Порно – дур зоргоор аашлах хүсэл үү аль эсвэл донтолт уу?
Өнөө цагт порно бичлэгийн олдоц их болж, эх сурвалжууд олширсон нь өмнөх зуунтай харьцуулахад илүү олон хүнд нөлөөлж, асуудал үүсгэх болсон. Порно бичлэг хэт их үзэх нь хосын харилцааг муутгах нэг шалтгаан болж байна. Үүнээс үүдэн бий болж буй сэтгэлийн шарх нь хэрэглэгчдийн мэдэрч буй агшин зуурын сэтгэл ханамжаас хамаагүй илүү байна. Судлаачид порно бичлэг/киноны хэт их хэрэглээг мансууруулах бодист донтох өвчинтэй адилтгаж үзэж байна. Энэ хоёрын үйл явц, шинж тэмдэг тун ижилхэн юм.
Ямар ч донтолтын үед хэрэглэгчийн талаас ямар нэг сэтгэл ханамж хүртэх гэсэн эсвэл бодит байдлаас “зугтаах” гэсэн хүсэл, оролдлого ажиглагддаг. Сэтгэл хөдлөлөө өөрчлөх эсвэл сэрэл хөдлөх мэдрэмж авах гэсэн хүсэл явж байдаг. Ганцаардал, уйтгар гуниг, бухимдал, уур хилэн эсвэл айдас түгшүүр гэсэн таагүй мэдрэмжүүдээс холдож, асуудлыг шийдэх арга гэж хэрэглэгчид (мансууруулах бодисд, архинд, интернэтд, порно бичлэгт донтогчид) ойлгодог. Порно болон мансууруулах бодисны аль аль хэрэглээ нь энэ сөрөг мэдрэмжүүдийг түр зуур үгүй хийдэг. Сүүлдээ энэ үйлдэлдээ найдаж, энэ нь нуугдмал байдалтайгаар зуршил болон хөгждөг.
Харамсалтай нь хүүхдүүд, өсвөр үеийнхэн маань порно бичлэг үзэх нь элбэг болжээ. Ихэвчлэн санамсаргүй байдлаар анх үзэж эхэлдэг. 3 тохиолдлын 2 нь хүсээгүй эсвэл санамсаргүй тохиолдол байдаг. Хамгийн анх үзсэн дундаж нас 11 байна. Онлайнаар олж авч болох интернэтд байршуулсан порно бичлэг; зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан бичлэг/зураг/мэдээллийн тоо маш их байна. Өнөөдөр бид үүнээс зайлсхийх аргагүй болжээ – буруу хаягласан хайлтууд, нууц веб сайтууд, спам г.м. нь сексийн агуулгатай зураг, порно сайтууд руу хөтөлж байна.
Порно сайтаар зочилж буй насанд хүрэгчдийн ихэнх хувийг залуу ганц бие залуучууд эзлэдэг. Хайлтын топ 10 үг дотор секс болон порно гэдэг үг 4, 6 дугаар байрт жагсаж байна. Порно сайтаар зочлох хүмүүсийн тоо Amazon, Netflix болон Twitter нийт хэрэглэгчдээс ч их байна. 1 секундэд 3000 $ - с ч их мөнгө порно бичлэг онлайнаар худалдан авахад зарцуулагдаж байна. Жил бүр зөвхөн АНУ-д л гэхэд хэдэн тэрбум долларын бизнесийн ашиг порно хэрэглээнээс болж салхинд хийсэж байна. Гэхдээ бидний алдаж буй хамгийн том алдагдал бол нийгэм болон гэр бүлд үзүүлж буй сөрөг нөлөө юм.
Ямар нэг хэмжээгээр хэдэн сая хүмүүс порно бичлэг үзэж байгаа ч үзэж буй хүн болгон ноцтой асуудалд ордоггүй. Гэхдээ зарим цөөнхи хүмүүс нэг эсвэл хэд хэдэн замаар сөрөг нөлөөллийг нь янз бүрийн түвшинд мэдрэх болжээ. Мэдээж, түрэмгий/доромжилсон/завхай дүрс бичлэгүүд нь харилцаанд ёс журмаас гажуудсан, эрүүл бус хандлага, зан байдлыг өдөөх магадлалтай. Түрэмгий бус порно бичлэг хүртэл хосын харилцаан дахь оролцоо, дотно байдал, таашаал, хүндэтгэлийг бууруулдаг. Завхай/түрэмгий агуулгатай зүйлс байнга үзэх нь ийм төрлийн авир, үйлдэлд гаргахад хүргэдэг.
Порно донтолтын чиглэлээр тийм ч олон судалгаа хийгдээгүй. Уг асуудлын талаарх статистик тоо баримт янз бүр байдаг ба ийм судалгааны санхүүжилт бага байдаг. Берлиний Хүний хөгжлийн Max Planck институтээс хийсэн саяхны судалгаагаар тогтмол порнографик үзэх нь (долоо хоногт 4 цагаас илүүгүй) тархины тодорхой бүс дэхь саарал бодисын хэмжээнээс шалтгаалдаг болохыг тогтоосон. Уг судалгаа JAMA Psychiatry сэтгүүлд хэвлэгдэн гарсан. Порнографикаас хэт хамааралтай болсноор сэдэл, идэвхжүүлэлтийг хянаж байдаг тархины хэсгийн үйл ажиллагаа буурдаг гэж тайлбарлаж болох юм.
Өөр нэг сүүлийн үеийн судалгаагаар (Кембриджийн их сургууль, PLOS ONE сэтгүүлийн 2014 оны 7 сарын 11 дугаарт хэвлэгдсэн) өөрийн эрхгүй порно бичлэгт татагддаг хэрэглэгчдийн порно дохионд үзүүлж буй хариу үйлдэл нь мансууруулах бодист донтогчдын мансууруулах бодисны дохионд үзүүлж буй хариу үйлдэлтэй ижил байсан нь харагдсан. Мөн эрэгтэй порно бичлэг хэрэглэгчид (дундаж нас 25) жинхэнэ хамтрагчидтайгаа бэлгийн харилцаанд ороход бэлэг эрхтэн нь хөвчрөхгүй байх ноцтой асуудалд ордог болох нь (50%-с илүү хувь нь) тогтоогдсон. Харин тэдэнд порно бичлэг үзэхэд энэ асуудал үүсдэггүй гэж судалгаанд оролцогчид хариулжээ. Залуучууд хөвчрөлийн сааталд (erectile dysfunction) өртөх хувь өндөр байгаагийн нэг шалтгаан нь энэ гэж судлаачид тэмдэглэсэн юм. Судалгааны багийн дарга Valerie Voon дүгнэхдээ өөрийн эрхгүй порно үзэхийг хүсдэг хэрэлэгчдийн тархины мэдрэмтгий чанар нэмэгдэх байдал ажиглагдсан. “Судалгаанд оролцсон эрүүл бүлэг болон өөрийн эрхгүй бий болдог бэлгийн зан байдалтай өвчтөнүүдийн тархины идэвхжил хооронд тодорхой ялгаа байна” хэмээн багийн дарга хэлсэн. Энэ салбарын судалгаа, шинжилгээ одоо хэр нь хангалтгүй байгаа ч эрдэмтэд, судлаачид бүх чадлаа дайчилж байгаа. Үүнээс гадна зөрчилт санаа бодлууд байсаар л байна.
Гэвч бодит амьдрал дээр хүмүүсийн хувьд юу чухал вэ гэвэл “Ямар нэг үйл ажиллагааны өөрчлөлт бий болсон уу үгүй юу?” гэдэг байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэх, хамгаалах тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Хүүхэд интернэт орчинд байх үед хандалтыг нь хязгаарлаж, хараа хяналт тавих нь зайлшгүй хэрэгтэй. Харин порно бичлэг хэрэглэгчид уг үйлдэл түүний амьдралд хэрхэн нөлөөлж буй тухай дараах асуултанд шударгаар өөрөө өөртөө хариулах хэрэгтэй:
· Бид хоёрын харилцааг уг үйлдэл (порно хэрэглээ) муутгаж байна уу?
· Хэт их цагийг би үүнд зарцуулаад байна уу?
· Бусдыг өөрөөр харж, дүгнэхэд энэ үйлдэл хүргэж байна уу?
· “Орон дотор” асуудал үүсч байна уу?
· Ажил/гэр бүл/найз нөхдөөс минь намайг холдуулж байна уу?
· Энэ үйл ажиллагаанд оролцох гэж би худлаа ярьж эсвэл өөдгүй аашилж байна уу?
· Порно үзэж эхэлснээс болж би илүү тусгаарлагдмал болж эсвэл сэтгэл гутралд орж байна уу?
· Өөрөө тийм ч их хүсээгүй байж заавал үзэх ёстой юм шиг санагдаж байна уу?
· Би үүнд хэт их мөнгө зарцуулаад байна уу?
· Би өөрийгөө удирдаж чадахгүй байна уу?
Эдгээр асуултанд хариулсанаар танд асуудал байгаа эсэхийг (эсвэл таны дотны хэн нэгэнд) тодорхойлж болно. Энэ асуултыг мөн адил мансууруулах бодист донтсон хүмүүст тавидаг.
Ямар ч үед мэргэжлийн хүнээс тусламж авах нь хамгийн зөв арга. Одоогоор порно донтолттой холбоотой эмчилгээний хөтөлбөр, судалгаа нь мансууруулах бодис аль эсвэл архины донтолт шиг сайн хөгжөөгүй, өргөн дэлгэр тархаагүй байгаа. Эмчилгээний ямар арга үр дүнтэй болох тал дээр одоо хэр нь зөрчилтэй байгаа. Одоогоор бэлгийн болон порно донтолтын эмчилгээ туршилтын шатандаа л явж байгаа. Танин мэдэхүй-Зан байдлын терапи (CBT) нь одоогоор хамгийн амжилттай загвар болоод байна. Ямар ч асуудлын үед эрүүл ухаанаар сэтгэж, логиктой бодож асуудлыг тодорхойлж, асуудалд хандах хэрэгтэй. Хэрэв танд асуудал байна гэж бодож байгаа бол танд байгаа, хэрвээ танд эмчилгээ үр дүнгээ өгч байна гэж санагдаж байвал, өгч байгаа. Энэ салбарын талаарх судалгаа, эмчилгээ, мэдлэг ойлголтыг цаг ямаг хөгжүүлж байх хэрэгтэй.
Б. Тунгалаг
Also check the parma court
ReplyDelete