Монголын сэтгэл зүйчид нэгдэж байна
СЭТГЭЛ СУДЛАЛ хэмээх нэр томъёо монголын шинжлэх ухаанд нэвтрээд аль хэдийн хагас зууны нүүр үзжээ. Харин энэхүү шинжлэх ухааны хөгжил, тэр дундаа олон нийтэд сэтгэл судлалын хэрэглээг түгээх үйл явц сүүлийн 10 жилд эрчимтэй явагдаж байна гэж хэлж болох юм. 2013 оны байдлаар монголдоо 7 их дээд сургуулиудад (МУИС, МУБИС, ХСИС, ХИС, Энх-Орчлон ДС, Орхон ИС) мөн гадаад улс орнуудад сэтгэл судлалын чиглэлээр олон тооны оюутан сурагч, мэргэжилтнүүд сурч, мэргэшиж байна. Тэрчлэн сэтгэл зүйн чиглэлийн сургалт, зөвлөгөө, оношилгоо, судалгаа хийдэг Төрийн бус байгууллагуудын тоо аль хэдийн 50 хол давжээ.
Цаашид мэргэжлээрээ ажиллах эрх зүйн орчин одоогоор Монгол улсад бүрэлдээгүй учраас жилээс жилд нэмэгдэж буй эдгээр олон тооны сэтгэл зүйчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагааг нь баталгаажуулах хуулийн заалт, журмууд, мэргэжлийн ёс зүйг нь хянах, боловсролыг нь нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зэрэг олон тооны асуудлуудыг шийдвэрлэхэд сэтгэл зүйчид өөрсдөө дуу хоолойгоо нэгтгэж, нийлэн, өөрсдийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий, тогтмол үйл ажиллагаатай, тууштай ажиллах байгууллагатай (нийгэмлэгтэй) болох хэрэгцээ шаардлага нэгэнт бий болоод байгаа юм.
Сэтгэл зүйчдийн уулзалт, хурал, семинарууд өмнө нь сэтгэл судлаач бэлтгэдэг их дээд сургууль /МУИС, МУБИС, ХИС, хуучнаар Дотоодын Их сургууль/, сэтгэл зүйн төвүүдийн /Монгол Өрх СЗХ, Сэтгэл Судлалын Үндэсний Төв/ санаачлагатайгаар удаа дараа хийгдэж байсан нь сэтгэл зүйчид хоорондоо мэдээллээ солилцох, эрдмийн ажлуудаа танилцуулах, мэргэжлийн тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх боломжуудыг олгож байсан билээ.
Ийнхүү сэтгэл зүйчдийн ээлжит уулзалт 2013 оны 3 сарын 15-нд Нийслэл хотноо “МОНГОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ” нэртэйгээр сэтгэл зүйн дөрвөн төвийн /Сэтгэл Судлалын Үндэсний Төв, Монгол Өрх Сэтгэл Заслын Холбоо, Сэтгэлийн Анир, Ухамсарт Сэтгэл/ санаачлагаар амжилттай зохион байгуулагдаж 150 гаран сэтгэл зүйчид идэвхтэй оролцон, өөрсдийн санаа, бодлыг хуваалцан дараах тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- 1. Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийг шинээр байгуулах,
- 2. Нийгэмлэг байгуулахтай холбоотой бэлтгэх ажлуудыг хангах ажлын хэсгийн баг 2013 оны 3 сарын 25 –нд МУБИС-ын Биеийн тамирын сургуулийн байранд 15.00 цагаас уулзах. Ажлын хэсгийг МУБИС Боловсрол судлалын сургуулийн багш О.Мягмар ахлах.
- 3. Нийгэмлэгийн бүтэц бүрэлдэхүүнийг албан ёсоор томилох, үйл ажиллагааны чиглэл, үүргийн талаар 2013 оны 5 сарын 4-нд Монголын сэтгэл зүйчдийн үндэсний хэмжээний чуулганаар хэлэлцэн, албан ёсоор батлах.
Энэхүү ажлын багт сэтгэл судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг бүх их дээд сургуулиуд, сэтгэл зүйчтэй хуулийн, эрүүл мэндийн, боловсролын зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд, сэтгэл зүйн төвүүд, сэтгэл зүйч нарын төлөөл орох бүрэн боломжтойг энд онцолж байна.
Ц.Энхжаргал
Эх сурвалж:
www.psychology.mn
0 comments: