Зүүдний тухай сонирхолтой 10 факт



Зүүдэнд ямар ч зорилго сэдэл байхгүй гэж зарим эрдэмтэд үздэг. Өөрөөр хэлбэл хүнийг нойрсож байх зуур бие физиологид гарч буй ердийн өөрчлөлтийн үр дүнд хүний ухамсарт элдэв зураглал үүсдэг гэдэг. 


Фройдын үзлээр зүүд бол тухайн хүний үл ухамсарлахуй руу шахагдан, түрэгдсэн ханаагүй дурын болон мөрөөдлийн бөөгнөрөл юм. Зүүд бол тухайн хүний амьдралд тохиолдсон бодит үйл явдлыг шууд утгаар нь биш, харин шууд бус утгаар нь, далдлагдсан дүрээр, билэг тэмдэгийн утгаар нь илэрхийлж байгаа сэтгэц физиологийн үзэгдэл юм. Зүүдний агуулга буюу учир начирыг мэдэхийн тулд түүний далд дүрийг, бэлэг тэмдэгийн утгийг таньж мэдэх хэрэгтэй. Хүн зүүдээ санаж болно, бас санахгүй ч байж болно. Санахгүй байгаа зүүд үл ухамсарлагдахуйд оршино. Санахгүй байгаа зүүдийг гипнозын үед, эсвэл психоанализын үед сэргээн санаж болно.

№1 Нас, хүйс харгалзахгүй зүүдэлдэг. Зарим хүн зүүдэлдэггүй гэж ярьдаг ч гол учир нь тэд зүүдээ санадаггүйд байгаа юм. Ингэхдээ шөнийн турш хэд хэдэн удаа зүүдэлдэг бөгөөд тус бүр 5-20 мин үргэлжилдэг. Дунджаар хүн амьдралдынхаа нийт 6 жилийг зүүдэлж өнгөрөөдөг байна.

№2 Зүүд, нойр судлаач J. Allan Hobson зүүдний 95% нь сэрсэн даруйд мартагддаг болохыг тооцоолжээ. Бид яагаад зүүдээ мартдаг ? Зүүдээ санахад яагаад хэцүү санагддаг вэ ? Үүнд урд тархины үйл ажиллагааны онолоор хариулт өгдөг. Тухайлбал, нойрсох үед тархины үйл ажиллагаа бага зэрэг өөрчлөгдсөнөөр тархинд буй мэдээллийн процесс болон түүнийг ангилж, бүтэцжүүлэх ой санамжийг идэвхгүй болгодог байна. Ингэснээр хүн зүүдээ мартдаг.

№3 Зүүдний 80% нь ойролцоогоор өнгөтэй харагддаг. Хар, цагаанаар зүүдэлдэг гэх хүмүүс маш цөөн. Харин дөнгөж сэрсэн хүмүүсээс ямар өнгөтэй зүүд зүүдэлснийг асуухад бараг бүх хүмүүс хурц, тод биш, зөөлөн өнгө харсан гэж хариулдаг.

№4 Зүүдэнд жендерийн ялгаа ч бас ажиглагддаг. Нэгэн судалгаагаар эрэгтэй хүмүүсийн зүүдний агуулга, үзэгдэл нь илүү түрэмгий шинжтэй байдаг гэжээ. Харин зүүд, нойр судлаач William Domhoff эмэгтэйчүүдийн зүүдэнд гардаг дүрүүд эрэгтэйчүүдийнхээс илүү тогтвортой үзэгддэг гэсэн байна. Мөн эрэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ хүмүүсийг хоёр дахин олон удаа зүүдэлдэг бол эмэгтэйчүүд ихэвчлэн эмэгтэй хүнээ л зүүдлэх магадлалтай юм.

№5 Та нохойгоо зүүдэлж байхыг харсан уу ? Унтаж байх үеийн шинж тэмдэг, үйл хөдлөлийг нь харвал зүүдэлдэг гэж таамаглаж болохоор. Гэхдээ эцсийн дүнд зүүдэлдэг гэж батлах нь маш хэцүү. Харин амьтдад РЕМ, РЕМ бус нойрны шилжилт тохиодог нь үнэн. Нэгэн судалгаагаар дохионы хэл заалгасан горрил сармагчин зүүдэндээ харсан зүйлсээ гараараа дүрсэлж үзүүлсэн гэж сургагчид нь баталдаг гэжээ.

№6 Зарим хүмүүс хүссэнээрээ зүүднийхээ үйл явдал, өрнөлийг удирддаг. Үүнийг Люцид зүүд хэмээн нэрлэдэг бөгөөд зүүдэндээ хар дарах, түгшсэн үедээ ямар нэгэн товчлуур дарж, үг хэлж зүүднээсээ сэрдэг, эсвэл зүүднийхээ дүр зургийг илүү бүтээлч ч юм уу, ямартай ч хийсвэр ертөнцдөө авчирж чаддаг байна. Люцид зүүдийг ихэвчлэн видео тоглоомын үр дүнд бий болдог гэж зарим эрдэмтэд үздэг.

№7 Судлаач CalvinS. Hall бараг 40 гаруй жил 50 мянган оюутнуудад зүүд, нойрны судалгааг удирдан явуулжээ. Ингэхдээ зүүдлэх үед айдас, түгшүүр, баяр хөөр зэрэг сэтгэл хөдлөлийн янз бүрийн элементүүд илэрдэг бөгөөд сөрөг сэтгэл хөдлөл илүү давамгайлдагийг олж тогтоосон юм.

№8 Хараагүй хүмүүс ч хүртэл зүүдэлдэг. Хожим хараагүй болсон хүмүүс зүүдлэхдээ дүрс олж хардаггүй. Ямартай ч тэд зүүдэлдэг. Зүүд нь заавал харааны дүрслэл шаарддаггүй бөгөөд сонсох, амтлах, хүрэлцэх зэрэг өөр бусад мэдрэхүйгээ оролцуулан зүүдэлж болдог. Тэгэхээр хараагүй хүмүүс юм сонсож зүүдэлдэг байх нь.

№9 РЕМ нойрны үед булчин хөшдөгийн учир нь РЕМ атониа гэгч процессийн үед бие организм төв гомеостазмыг зогсоож, үүний оронд респирац, терморегуляц болон цусны эргэлтийг идэвхтэй дэмждэгтэй холбоотой. Ингэснээр зүүдэндээ аюултай хөдөлгөөн хийх эрсдлийг бие организм цаанаас нь хязгаарлаж өгдөг. Зүүдэндээ өөрийгөө хамгаалах, зугтаах, тэмцэлдэх зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийж чаддаггүйн учир энэ ажээ.

№10 Зүүдний агуулга, үзэгдэл нь соёл, улс орон бүрт төстэй нь ажиглагддаг. Жишээ нь, энэ дэлхийн хаана ч амьдарч байгаа хүн бүр зодолдох, унах, зугтаах, сургууль дээрээ байх, хөлдөх, хөших, хоцрох, нисэх, олны өмнө нүцгэрэхийг зүүдэлдэг.

"Зүүдний Тайлал" баримтат кино



Л.Энхтүшиг



Alleyne. R. (2008). Black and white TV generation have monochrome dreams. Telegraph. http://www.telegraph.co.uk/science/science-news/3353504/Black-and-white-TV-generation-have-monochrome-dreams.html
Blackmore, S. (1985). Lucid dreams: In Kendrick, Frazier (Ed.). Encounters with the paranormal: Science, knowledge and belief. Amherst, NY: Prometheus Books. 
Domhoff, G. W. (2005). The Dreams of Men and Women: Patterns of Gender Similarity and Difference. http://dreamresearch.net/Library/domhoff_2005c.html
Empson, J. (2002). Sleep and dreaming (3rd ed.). New York: Palgrave/St. Martin's Press. 
Hall, C., & Van de Castle, R. (1966). The Content Analysis of Dreams. New York: Appleton-Century-Crofts. 
Hobson, J. H. (1995) Sleep. New York: Scientific American Library. 
Hockenbury, D., & Hockenbury, S. E. (2007). Discovering Psychology. New York, NY: Worth Publishers. 
Hurovitz, C. S., Dunn, S., Domhoff, G. W., & Fiss, H. (1999). The dreams of blind men and women: A replication and extension of previous findings. Dreaming, 9, 183-193. 
Schredl, M., Ciric, P., Götz, S., & Wittmann, L. (2004). Typical dreams: Stability and gender differences. The Journal of Psychology 138 (6): 485. 
Sleep paralysis. (n.d.). WebMD. http://www.webmd.com/sleep-disorders/guide/sleep-paralysis