Милграмын дуулгавартай байдлын туршилт


Хэрэв та өөр нэгнийг 450 вольтоор цохих даалгавар авбал түүнийг даган биелүүлэх үү? Энэ асуултанд ихэнх хүмүүс мэдээж үгүй гэж хариулдаг. Гэвч сэтгэл судлаач Стэнле Милграм 1961 онд дуулгавартай байдлын туршилтыг удирдан явуулж хачирхалтай үр дүнд хүрчээ. Тэрээр туршилтаараа дуулгавартай байдал ба эрх мэдэл бүхий байдал хэрхэн бий болдогийг мэдэхээр зорьж байв. Энэ туршилт нь хүн өөрөөсөө илүү дээд албан тушаалтан, эрх мэдэлтний хэлсэн үг зааварчилгааг дуугүй даган биелүүлэх хандлагатайг харуулсан юм. Мөн хүн эгзэгтэй үед шийдвэр гаргахдаа өөрөөсөө дээд албан тушаалтны үгийг дагадаг болох нь тодорхой харагдаж байсан.
Милграмын туршилтанд сонингын зарын дагуу ирсэн нийт 40 эрэгтэй оролцжээ. Оролцогч бүрт 4.50 доллар өгсөн. Туршилтанд оролцогчид сайн дурын оюутнуудаас асуулт асууж буруу хариулсан тохиолдолд 15 вольтоос эхлэн 450 вольт хүртэлх хэмжээний тогоор цохих даалгавартай байв. Тогоор цохих товчлуурууд нь “ялимгүй цочрол”, “дунд зэргийн цочрол”, “аюул” гэх зэрэг шошготой байв. Сүүлчийн 2 товчлуур нь айдас төрүүлэм “ХХХ” гэсэн хаягтай. 40 оролцогч эрэгтэй нь оюутнуудыг буруу хариулах тоолонд тогоор цохих үүрэг бүхий багшийн дүрийг бүтээнэ. Харин сурагчдын хувьд тэд туршилтын хамсаатан бөгөөд тэдэнд ямарч тог очихгүй харин зөвхөн өвдөж буй дүр үзүүлэх ёстой байлаа. Оролцогч болон оюутнууд нь ханаар тусгаарлагдсан хоёр өрөөнд байх ба 300 вольт хүрэхэд оюутан ханыг балбаж, ёолж, туршилтыг зогсоохыг гуйх болно. Энэ вольтоос хойш оюутан асуултанд хариулахаас татгалзаж чимээгүй болох болно. Ингэсэн тохиолдолд багш буюу оролцогч буруу хариултанд тооцон тогийг цааш үргэлжлүүлэн цохино. Ихэнх оролцогчид энэ үед туршилтыг үргэлжлүүлэх хэрэгтэй юу хэмээн асуусан байна. Туршигч хариуд нь:
1.    Цааш нь үргэлжлүүлнэ үү
2.    Туршилтыг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай байна
3.    Үргэлжлүүлэх явдал нь маш чухал
4.    Танд өөр сонголт байхгүй үргэлжлүүл зэрэг хариулт буюу тушаалыг өгч байв.
Туршилтын үр дүн: Милграм 100 оролцогчоос 3 нь хамгийн өндөр вольт буюу 450 вольтод хүрнэ гэж таамаглаж байсан байна. Харин бодит байдал дээр оролцогчдын 65% нь 450 вольтыг сонгосон байна. Өөрөөр хэлбэл 26 оролцогч нь дээд вольтыг сонгож 14 оролцогч нь туршилтыг зогсоосон.
Милграмын туршилтын талаар ёс зүйн хувьд маргаантай асуудал гардаг. Яагаад оролцогчид заавар дээрх тэдгээр садист, харгис заавруудыг биелүүлсэн бэ? Гэх асуултанд Милграм дараах нөхцөл байдлуудаар тайлбар өгсөн байна.
·     Физиологийн хувьд эрх мэдэлтэй гадаад төрх бүхий туршигчаас шалтгаалан буулт хийх байдлыг улам нэмэгдүүлнэ.
·         Оролцогчид их сургуулийн нэр хүндтэй байдал болон, туршилт нь аюулгүй байх ёстой гэдэгт итгэсэн.
·         Багш сурагчдын статус нь тохиолдлын байдал мэт санагддаг.
·         Оролцогчид туршигч нь шаардлага хангахуйц мэргэжилтэн гэж таамагласан.
·         Тогон цочрол нь өвтгөх боловч аюулгүй гэж бодсон зэрэг.
Милграмын туршилт нь дуулгаварай байдлын аюулыг батлан харуулсан сэтгэл судлал дахь сонгодог туршилтуудын нэг юм.

Эх сурвалж: www.psychology.about.com                                 

    Б.Ганзул