Хэрхэн шүүмжилж сурах вэ?
Хэн ч өөрийнхөө буруу зүйл хийж байгаа тухай сонсохыг хүсдэггүй. Хамгийн бодитой шүүмжийг хэлэхэд ч хүмүүс өөрийгөө хамгаалах гэж оролдох нь түгээмэл байдаг. Ийм учраас шүүмж хэлж байгаа бол дургүйцлээ илэрхийлэх хэсгийг алгасаад тайлбарлах хэсэг рүүгээ шууд орохыг “Маргаанаас Шийдэл рүү” номын зохиогч, сэтгэл судлаач Сузан Хейтлер зөвлөжээ.
Жишээ нь хоол хийж байх үедээ “Ингэж төмсийг шардаггүй юм, ингэвэл хатчихдаг юм” гэж хэлэхийн оронд жишээ нь “Хайруулын тавгаа сайн халаавал төмсөө болсон үгүйг мэдэхэд амар байх болно. Сонгиноо өнгөгүй болтол нь хутгаад, бага зэрэг масло нэмэн хутгасаар байх хэрэгтэй. Ингээд сайхан боллоо” гэж хэлвэл илүү үр дүнтэй.
Эцэг эхчүүдийн хувьд гэрийн даалгавар, гэрийн ажлын тухай ярихад ч энэ арга адилхан нөлөөтэй. Хүүхдээ байцаахын оронд дэмжиж, урамшуулсан үгсийг сонгох хэрэгтэй. Хийгээгүй эсвэл буруу хийсэн зүйлийг нь биш харин та хүүхдээ хийгээсэй гэж хүсч буй зүйлээ хэлэхийг сэтгэл судлаач Хейтлер зөвлөсөн байна. ("Юун нохойн хороо вэ! Чи юугаа хийж байсан юм? Нэг ч юмаа цэвэрлээгүй байна шүү дээ. Цэвэрлэж дуустал чинь ямар ч найз чинь амралтын өдрөөр ирэхгүй шүү" гэж хэлэхийн оронд"Ээж нь/Аав нь чамайг өрөөгөө цэвэрлээсэй гэж хүсч байна. Тэгвэл амралтын өдрөөр найзуудтайгаа тоглож болно шүү" гэж хэлээрэй.) Шүүмжлэл нь хүүхэд эцэг эхтэйгээ харилцах харилцаанаас хардаг хамгийн чухал хүчин зүйл юм. Иймд хүүхдээ ичээж, гутаалгүйгээр шүүмжлэх нь чухал.
Хэрэв та хүүхдийнхээ сургууль дээрх эсвэл өөр бусад зүйл дээрх гүйцэтгэлд сэтгэл хангалуун бус байгаа бол тэр бодлоо шийдэл хайсан ярианд тусгах хэрэгтэй. Өөрийнхөө гүйцэтгэлийг хэрхэн үнэлж байгааг, үүнээс юу сургамж болгон авсныг хүүхдээсээ асуу. Хэрэв хүүхэд хийсэн зүйлдээ өөрөө сэтгэл хангалуун бус байвал дараагийн удаад юуг өөрөөр хийх, хүссэндээ хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байгааг нь асууж ярилцаарай.
Ямар ч харилцаанд шүүмжлэл хамгийн хор хөнөөлтэй байдаг. Харвардын сэтгэл судлаач Жилл Хүүлей, Оксфордын сэтгэл судлаач Жонн Тисдейль нарын тогтоосноор “Таны хань танд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?” гэдэг асуулт уналтанд орсон гэрлэлтийг урьдчилан тааварлах гол үзүүлэлт болдог байна. Гэрлэлт нь уналтанд орсон хүмүүс хэвийн байгаа хүмүүстэй харьцуулахад гэр бүлийн хүнээ илүү шүүмжлэлтэй гэж дүгнэсэн байжээ. Бид нийгмийн амьтад бөгөөд бидний юмсыг хэрхэн илэрхийлэх байдалд бодит хүч агуулагдаж байдаг. Ямар ч харилцааг хамгаалж, авч үлдэх нь бидний хэрхэн харилцахаас үүдэлтэй байдаг юм шүү.
Ц. Цэрэндолгор
Your content is always a pleasure to read. Thanks! Also check the napa court house
ReplyDelete