"Хайрлах Урлаг" Эрик Фромм


       
Эрик Фромм 1956 онд өөрийн хайрлах урлаг буюу “THE ART OF LOVING” номоо хэвлүүлжээ.
Уг бүтээлдээ бидний хайр хэмээн нэрлэдэг тэр тайлагдашгүй нандин тэгсэн хэрнээ адармаатай зүйлийг өөрийнхөө философийн үүднээс тайлбарласан байна. Энэхүү бүтээл нь хайрыг томьёолсон анхны бүтээл болсон гэхэд хэлсдэхгүй биз.

Бид бүгдээрээ хайрыг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Харин Эрик Фромм хүний сэтгэл зүйг судлахдаа улс төр, нийгмийн нөлөөллийг ихээхэн онцолдог. Тухайлбал бид яагаад нийгмийн зохион байгуулалттай амьдардаг вэ, яагаад төр гэж байдаг бас бид төрийг дагадаг вэ гэх мэт. Тэгвэл тэрээр яагаад хайрыг томьёолох болсон юм бол ?

Фроммын үзсэнээр хайр бол урлаг гэжээ. Тэрээр бичихдээ: “Хайр бол урлаг юм яг л амьдрах өөрөө урлаг шиг. Хэрвээ бид хайрлаж сурахыг хүсвэл  хөгжим тоглох, уран зураг зурах, эсвэл эмч, инженерийн урлагт хэрхэн суралцдагтай адилаар сурах хэрэгтэй.  Аливаа урлагт суралцахад ямар алхамууд шаардлагатай вэ? үүнд үндсэн хоёр хэсэг бий, нэг нь онолын хэсэг нөгөө нь практик дадлагын хэсэг. Тухайлбал та эмч болохоор мэргэшиж байгаа бол эхлээд хүний бие махбод, өвчлөлийн төрлүүд гээд онолын мэдлэгт суралцах хэрэгтэй. Гэхдээ дан ганц онолын мэдлэг мэргэшсэн эмч болоход хангалттай биш. Зөвхөн практикт ажиллаж суралцсаныхаа дараагаар онолын болон практикийн мэдлэг холилдож нэг цул болсноор та тухайн урлагт жинхэнэ мастер болж чадна. Гэвч онол ба практикаас гадна гуравдагч чухал хүчин зүйл нь итгэл үнэмшил юм” (х.5) гэжээ.

Ийнхүү тэрээр номоо үндсэн хоёр бүлэгт ангилан хайрыг онол болон практикийн үүднээс тайлбарлажээ. 

      №1.     Хайрын онол

Түүний санааг маш товчхон бөгөөд ойлгомжтой хүргэхийг хичээе.

Хүнд бусад амьтдад байхгүй нэгэн бэлэг өгөгдсөн нь өөрийгөө болоод бусдыг ухамсарлах өнгөрснийг болон ирээдүйг ухамсарлах чадвар юм. Хайрын онолыг тайлбарлахын тулд эхлээд хүний оршихуй, мөн чанарын талаар ярих хэрэгтэй. Хайртай хүнээ алдах, байгалийн гамшиг тохиох, эсвэл нийгмээс гадуурхагдах зэрэг үед хүн маш их ганцаардлыг мэдэрдэг ба бусдаас холдож тасарсан, тусгаарлагдмал байдлыг мэдэрдэг. Мөн энэхүү тусгаарлагдмал байдлаас бүх төрлийн түгшүүр үүсдэг байна. Гэвч зөвхөн гай гамшиг, хагацал тохиох үед энэ мэдрэмж үүсдэг биш далд байсан мэдрэмж ил гарч байгаа юм. өөрөөр хэлбэл энэхүү төгсгөлгүй ганцаардал, тусгаарлагдмал байдал нь бидний оршихуйн мөн чанар ажээ. Тиймээс хүний хамгийн нэн тэргүүний хэрэгцээ бол энэхүү тусгаарлагдмал байдлыг давах, ганцаардлын шоронгоосоо зугтах хэрэгцээ юм гэж Фромм үзсэн байна.

Бүх цаг үеийн хүн төрөлхтөний дунд нэгэн ижил асуулт байсан нь энэхүү тусгаарлагдмал (ганцаардмал) байдлаасаа хэрхэн ангижрах вэ? гэдэг байж. Бүх соёлт хүн ижил асуулт тулгардаг ч өөр өөрийнхөөрөө хариултыг олдог байсан байна. Тухайлбал амьтан шүтэх, тахил өргөх, цэргийн хүчээр бусад улсыг эзлэх, тансаглалд умбах, ухаан жолоогүй ажиллах, урлагийн бүтээл туурвих, бурхныг хайрлах мөн хүнийг хайрлах гэх мэт. Харин тухайн соёл болон хүний хөгжлөөс шалтгаалан хүмүүс түгээмэл гурван аргаар тусгаарлагдмал байдлаасаа гарахыг хичээдэг байна. 

Нэгд, трансд орох. Овог бүрт өөрийн өвөрмөц трансд орох арга байжээ, тухайлбал бөөгийн зан үйл нь трансийн жишээ юм. Ийнхүү трансд орсноор хэсэгхэн хоромч болов бодит ертөнцөөс тасарч (өөрөөр хэлбэл мөнхийн ганцаардлаасаа тасарч байна) түгшүүр санаа зовнил нь багасдаг. Бас нэгэн трансд орох арга нь секс хийх юм. Сексийн үед ялгарах бодис нь бөө мөргөл зэрэг трансийн үе дэх бодистой ижил байдаг. Мөн  энэхүү нэгдүгээр арга овог, аймгийн зохион байгуулалттай, нутгийн иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг. Харин суурин соёл иргэншилтэй хүмүүс ихэвчлэн мансууруулах бодис хэрэглэх замаар трансд ордог. Гэвч мансууруулах бодисын нөлөө гарсны дараагаар өмнөхөөсөө ч илүү их ганцаардал, тусгаар байдлыг мэдэрдэг. Тиймээс мансууруулах бодист хүмүүс донтдог гэж Фромм үзжээ.  

Ганцаардлаасаа салах хоёр дах арга бол бусадтай нийцэх буюу нийгмийн харилцаанд орох. Ардчилсан нийгэмд хүн бүр тэгш эрхтэй гэдэг, үүний цаана бид бүгд тэгш, бид бүгд ижил, бид бүгдээрээ ижилхэн бас тэгш юм бол бид бүгдээрээ “нэг” гэсэн санаа агуулагддаг. Яг л библи –д “та нар бурхны өмнө бүгд адил” гэж бичсэнтэй адил. Ер нь Фроммын энэхүү хайрлах урлаг номонд библийн ишлэлүүдээс иш татсан, жишээ авсан байх нь их ажээ.

Харин гуравдах арга нь бүтээлч байдал. Хүн бүтээлч ажил хийж байхдаа уг бүтээж байгаа зүйлтэйгээ өөрийгөө нэгтгэж мэдэрдэг. Мужаан модоор ширээ хийх, гэрийн эзэгтэй шүрээр гоёл чимэглэл хийх, тариачин тариагаа ургуулах, зураач зургаа зурах гээд бүх л бүтээлч ажилын үед хүн өөрийгөө бүтээл хийх үйл явцын ертөнцөд нэгтгэж байдаг гэжээ. Гэвч Фроммын үзсэнээр дээр дурдсан трансд орох, нийгмийн харилцаанд орох, бүтээл туурвих зэрэг нь бүгд хуурмаг, эсвэл түр зуурын шинжтэй. Харин хүмүүсийг хооронд нь нэгтгэж чадах ганцхан үнэн бол “хайрлах” юм. Хайрлахыг өнгөц тайлбарлавал “өгөх” гэж ойлгож болно. Зөвхөн эд материал биш, өөрийн цаг, мэдлэг, мэдрэмж гээд байгаа бүхнээ хуваалцах. Харин өгөхийн цаана анхаарал халамж тавих, үүрэг хариуцлага хүлээх, хүндлэх мөн хайрлаж буй хүнээ таньж мэдэх зэрэг агуулагдаж байдаг.

Эрик Фромм 5 төрлийн хайр байдаг гэж үзжээ

1. Ахан дүүсийн хайр. Үүнд зөвхөн ах дүү гэдэг шууд утгаасаа илүү хүн хүнээ хайрлахыг хэлж байгаа бөгөөд  энэ нь бүх л төрлийн хайрын үндэс суурь болдог.  

2. Ээжийн хайр. Ээжийн хайр бол энэ ертөнц дээрх хамгийн агуу хайр юм. Энэ бол нэг нэгдмэл бие махбод хоёр тусгаар ертөнц болон хуваагдах үйл явц. Ээж өөрийн үрдээ хариу нэхэлгүйгээр бүхнээ зориулдаг. Түүнчлэн эх хүн бүх л амьтны зулзагыг хайрладаг. Энэ нь эмэгтэй хүний суурь инстинкт юм. 

