Аудио терапи хүүхдийн хагалгааны дараах зовиурыг багасгадаг


Хагалгааны дараа өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг эм нь зарим хүүхдийн амьсгалын замд хүндрэл учруулдаг учир зарим хүүхдүүдэд хорриглох заалттай байдаг. Иймд өвчин намдаах эмийн бус арга олох нь чухал юм.

Нордвестерн Анагаах Ухааны сургуулиас явуулсан судалгаагаар томоохон хагалгааны дараа 30 минут хөгжим эсвэл сонсдог ном сонссон хүүхдүүдийн өвдөлт зовиур мэдэгдэхүйц хувиар буурч байсныг тогтоожээ.

Судалгаанд оролцогчид 9-14 насны хүүхдүүд байсан ба поп, рок, классик гэх мэт төрөл бүрийн хөгжим болон богино хэмжээний аудио ном сонссон юм.

Судалгааны ахлах Сантанам Суреш M.D. хэлэхдээ "Аудио терапи нь гайхалтай боломж бөгөөд эмнэлгүүд үүнийг хагалгааны дараах хүүхдийн өвчин намдаах чухал аргад тооцох хэрэгтэй. Энэ нь өртөггүй, мөн ямар ч сөрөг нөлөөгүй арга шүү дээ" гэжээ.

Судалгаагаар Чикаго дахь "Ann & Robert H. Lurie" Хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж буй 60 хүүхдэд аудио терапи хийхийн өмнө болон хойно өвчний үнэлгээ хийжээ. Үнэлгээг нүүрний хувирал болох ярвайх, уйлах, инээх зэргээр хийсэн байна. Оролцогч хүүхдүүдийг гурван бүлэгт хуваажээ: Эхний бүлэг өөрсдийн сонголтоор 30 минут дуртай хөгжмөө, хоёр дахь бүлэг өөрсдийн сонголтоор 30 минут дуртай үлгэрээ, гурав дахь бүлэг дуу тусгаарлах чихэвч зүүн ямар ч чимээ сонсолгүй нам гүм дунд байжээ. Хөгжим болон үлгэр сонссон бүлгийн зовиур мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан бол нам гүм дунд байсан хүүхдүүдэд өөрчлөлт гараагүй байна. Судалгаанаас гарсан сонирхолтой үр дүн нь сонсдог ном, хөгжим хоёрын нөлөө адил байсан нь юм. Зарим эцэг эхчүүдийн хэлснээр хүүхэд нь аудио ном сонсоод тайвширч, унтдаг гэжээ.

Сантанам Сурешийн үзэж байгаагаар аудио эмчилгээ тархины урд хэсэгт байрлах өвдөлтийн санах ойд хүрэх туслах замд саад үүсгэдэг аж. "Өвдөлтийн тухай судлах зүйл их байгаа. Судалгааны гол санаа нь магадгүй та өвдөлтийнхээ талаар бодохгүй бол түүнийг тийм ихээр мэдрэхгүй. Бид тархиа хуурах гэж оролдож байна гэсэн үг. Бид тархиа өөр зүйлд төвлөрүүлэхийг хичээх юм" гэжээ.

Мөн сонсох хөгжим, үлгэрээ өөрөө сонгох нь эмчилгээний чухал хэсгийн нэг. Хөгжим хүн бүхний сэтгэлд хүрдэг ч ямар чиглэлийг таашаах нь өөр өөр байдаг билээ.

Өвдөлтийн зэрэг анх ямар байх нь хамаагүй, эмчилгээ нөлөө үзүүлдэг байна. Эмчилгээний сайхан нь өвчтөн өөрөө эмчилгээгээ хийж, үргэлжлүүлэх боломжтой тал юм.

Эх сурвалж: Pediatric surgery сэтгүүл, www.psychcentral.com

Ц.Цэрэндолгор