Дасгал хөдөлгөөний “Оюун ухаанд” үзүүлэх 13 нөлөө


Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягт дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх нь хоол идэх, унтах, ажилдаа явах, компьютерийнхээ ард суухтай адил дадал, зуршил бий болоод уджээ. Ихэнхи хүмүүс бие махбодын эрүүл мэнд, ялангуяа зүрх судасны өвчнөө даван туулах гэж, эсвэл жингээ хасах, булчингийн массаа томруулахын тулд дасгал, хөдөлгөөнөөр хичээллэж байна. Гэсэн ч шаардлагагүй үедээ машин барилгүй алхдаг хүн бүр, мөн гадаа ба фитнесс зааланд гүйдэг, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэг, штанг өргөдөг хэн ч байсан тэдний оюун ухаанд ахиц гарсаар байдаг.

№1Стресс багасдаг. Өдөржин ажил дээрээ завгүй, хэцүү асуудалтай байсан ч гэртээ харих бүртээ алхаж заншсанаар оюун ухаанд тань ирж буй дарамт, шахалтыг бага ч гэсэн сарниулдаг. Харин ажлаа тараад фитнесс эсвэл гэртээ очоод дасгал, хөдөлгөөнөөр тогтмол хичээллэснээр стрессийн эсрэг "норадреналин" хэмээх даавар ялгардаг. "Хамгийн сайхан санаа явган явж байхад төрдөг" гэж Гётегийн хэлснийг санаарай.

№2Аз жаргалын дааврууд идэвхждэг. Бидний сэтгэл санааг тархинд ялгарч буй дааврууд шийддэг гэхэд болно. Амьдралд уйлах, баярлах шалтгаан байх нь мэдээж юм. Гэхдээ эдгээр даавруудыг зориудаар бий болгоход өнөөх л тогтмол дасгал, хөдөлгөөн хэрэгтэй. Тэгсэнээр аз жаргалтай мэт санагдуулдаг "эндорфин" хэмээх дааврыг ялгаруулдаг. Сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийг дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлснээр зарим клиник шинж тэмдгүүд нь арилдаг болохыг янз бүрийн судалгаанууд нотолдог.

№3Өөртөө итгэлтэй болдог. Зориудаар үүсгэсэн дааврууд нэгэнт л сэтгэл санааг өөдрөг болгодогоос үзвэл дасгал, хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэг хүмүүс амьдралыг өөрөөр харж, илүү "оптимист" болдог. Мөн хүмүүст үргэлж чичлүүлдэг "бүдүүн" гэх ангилалаас хасагдаж, тэд таныг эерэгээр дүгнэх болно. Шударга бус мэт санагдаж магадгүй ч хүмүүс бусдыг гадаад үзэмжээр нь дүгнэдэгийг бүү мартаарай.

№4Гадаа гарах дуртай болдог. Жишээ нь, байрныхаа гадаа гүйх, гимнастик, иогоор хичээллэх, ууланд авирснаар гэрээсээ гардаггүй хүмүүс гадаад орчинтой танилцах боломж олддог. Мөн гадаа дасгал хийхийн зэрэгцээ нарнаас D витамин авдаг байна.

№5Танин мэдэхүйн доройтлоос сэргийлдэг. Тухайлбал, Монголд хөгшчүүдийн дунд элбэг тохиолддог "зөнөгрөл"-ийг хүмүүс жам ёсны танин мэдэхүйн доройтол гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь "оюун ухааны өвчин" бөгөөд үүнээс сэргийлэх боломжтой хамгийн үр ашигтай арга бол дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх юм. Таны оюун ухаан, ой тогтоолтыг бүрдүүлдэг тархин дахь мэдрэлийн эсүүд 20 наснаас үхэж эхэлдэг ба өтөл насанд энэ үхжил ихэнхи хэсгийг хамардаг. Улмаар хөгшүүд мартах, зөнөх өвчин тусдаг. Тархин дахь эсийн үхжлийг саармагжуулахын тулд дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх шаардлагатай.

№6Түгшүүртэй мэдрэмжийг багасгадаг. Аеробек ба гүйлтээр хичээллэвэл түгшүүр, айдсыг намжаадаг.

№7Шинэ эс төлжүүлдэг. Зүрх, судсанд тус болдог дасгалуудаар хичээллэснээр дээр дурьдсан тархин дахь мэдрэлийн эсүүдийн үхжлийн эсрэг харин ч шинэ эсийг төлжүүлдэг. Мөн зарим судалгаагаар шийдвэр гаргах, шинэ зүйл сурах, логик сэтгэхүй хариуцсан тархины хэсгийг дэмждэг гэжээ.

№8Ой тогтоолт сайжирна. Шинэ зүйл сурах ба түүнийгээ тогтоох чадварыг хариуцсан гиппокамп тархинд шинэ эсүүдийг төлжүүлдэг. Мөн өөр нэгэн судалгаагаар хол зайнд гүйдэг хүмүүсийн үгийн баялаг сайн байдаг гэжээ.

№9Донтолтыг хяналтандаа авахад тустай. Тархинд "допамин" хэмээх даавар ялгарснаар хоол, секс, архи, донтуулагч бодис зэргээс таашаал авах байсныг дасгал хөдөлгөөний үед ялгардаг өөр бодисоор орлуулдаг байна. Гэхдээ эсрэгээрээ зарим бодибилдинг, дасгал хийдэг хэт донтогчид амьдралын өөр бусад зүйлсээс таашаал авах дургүй болчихдог.

№10Амралт болдог. Эхлээд биед зовиуртай санагдаж магадгүй. Сүүлдээ хэдэн ч цагаар гүйж, хүнд штанг өргөсөн ч энэ бүхний дараа амралтыг мэдэрдэг. Бүр инсомниатай (нойрны хямралтай) хүмүүс нойрны асуудлаа шийдэж чаддаг.

№11Залхуурлыг багасгана. Зарим хүмүүс ажлынхаа цайны цагаар фитнессдээ очиж бэлтгэл хийдэг. Ийм хүмүүсийн ажлын бүтээмж үеийнхнээсээ 2-3 дахин илүү байдаг.

№12Бүтээлч болдог. Фитнессээр хичээллэсний дараа 2 цагийн турш хүний бүтээлч сэдэл идэвхтэй байдаг. Энэ үеэр л залхуураад байсан ажлаа хийх хэрэгтэй. Мөн гүйж байхад ч бүтээлч санаанууд орж ирдэг.

Л. Энхтүшиг