Оюун ухааны хомсдол
Хувь хүн IQ-ийн тестэнд 70-аас бага оноо авсан бол тухайн хүнийг дасан зохицох зан үйлийн (хэл ярианы, нийгмийн чадварууд гэх мэт) хувьд асуудалтай байна гэж үзнэ. Эдгээр асуудлууд 18 нас хүртэл үргэлжилсэн бол оюун ухааны хомсдолтой гэх юм. Америкчуудын бараг 3% нь оюун ухааны хомсдолтой байдаг.
Хомсдлын түвшин. Оюун ухааны хомсдлыг одоогоор хэн ч нэг ижил түвшинд ангилж чадаагүй байна. Ерөнхий ойлголтоор бол маш удаан суралцагчид өөрсдөдөө аливаа зүйлийг хийх чадваргүйг оюун ухааны хомсдолтой гэж үзэх ажээ. Харин Бине оюун ухааны хомсдлыг тэнэг (moron), дүйнгэ тэнэг (imbeciles), усан тэнэг (idiots) гэж ангилсан.
DSM-III-R (1987) ангилалд оюун ухааны хомсдлыг хөнгөн, дунд, хүнд, гүнзгий гэж дөрөв ангилжээ. Хөнгөн хэлбэрийн оюун ухааны хомсдлын ангилалд IQ-ийн 50-70 оноо авсан хүмүүсийг хэлдэг бөгөөд тэдгээр хүмүүс нь оюун ухааны хомсдлын дийлэнх түвшинг эзэлдэг. Насанд хүрэгчдийн оюун ухааны нас нь 8-12 байдаг. Зарим нь өндөр-үйл ажиллагаатай байдаг. Тэд гэр бүл, мэргэжил, байгууллагуудад амжилт олох чадамжтай байдаг хэдий ч хийсвэр сэтгэхүй нь тун тааруу юм.
Дунд хэлбэрийн оюун ухааны хомсдол нь 10%-ийг эзлэх бөгөөд тэдний IQ оноо 36-49 хооронд, мөн оюун ухааны нас нь 4-7 хооронд байдаг. Тэд анхан шатны түвшинд уншиж, бичиж чадах боловч тэдэнд байнгын хараа хяналт хэрэгтэй.
Хүнд хэлбэрийн оюун ухааны хомсдол нь 3%-ийг эзлэх бөгөөд тэдний IQ оноо 20-35 хооронд, мөн хэл ярианы бага зэргийн хэрэглээтэй. Тэд бие даасан бус, асран хамгаалагчаас хамааралтай, зарим хэвшмэл үйлийг сурах боломжтой байдаг.
Гүнзгий хэлбэрийн оюун ухааны хомсдол нь маш бага 2%-ийг эзэлдэг бөгөөд IQ 20-оос доош оноотой байдаг. Тэд хэвшмэл үйлийг сурах боломжгүй, тэдний эсэн мэнд байх нь асран хамгаалагчаасаа шууд хамааралтай.
Оюун ухааны хомсдлын шалтгаан. Сэтгэл судлаач нар оюун ухааны хомсдлын ирээдүйн төлөв байдал, эмчилгээ, мөн түүний учир шалтгааныг судалгаагаар тогтоохыг эрмэлздэг юм. Оюун ухааны хомсдол үүсэх хүчин зүйлс янз бүр байдаг ч бид найдвартай хариултыг мэдэхгүй байна (Hallahan ба түүний хамтрагчид, 1985). Гэхдээ үндсэн хоёр категори байх бөгөөд тэдгээрийг удамшлын ба орчны хэмээн авч үздэг.
Оюун ухааны хомсдлын удамшлын шалтгаанд биохимийн эмгэг орох бөгөөд фенилкетонурия (phenylketonuria-PKU) мөн хромосомын эмгэгүүд гэх мэт хүчин зүйлс багтдаг. Дауны синдром оюун ухааны хомсдлын нэг хүчин зүйлс юм. Эхийн нас ахих тусам хүүхдийн Дауны синдромтой байх хандлага улам нэмэгддэг.
Орчны хувьд ураг эхийн хэвлийд байхад хор уршигтай эм хэрэглэсэн, тамхи татсан, амин дэмгүй хоол хүнс хэрэглэсэн, халдварт өвчин туссан нь оюун ухааны хомсдлын хүчин зүйлс байх хандлагатай байдаг. Мөн ураг нь тархиндаа гэмтэл авсан бол, эсвэл амьдралын эхэн үед хортой зүйл ууж, халдварт өвчин туссан (менингит - тархины үрэвсэл) бол оюун ухааны хомсдол үүсэх бас нэгэн шалтгаан болдог байна. Үүнээс гадна ахуйн шалтгаанаас хоцрогдол үүсдэг. Жишээ нь, хүчирхийлэл, ахуйн хангалтгүй байдал гэх мэт.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: