Хайрлах гэж юу вэ?
Хүн бүр л хэн нэгнийг хайрлаж, хэн нэгэнээр хайрлуулдаг. Хүн бүр энэ мэдрэмжийг мэдэрдэг. “Хамгаас чухал зүйл бол хайр” гэсэн энэ өгүүлбэрийн цаана бүхэл бүтэн шинжлэх ухаан байдгийг та мэдэх үү ? Харвардын их сургуулийн эрдэмдийн хийсэн 75 жилийн урт хугацааны судалгаагаар хайрыг аз жаргалтай, эрүүл амьдралын гол түлхүүр гэж тодорхойлжээ.
Дэлхий нийтээрээ хайрыг онцгой “увидастай” гэж үнэлж байгаа ч зан үйлийн хувьд тайлбарлахад төвөгтэй юм. Харвардын судлаачдын багийн ахлагч Доктор George Vaillant “Аз жаргалтай амьдрахад хоёр зүйл л чухал. Нэг нь Хайр. Нөгөө нь хайрыг өөрөөсөө түлхэхгүйгээр амьдралыг туулах арга замыг олох юм” гэж тодорхойлжээ.
Хэдийгээр хүн бүр хайрлаж, хайрлуулахыг хүсдэг ч, бидний амьдрал, харилцааны бүхий л хүрээнд хайрыг эрх чөлөөтэйгээр орших боломжыг олгох тал дээр бидэнд маш их асуудал тулгардаг. Бид хайрын эсрэг өөрийгөө хамгаалах маш олон аргатай ба эрх чөлөөтэйгөөр хайрыг өгч, авч төдийлөн чаддаггүй.
Утга учир, хөгжил гэдэг үгстэй хайр нь маш нарийн холбогддог ба хүн бүр хайрыг ямар нэгэн үйлдэл эсвэл үйлдлийн багц гэж харах хэрэгтэй. Ингэснээр бидэнд үнэ цэнэтэй хүмүүсийг өөртэйгээ илүү ойрхон болгож байгаа юм. Романтик харилцааны хувьд хайр гэдэг дараах хэд хэдэн шинжээр тодорхойлогдоно:
- Хайраа илэрхийлэх (бие махбод болон сэтгэл зүрхээрээ)
- Хайртай хүндээ сэтгэл ханамж, тааламжтай байдлыг өгөх хүсэл
- Энхрийлэл, өрөвдөлт, нөгөө хүнийхээ хэрэгцээ, сонирхолыг хүндэтгэх
- Хамтын үйл ажиллагаа, зорилготой байх
- Хамтын эзэмшил тодорхой түвшинд байх
- Хувийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэн далангуй, шударгаар солилцох
- Санаа тавиж, тайвшруулж, тайтгаруулж, нөгөө хүнийхээ хүсэл эрмэлзэлийг дэмжиж, тусалдаг байх.
Амиа хичээх эсвэл өөрийн сонирхолыг нэгт тавих гэсэн хүсэл, үзэл бодол нь хайр гэдэг зүйтэй хэзээ ч нийцэхгүй. Тиймээс хайр нь хүнийг хүмүүжүүлж; өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл, хувь хүн өөрийгөө эерэгээр хүртэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Хайр хэзээ ч хууралт гэдэг үгтэй цуг хэрэглэгддэггүй. Учир нь нөгөө хүнээ хуурах нь тэр хүн өөрийнхөө бодит байдлыг үгүй хийж байгаатай ижил юм.
Бид энэ шаардлагуудыг хангаж байгаа юу? Бид харилцаагаа шинжилж дараах асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй:
- Бид нэг нэгнээ хөгжүүлж, өсөн дэвжихэд нь тусладаг уу?
- Нэг нэгнээ таатай, сайхан байлгахын тулд бид ямар нэгэн арга хэмжээ авдаг уу?
- Бид нөгөө хүнийхээ онцлог, сонирхол, хэрэгцээг харгалздаг уу?
Ихэвчлэн бид хайрыг бараг оршихуйн идэвхгүй хэлбэр гэж боддог. Хайрыг зүгээр нэг урсгалаараа болчихдог үзэгдэл хэмээн ойлговол хайртай хүнийхээ өдөр тутмын амьдралын хэмнэлд нь орчихдог. Эсвэл бодгаль хүн гэдгээр нь хүндлэх мэдрэмжгүй болчихдог. Иймд тэр хүнээ өөрийнхөө нэг хэсэг гэж хүлээн авдаг. Энэ үед бид “фантаз хүлээс” - ийг бий болгох эрсдэлтэй. Хайр энхрийлэл болон сонирхлын жинхэнэ мэдрэмж хэн нэгний өмч болсон гэсэн хуурмаг төөрөгдлөөр солигдох үзэгдлийг фантаз хүлээс гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө болон бидний найз бүсгүй/залуугаа нэг хүн мэт төсөөлдөг. Энэ нөхцөлд бие биенийгээ хувь хүн талаас харах биш үүрэг гүйцэтгэгч болгоод байгаа юм. Тийм учраас тааламжтай, сайхан мэдрэмжийг авч чадахаа больдог ажээ.
Энэ фантаз хүлээс нь “аюулгүй мөртлөө төөрөгдсөн мэдрэмж” - ийг бий болгодог. Үүнийг тайлбарлавал – БИ ГАНЦ БИЕ БИШ гэсэн бодол. Ганц бие болохоос айж, өөрийгөө хуурамч нөхцөл байдалд оруулж байгаа энэ аж. Гэвч ийм байдлаар хэн нэгэнтэй холбогдох нь өөрийн БИ – г алдахад хүргэдэг. Ингэснээр өөрийн үнэт зүйлсийг алдаж, харилцааныхаа чухал хэсгүүдийг үгүй хийж байгаа юм. Хайрын жинхэнэ мөн чанар хайртай гэсэн хуурмаг үзэгдлээр солигдож, энэ нь аль алинийх нь хөгжих бололцоог хаахад хүрдэг.
Найз бүсгүй/залуудаа тааламжтай санагддаг тэр үйлдлүүдээ хийхээ болих тэр үед харилцаа тань үнэ цэнээ алдахын шинж болдог. Харин үүний оронд өөрийн хэрэгцээ сонирхлоо биелүүлэх хэрэгсэл болгон харж эхлэнэ. “Сэтгэлийн өлсгөлөн”-гөө жинхэнэ хайраас ялгах нь маш чухал. Хүүхдээ тэвэрч буй эцэг эхийг хараад тэврэлт ямар шалтгаантай болохыг та ажиглаж байсан уу? Хүүхдээ тайвшруулах гэж үү? Халамж, хайр өгөх гэж үү? Аль эсвэл хүүхдээ тэвэрч өөрийгөө тайтгаруулах гэж үү? Бид найз залуу/бүсгүй, эхнэр/нөхөртөө хандахдаа бидний зан үйл тэдний төлөө юу эсвэл өөрийнхөө төлөө юу гэдгээ бодох хэрэгтэй. Бид өөрсдийнхөө дутууг дүүргэх гэж тэдэнд магадгүй зарим талаараа шударга бус хандаж байгаа юм биш биз ? Өнгөрсөнд авсан сэтгэлийн шархаа тэднээр нөхүүлэх гэж найддаг юм биш биз ?
Нэг жишээ дурдая. Эхнэр нь нөхрөө байнга магтдаг ч нөхөр нь түүний хэлсэн үгэнд талархдаггүй байв. Эхнэр өөрийн хэлдэг үгсийг тоолж, эрэгцүүлэн боджээ. Түүний хэлдэг үгс нөхөртөө хандсан бус харин бүсгүйн өөрийнх нь тусгал байжээ. Хэлдэг үгс нь: “Би ямар азаар ийм сайхан, ухаалаг залуутай гэрлэвээ” эсвэл “Би ялагчийг сонгосон юм биш биз?” г.м. Эдгээр үгс нөхрийн чухал гэж үздэг түүний жинхэнэ мөн чанарыг харуулсан үгс биш байв. Харин бүсгүйн өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг баталгаажуулж өгсөн түүний үнэлдэг эр хүнд байх ёстой чанаруудыг л харуулж байлаа.
Хайр хэзээ ч дарангуйллын хэрэгсэл байж болохгүй. Энэ бол өмчлөл биш, харин эсрэгээрээ салангид бие хүн гэж үзэн, хүндэтгэж ойлгохыг хэлнэ. Ийм нүдээр тэднийг харсанаар бид тэр хүнийг байгаагаар нь харах боломжийг өөртөө олгож байгаа юм.
Мэдээж ийм хэлбэрийн харилцааг бүтээх замд зөндөө бэрхшээл тулгарах ч энэ оргилд хайртай хүнтэйгээ хүрэх нь илүү хэцүү. Бидний харилцаа тийм ч гайхалтай биш байгаагийн нэг шалтгаан таны өнгөрсөн туршлагатай холбоотой. Багадаа өссөн гэр бүлийн орчинг бид том болоод бүтээх магадлалтай байдаг. Илүү хайр татам харилцааг бий болгохын тулд “өөрийгөө-сөнөөж” байгаа зүйлсийг олж илрүүлэх хэрэгтэй: Өнгөрсөнд авсан гэмтэл одоогийн харилцаатай хэрхэн холбогдож байна вэ?
Энэ зан үйлээ эрэгцүүлэн тунгааснаар бид их зүйлийг сурна. Байгалиас бүрэлдсэн бусдыг хайрлах инстинкт-тэй бид хэрхэн зөрчилдөж байгаагаа мэдэхээс гадна өөрийнхөө талаар ямар сөрөг бодолтой байгаагаа тодорхойлж болно. Бид өөрийнхөө үнэт зүйлийг мэдрээгүй байж хайраа илчлэнэ гэдэг хэцүү. Хайрыг цоожлож байгаагийн нэг том шалтгаан гэвэл өөрийн үнэлэмж доогуур, өөрийгөө шүүмжилдэг байдал юм. Тиймээс сайхан харилцааг бий болгохын тулд бид өөрсдийн сөрөг БИ-ойлголт эсвэл шүүмжит дотоод дуу хоолойтой тэмцэх хэрэгтэй. Бидний шүүмжит өөрийн-тусгалыг эсэргүүцсэн алхамуудыг хийж, хайрлах арга хэмжээг авч эхэлмэгц бидний өөрийн үнэлэмж нэмэгдэж, хайртай хүмүүстэйгээ улам ойр болно.
Б. Тунгалаг
0 comments: