Мэдээллийн ачааллын синдром гэж юу вэ?

Ажлынхаа хажуугаар сэм сэм фейсбүүк, твиттер хаягаа шалгаж, танидаг танидаггүй хүмүүстэй чинь сонин сайхан зүйл тохиолдсон эсэхийг шалгаж сууна уу? 

Өдөр ирэх тусам бие биетэйгээ улам холбоотой болж буй цахимжсан энэ үед бид хүссэн хүсээгүй мэдээллийн урсгалд байнга өртөж байдаг. Бид өдөр бүр интернет, компьютер, гар утас ашиглаж, өдөр бүр мэдээ уншиж, зурагт үзэн, интернет радио сонсдог болж. Замд явахдаа хүртэл хажуугаар өнгөрөх зарын самбаруудыг уншсаар явдаг. Хэдийгээр эдгээр хэрэгсэл, технологиуд нь хэрэглэхэд хялбар, ашигтай ч (бид толгойд орсон асуултынхаа хариуг нэг хайлтаар л олж авч болдог болсон, ялангуяа утас чинь интернетэд холбоотой бол) энэ их хэрэглээ маань “Мэдээллийн илүүдэл” гэдэг зүйлд хүргэдэг байна. Уг ойлголт нь бид авч буй мэдээллүүдээ хүлээн авч, боловсруулах чадваргүй  байдлыг хэлдэг ба өнөө үед мэдээлэл ч хаа сайгүй байдаг болжээ. 

Асуудлыг тодорхойлвол ...

Мэдээллийн илүүдэл буюу өөрөөр “Мэдээллийн ачааллын синдром” (МАС) нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, техник технологи, мэдээллийн хэрэглээ хэтэрснээс үүддэг. Бидний тархи бидний өгч буй бүх мэдээллийг хүлээж авахад бэрхшээлтэй байдаг бөгөөд бидний амьдарч буй цахилгаан соронзон орчин (гар утас, wi-fi-аас ялгардаг) байдлыг бүр ч дордуулдаг байна. Эцэст нь биднийг амархан ядрах, алдаа гаргах, буруу шийдвэр гаргах, толгой өвдөхөд хүргэдэг. Гол асуудал нь хэт их мэдээлэл, технологи ашигласнаар бид өөрсдөө “хэвийн ажиллах”-аа больдог байна.

Шалтгаан ...

Мэдээллийн илүүдэл нь хаа сайгүй түгээмэл байдаг ба ажил, гэрт, чөлөөт цагаараа ч бид үүнд өртөж байдаг. Зарим шалтгаанаас дурьдвал:

- Интернет ашиглах боломж өргөн, хялбар болсон

- Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд: Фейсбүүк, твиттер гэх мэт

- Гар утас, мобайл интернетийн өргөн, хямд хэрэглээ 

- Онлайн болон оффлайн мэдээ, мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа: ТВ, сонин, сэтгүүл, зарын самбар

Зохицуулах арга зам ...

Энэ асуудлын нэг “гэрэлтэй тал” нь үүнийг зохицуулах шийдэл нь харьцангуй энгийн юм: интернет болон элдэв медиа хэрэгсэл ашиглахгүй өнжих, өдрийн интернетийн хэрэглээгээ хязгаарлах. Интернетэд донтсон техно-хүмүүс бидэнд эдгээр хориг нь аймшигтай сонсогдож мэдэх ч эрч хүч, сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын ерөнхий хяналтаа эргүүлэн авахыг хүсвэл зайлшгүй хийх шаардлагатай зүйл юм.
Бүтэн өдрийг цахилгаан хэрэгслээс хол өнгөрөөж (гар утас үүнд багтана),байгальд гаран хөгжилд. Хэрэв танд таатай санагдаж байвал (тэгэх ч магадлалтай бөгөөд) үе үе ингэж амралт авч байгаарай. Хэрэв та хуваарийн дагуу амьдрах дуртай бол долоо хоногт нэг удаа интернетгүй өдөр гаргаарай. Хугацаа нь хэт ойр санагдаж байал сард хоёр удаа байж ч болох шүү дээ. Ажил, сургуульдаа тохирсон хуваарь зохиогоорой. Хамгийн гол нь ямар ч сайхан зүйлсийг хэмжээ хязгаартай хэрэглэх шаардлагатай ба үүнд технологийн дэвшил болох интернет, фейсбүүк, твиттер гэх мэт зүйлс багтах юм шүү.

Ц.Цэрэндолгор