ч түүний бүтээл ишлэлүүдийн талаар өгүүлдэг билээ.

Ингэснээр З.Фройдийн өмнө мэдрэлийн эмгэгийн шинжтэй хийхрэл, түүнийг эмчлэх ховсын арга гэсэн хоёр том асуудал гарч ирэв. Анагаахын практикт дадлага хийх замаар уг асуудлуудад шинжлэх ухааны хариу өгөхөөр З.Фройд Вена хотын эмнэлэгт, мэдрэлийн салбарт ажиллах болжээ. Хожим тэрбээр тухайн үед неврозын талаар юу ч ойлгоогүй байжээ хэмээн бичсэн байдаг. З.Фройд 1885 онд доцент цол авсаныхаа дараа Парист мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Сальпетриерийн мэдрэлийн өвчтний  эмнэлэгт  мөн оны 10 сарын 13-ныг хүртэл ажиллажээ.

Парист Ж.Шаркогийн толгойлсон Мэдрэлийн эмгэг судлалын францын дэг сургууль түүний сонирхлыг ихэд татсан байна. Түүний нөлөөгөөр З.Фройд хийрхэл юуны өмнө дуурайх, баашлах замаар илэрдэг бөгөөд түүнийг шинжлэх ухааны үндэстай судлах шаардлагатай болохыг ойлгосон байдаг. Түүнээс гадна энэ өвчний шалтгаан физиологийн гэмтлээр биш, харин сэтгэл зүйн хүчин зүйлээр тайлбарлагдах ёстой гэж үзжээ. Түүнээс гадна З.Фройд Парист мэдрэмжийн талаар бүтэн эргэлт хийсэн гэхэд болно. Тэрбээр И.Брейерийн О.Аннагийн кейсд хэрэглэж байсан шиг хийрхэл, сексологийн хүндрэлийн өмнө ухарч няцахгүй байж сурсан бөгөөд неврозыг илүү нарийвчлан судлах болжээ. Өмнө нь түүний толгойд хийрхэл болон бэлгийн амьдралын хооронд холбоо оршиж буй тухай санаа бий болсон байсан бөгөөд гар доорх ихээхэн хэмжээний анагаахын материалын үр дүнд З.Фройд мэдрэлийн тогтолцооны хямрал нь сексуаль зан төлвийн шалтгаан болдог талаарх онолоо гаргахад түлхэц үзүүлсэн юм.


Ж.Шарко истеритэй өвчтнөө ховсдож буй нь

Тэрбээр Германаас Венад буцаж ирээд сэтгэцийн эмчээр ажиллахаар болжээ. Эхэндээ тэрбээр ховс мэдрэлийн ядаргааг эмчлэх арга болж болох талаарх үзлийг эсэргүүцэж байсан ба И.Брейерийн нөлөөгөөр ховсын итгэн үнэмшүүлэх арга нь анхан шатны үр дүнтэй байгааг хүлээн зөвшөөрч байв. Дахиад жил өнгөрөхөд шахан зайлуулах (катарсис) аргыг хэрэглэж эхлэв. Тухайлбал, өвчтөн ховсын байдалд өөрийн неврозын илрэлийн талаарх үйл явдлын тухай ярих маягаар, яг тэрхүү байдалд буцаж очсоноор бүх болж буй зүйлсийг ухамсарлана. Өвчтөн өмнө мэдэрсэн мэдрэмжийг дахин мэдэрсэнээр түүнээс үүсэх сэтгэцийн өөрчлөлтөөс ангижрана хэмээн үзсэн байна.  

Энэхүү аргыг хэд хэдэн жил хэрэглэсний дараагаар З.Фройд нэг том дүгнэлт хийсэн нь психоанализын суурь асуудлуудын нэг байв. Энэ нь “Чөлөөт Нийлэмж” талаарх асуудал юм. Түүний хувьд чөлөөт нийлэмж нь зөвхөн сэтгэл засалч өвчтөн хоорондоо харьцах харьцаа төдий биш өдөр тутмын амьдралд ердийн хүн хоорондын харилцааны үзэгдэл болохыг дурьджээ.

Энэ үеэр З.Фройд мөн хүний сэтгэцийн ухамсаргүй, далд ухамсрын, ухамсартай гэсэн гурван давхаргын талаарх онолоо боловсруулж байв. Түүний онолд бие хүний бүтцийн  Ид, Эго, Супер эго буюу “Би”, “Дээд Би”, “Тэр” хэмээх гурван загвар чухалчлан үздэг . 

Ухамсаргүй нь хүний амьдралыг тодорхойлдог хамгийн гүн давхарга бөгөөд баярлаж цэнгэх ба үхэлд тэмүүлэх ухамсаргүй хүсэл нь бүх сэтгэл хөдлөл ба сэтгэлийн хөдөлгөөний анхдагч шалтгаан болдог.

Энэхүү онолын дүгнэлтүүдийн нэг нь 1900 онд гаргасан “Зүүдний тайлал” хэмээх бүтээл юм. З.Фройд зүүд нь ямар нэг ухамсарлагдаагүй хүслийн биелэл гэдэгт итгэдэг. Тэрээр зүүдний “хэл”-ийг нээсэн бөгөөд зүүдний агуулгыг тайлбарлах боломжтой хэмээн тайлбарлаж байв.

Далд ухамсар нь дур хүсэл нарийн хяналтаар ордог ухамсар ба ухамсаргүйн хоорондох нимгэн давхарга юм. Ухамсар нь хамгийн дээд давхарга бөгөөд ухамсаргүйн хүчээс хамаарах сэтгэцийн гадаад илрэл юм. Ийнхүү З.Фройдийн онолоор ухамсаргүй нь хүний зан үйлийг тодорхойлох  чухал хүчин зүйл болно.

Ухамсараас шахадсан, нуугдмал байдалтай хүний хүслийг хангах төсөөллүүд буюу ухамсараас дайжсан бодол санаа, биелэгдээгүй хүслийн талаарх дэвшүүлсэн онол нь алдарт зураачын голлох сэдэв болж хүн төрөлхтөнд уран зураг болоод Дали хоёрын гайхамшигийг дахин нотолж өгсөн гавъяатай юм.


Фройд “Сексийн онолын 3 нийтлэл” хэмээх бүтээлдээ хүүхдийн сексийн хөгжлийн үе, Эдипийн комплексийг мөн тайлбарлан бичсэн байдаг. Аажим аажмаар З.Фройдийн нэр хүнд маш чамгүй өссөн бөгөөд 1909 онд К.Г.Юнгийн хамт, Стенли Холлын урилгаар АНУ-д лекц уншихаар уригдаж байв. Энэ нь түүний АНУ-д очсон цорын ганц тохиолдол байв.

Амьдралынхаа сүүлийн арван жилд тэрбээр хүний мөн чанарын тухай, нийгэм ба соёлын талаарх өөрийн бүтээлүүдээ бичиж байжээ. Түүнийг  Вернардский, Гумилёв нарын эрдэмтдийн үзэж байгаагаар “Суперэтнос” хүн байсан гэж тодорхойлдог бөгөөд  амьдралынхаа сүүлийн жилүүдийг З.Фройд Англид өнгөрүүлсэн бөгөөд 1939 оны 09 сарын 23-нд 83 насандаа насан эцэслэжээ.

Амьдралын харгис төгсгөл, хүн төрөлхтний үл зөвшөөрөгддөг атлаа хувиршгүй үнэн гутранги үзэл хийгээд сул дорой шинж, тэр бүр анзаарагддаггүй өдөр тутмын амьдралын залхаг хэмнэл, оюун санааны хоосрол бүхнийг шүүмжлэн бичдэг Самуэл Беккетийн “Годог мэдрэхүй” абсурд жүжгийн хурц өгүүлэмж бүхэнд З.Фройд бодогддогийг дурдах  юун .....

Тэрбээр өөд болохынхоо өмнө нэгэн ярилцлагадаа "Намайг сэтгэл судлалын эцэг гэдэг ч би маш том шинжлэх ухааны зөвхөн эхлэлийн үед, харьцангуй амар хялбар байхад нь ажиллаж байна. Ирээдүйд сэтгэл судлаачид маш том талбарт тулалдах болно. Түүний хажууд миний хийснийг харьцуулахын ч аргагүй" гэжээ.

Д.Лхамсүрэн

"З.Фройдын намтар" баримтат кино 



"BBС радиод өгсөн ярилцлага" 


"Зүүдний Тайлал" баримтат кино





Sigmund Freud: Life and Work. Vol 3: The Last Phase 1919–1939. London: Hogarth Press.
http://www.freud.org.uk/
Владислав, Я. Сто великих психологов., 2004
Батболд Ш. Сэтгэл судлал сонгодгууд. УБ., 2010
Владислав Я. Сто вериких психологов., 2004
Аюурзана Г. Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил. УБ., 2010
http://news.gogo.mn/r/130618