3. Эротик хайр. Ах дүүсийн болон ээжийн хайраас ялгаатай нь эротик хайр нь зөвхөн хоёр хүний дунд байдаг. Бид хүнд дурлах гэж ярьдаг шүү дээ. Дурласан үед үүлэн дунд хөвж буй мэт мэдрэмж төрж нүд сохордог гэж ярьдаг. Харин энэхүү мэдрэмж арилсаны дараа дотно харилцаа багасч заримдаа өөр хүнийг хайн ахин дурлахыг хүсдэг.  Фроммын үзсэнээр, сексийн үйл явц бол хоёр хүн нэгэн бие болон нэгдэх үйл явц бөгөөд үүний цаана ганцаардал, тусгаарлагдмал байдлаасаа салах оролдлого нуугдаж байгаа гэжээ. Мөн тэрээр Фройдийн сексийг зөвхөн дур тачаалаа хангах хэрэгсэл гэж үзсэнд шүүмжлэлтэй ханддаг. Тэрээр Фройдийг сексийн процессыг жинхэнэ утгаар нь ойлгож чадаагүй гэж үздэг байжээ. 

4. Өөрийгөө хайрлах хайр. Өөрийгөө хайрлахыг хувиа хичээгч гэдэг ойлголттой андуурч болохгүй. Хүн, хүн төрөлхтнөө хайрлаж байгаа юм бол яагаад өөрийгөө хайрлахгүй байна гэж? өөрөө хүн төрөлхтөн биш гэжүү.  Харин хувиа хичээгч хүн бол огт өөр. Тэрээр өөрөөсөө бусад юуг ч анхаардаггүй, өгөх биш авахыг л эрмэлздэг. Гэхдээ хувиа хичээгч хүнийг өөртөө дэндүү хайртай болохоороо ийм үйлдэл гаргадаг гэвэл үгүй юм. Эсрэгээрээ хувиа хичээгч хүн өөрийгөө хайрлах биш харин ч  үзэн яддаг. Товчхондоо хүнийг хайрлах чадваргүй хүн юм. Түүнээсээ болж ихээхэн шаналдаг ба өөртөө хэт анхаарал тавих байдлаар энэхүү өөрийгөө үзэн ядсан, шаналсан мэдрэмжээ дарахыг хичээдэг. Мөн Фройд “хувиа хичээсэн хүмүүс бол нарсисистикууд юм” гэж үзжээ. Нарсисистикууд бусдыг хайрлаж чаддаггүй шигээ өөрийгөө ч хайрлаж чаддаггүй. 

5. Бурхныг хайрлах хайр. Энэ нь мөн л ганцаардлаа давах, бусадтай нэгдэх гэсэн оролдлого юм.

      №2.     Практик хайр

Магадгүй энэхүү номыг уншсан бүх хүнд онолоос илүү практик чухал байгаа байх. Фромм хайрлах практикт хэрэглэх үндсэн гурван аргыг санал болгожээ. Эдгээр нь чармайлт, төвлөрөлт, тэвчээр гурав юм. Аливаа урлагт суралцахад дээрх гурван зүйл ямагт хэрэг болдогтой адилаар хайрыг урлаг хэмээн ойлгож хайрлахад суралцах хэрэгтэй юм байна.

Түүнчлэн Фромм орчин үеийн хүмүүс, нийгэмд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсан нь бараг л өгүүлбэр бүрээс ажиглагдана. Бид их хувиа хичээсэн, юмыг хялбарчилсан, алдар нэр амжилтанд хэт их тэмүүлсэн хүмүүс болж хувирч байна гэж тэрээр үздэг байж. Түүнчлэн, хайрыг тайлбарлахдаа библийн сургаалиас нилээд их иш татсан нь түүний онолын цаана хайр бол бурхан юм гэсэн санаа байхыг үгүйсгэхгүй. Мөн тэрээр Фройд болон түүний хамтрагч нарт шүүмжлэлтэй ханддаг байснаа “Миний Фройдод өгөх шүүмжлэл нь түүнийг сексийг хэт их тодотгосонд биш, харин сексийг буруу ойлгосонд байгаа юм. Цаашдын психоаналитикчид Фройдын онол дах алдаатай хэсгийг засах хэрэгтэй” (х.37) хэмээн илэрхийлсэн байна. Эцэст нь дүгнэхэд “хайр бол хүн төрөлхтний оршихуйн утга учир юм”.

 Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг