Ёс суртахууны Кольбергийн онол

Танин мэдэхүйн хөгжил нь ёс суртахууны учир шалтгааныг дагуулдаг. Лоренц Кольберг (1969, 1985) ёс суртахууны хөгжил буюу ухаалаг зан үйлийн мэдлэгтэй болох хөгжлийг судалжээ. Кольбергийн онол нь Пиажегийн эрт үеийн судалгаан дээр үндэслэсэн бөгөөд зөв, буруу хэв маягтай болох учир шалтгааныг тайлбарлажээ.
Нэгдүгээр түвшин, ёс суртахууны өмнөх чадвар нь шагнал эсвэл шийтгэлийн хүлээлтээс бүхэлдээ шалтгаална. Нэгдүгээр түвшин нь хоёр үе шаттай. Нэгдүгээр үе шатанд хүүхэд шийтгэлээс зайлсхийхийн тулд дүрэм журмыг үг дуугүй дагана. Хоёрдугаар үе шатанд бодгаль нь шагнал авахын тулд нийгмийн дүрэм журмыг хүлээн зөвшөөрнө. Нэгдүгээр түвшинд зан үйл ерөнхийдөө тааламжаар хөтлөгддөг.
Хоёрдугаар түвшин, ёс суртахууны дунд чадвар нь нийгмийн стандарт болон дуулгавартай байдлаас бүхэлдээ шалтгаална. Гуравдугаар үе шатанд бодгаль нь бусдаас дэмжлэг авахын тулд ёс суртахуунлаг зан үйлийг бий болгодог. Дөрөвдүгээр үе шатанд зэмлэлээс зайлсхийхийн тулд эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх шинжтэйгээр зан төлөвөө бүрдүүлдэг.
Гуравдугаар түвшин, ёс суртахууны дараах чадвар нь ёс суртахуунлаг сэтгэлгээний хамгийн өндөр түвшин нь бөгөөд итгэл үнэмшил, хувь хүний стандартаас бүхэлдээ шалтгаалдаг. Тавдугаар үе шатанд бодгаль нь бусдын эрх ба ардчилсан хуулийг эрхэмлэдэг. Зургаадугаар үе шатанд өөрийнхөө "ичих нүүр"-ээр бүхэлдээ удирдуулна. Кольбергийн үзсэнээр зарим хүмүүс ёс суртахууны Гуравдугаар түвшинд хэзээ ч хүрдэггүй гэнэ.


Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг