Жозеф Фройд: Зигмунд бол өөдгүй новш !
Блогийн уншигчиддаа зориулж алдар нэр нь өнөөг хүртэл дуурсаж байдаг сэтгэл судлаач Зигмунд Фройдын ач хүү, мөн хууль ёсны өв залгамжлагч нарын нэг Жозеф Нобел Фройдтой ярилцсан Хулиан Каппа хэмээх сэтгүүлчийн ярицлагыг орчуулан хүргэж байна.
Жозеф Фройдтой уулзсан нь ...
Би 2009 онд Барселонд амьдардаг байв. Тэр жил би аргентин сэтгүүлч найзтайгаа ярилцахдаа тэнд амьдардаг сайн сэтгэл судлаач байгаа эсэхийг асуухад найз минь хамгийн сайн гэсэн сэтгэл судлаачийнхаа холбогдох хаягийг явуулъя гэлээ. Харин маргааш өдөр найз минь нэгэн сэтгэл судлаачийн холбогдох хаягийг мейл хаягтай нь хамт явуулсан байв. Явуулсан мэдээллийг үзтэл утасны дугаарын хамт Жозеф Нобел Фройд гэсэн сүржин нэртэй хавсаргажээ.
Өөрийн эрхгүй энэ чинь юу билээ ... "гэхдээ миний найз хүнээр тохуурхах хүн биш дээ" ... гэж хэсэг бодолд автсанаа ямар ч байсан найз руугаа эргээд залгахаар шийдлээ.
- Анна, Сайн уу ? Би Юлиан байна
- Би сайн, чамаар юу байна ?
- Би нэг зүйлд эргэлзээд байна. Чи над руу өөрийнхөө сэтгэл судлаачийн холбогдох хаягийг явуулсан шүү дээ. Гэхдээ сайн ойлгохгүй л байна.
- Юуг ойлгохгүй байна гэж ?
- Түүний нэр ! Энэ хүн үнэхээр сонин нэртэй юм. Түүний овог нь ...
- Овог нь яасан гэж ?
- Фройд гэж байна
- Тийм ээ, Фройд овогтой
- Зигмунд Фройд гэж байгаа юм шиг санагдах юм ?
- Тийм ээ, ингэж бичигддэг юм
- Гэхдээ ... энэ хүн зүгээр л хуурамчаар ийм овогтой болчихсон юм болов уу ? Би ойлгохгүй байна л даа
- Үгүй дээ, Жозеф Нобел Фройд бол Зигмунд Фройдын удам юм. Алдарт Фройд !
- Психоаналист Фройдын төрлийн хүн гэж үү ?
-Тийм ээ, мөн
- Би ерөөсөө итгэж чадахгүй нь ээ, энэ хүн сэтгэл судлаач мэргэжилтэй юу ?
- Сэтгэл судлаач биш, харин психоаналист хүн. Ялгаатай хоёр мэргэжил
Үүнээс хойш гурван жилийн дараа би аргентиний нийслэл Буэнос Айресд ирж найзтайгаа нүүр тулан уулзсан бөгөөд Жозеф Нобел Фройдтой уулзах завшаан олдсон минь энэ ажээ. 2012 оны 8-р сарын 23 - ны тэр өдөр алдарт сэтгэл судлаач Фройдын гэр бүл ба түүний түүхийг харуулсан нэгэн кафед бүтэн хоёр цагийн турш илэн далангуй, сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Ингээд та бүхэндээ ярилцлагаа хүргэе:
Юлиан Каппа: Фройдын гэр бүл ямархуу байсан бэ ?
Жозеф Нобел Фройд: Зигмунд Фройд гэр бүлээсээ ганцаараа их сургууль төгссөн. Эгч нар нь зөвхөн ахлах сургууль дүүргэсэн юм. Түүний үеэлүүд ч гэсэн төрөл садангуудтай нь адилхан их сургуульд суралцаагүй. Фройдын аав ба түүний ах дүү нар нь еврей шашинтай байсан учир бүгдээрээ хамтдаа өсөж торницгоосон. Одоогийн Чехийн Прибор буюу тухайн үеийн Австри-Унгарын вант улсын нэгэн бяцхан тосгоны том байшинд олуулаа амьдардаг байсан. Жишээ нь, өвөөгийн минь ах дүү нар ч гэсэн сургуульд сураагүй. Миний өвөө ч гэсэн Аргентинд иртлээ ямар ч боловсрол эзэмшээгүй байсан юм.
Фройд овогтнууд
Каппа: Фройдын их сургуульд суралцсан явдал түүний статусийг өөрчилжээ ?
Жозеф: Тийм. Фройд бол ээжийнхээ хамгийн хайртай хүү нь боловч дүү нараасаа хамаагүй ах байсан юм (Төрсөн ах дүүс биш боловч хамтдаа өссөн). Ер нь Фройд төрөл төрөгсдөөсөө насны хувьд хэт зөрүүтэй байсан. Миний өвөө найман настайдаа Фройдтой хамт бөмбөгөөр тоглож байсан мөчийг сайн санадаг байж. Найман настай жаал хүү 20 настай нагац ахтайгаа хамт бөмбөг тоглоно гэдэг хүндэлмээр идеаль дүр гарч ирсэн гэдэг. Тэр үед өвөө минь түүнийг баатар л гэж хардаг байсан. Яагаад гэвэл Фройд их сургуульд анагаахын чиглэлээр сурсан бол бусад хамаатнууд нь тийм биш шүү дээ.
Клемент Фройд, 1979 оны 7 сард сонгуульд оролцож байгаа нь ...
Каппа: Фройдын онолын санаа амьдралаас нь үүдэлтэй гэдэг үнэн үү ?
Жозеф: Түүнийг бага байхад Юлиус хэмээх эрэгтэй дүү нь гурван нас хүрээд өөд болчихсон юм. Миний бодлоор Юлиусын өөд болох үед хүүхдүүд янз бүрийн өвчнөөр нас бардаг байсан санагдаж байна. Харин Юлиусын ээж сэтгэлээр унаж, утга учраа алдаж хэцүү байдалд орох биш өөр нэгэн хүү Фройдод бүр их анхаарал халамж тавих болсон юм. Зарим психоаналистууд, түүхчдийн үзсэнээр эх нь өөрөөсөө насаар хамгийн ойр эрэгтэй хүүхдээсээ хагацсаны дараа Фройдыг сонгосон явдал нь түүний Эдипийн комплексийн онолын санаа гарч ирэх учир шалтгаан болсон гэж үздэг. Энэ явдал 13 настай Фройдод цаашид суралцах боломжийг олгосон хэрэг л дээ.
Жозеф Нобел Фройд |
Каппа: Тэгэхээр Юлиусын үхэл Фройдын амьдрал ба психоанализын түүхэнд эргэж буцалтгүй түлхэц үзүүлжээ ?
Жозеф: Яг тийм. Психоанализын түүхчид тэр үеийг суурь нь болсон гэж үздэг. Фройд өөрийнхөө бичсэн "Өөртөө хийсэн анализ" гэдэг номондоо эхийнх нь невроз түүнийг асар их шаналгаж байсныг хэрхэн олж мэдсэн тухайгаа дурьдсан байдаг. Фройд үүнийгээ нуугаагүй л дээ.
Каппа: Фройдыг тойрсон нийгмийн тухайд ?
Жозеф: 19-р зууны сүүлээр Венын еврей нар бидний соёл иргэншилд маш их хувь нэмэр оруулсан боловч Вена тэр чигтээ анти-семтик үзэлтэй байсан учир хичнээн сайн зүйл хийсэн ч дорд үзэгддэг байсан. Ялангуяа Кафка, Энштейн гэх мэт суут еврейчүүд дэлхий ертөнцийг дахин цэцэглүүлж байсан ч христүүд атаач байдлаар ханддаг байсан юм. Өнөөдөр ч гэсэн хэн бусдаас илүү байна тэр ялгаварлан гадуурхагддаг. Харин шашин үүнийг гардан гүйцэтгэдэг нь мөн. Тэгэхээр эрх тэгш байдлыг хангана гэж ярих нь боломжгүй зүйл. Хүмүүс өөрөөсөө илүү боловсролтой, ухаалаг, өндөр хүмүүсийг тэвчиж чаддаггүй.
Фройдын үед ийм атаархал бүр их байсан. Нацистууд Австрыг эзэлмэгц еврей нарын эсрэг улам илүү мөрдлөг, хавчлага явуулах болсон. Харин Фройд Веныг орхихыг хүсээгүй бөгөөд тэндээ үхье гэж шийдээд байсан юм. Фройд нас өндөр гарч, хоолойны хорт хавдраар олон жил шаналаад байв. Зөвхөн залгиур хоолойндоо 14 удаа хагалгаанд орсон. Эмчийн санал болгосоноор тамхиа гаанс болгож өөрчилсөн ч тамхинаас хэзээ ч гараагүй юм. Бүр сүүлд л хүн төрөлхтөн тамхийг никотин хэмээх донтуулдаг бодистой гэдгийг мэдсэн шүү дээ. Тэрбээр бас тамхинд архаг донтсон. Кокейнд бас өмнө нь донтсон боловч сүүлд гарчихсан. Харин амьдралынхаа сүүлд морфинд донтож байв. Зарим хүмүүсийн үзсэнээр Фройд үхэхийнхээ өмнө Макс Шюр эмчдээ "хэрвээ өвчин тэсэж барамгүй хэцүү үе тохиовол морфины тунг нэмж амийг нь минь егүүтгээрэй" хэмээн захисныг баталдаг бөгөөд чухам үүнийг л Фройдын үхэлтэй холбож үздэг юм. Харин миний бодлоор тийм биш. Макс Шюр эмч сүүлд энэ тухай бичихдээ Фройд өвчин намдаах зориулттайгаар бус, харин явах цаг нь боллоо гэж үзээд морфины тунг нэмж өөрийгөө егүүтгэсэн гэж номондоо дурьдсан байдаг. Тамхи нэлээд татдаг байсан ч амьдралдаа архи хэзээ ч амсаж байгаагүй учир эрүүл мэнд нь харьцангуй сайн байжээ.
Каппа: Нацистууд Веныг эзлэх тэр мөчид Фройд ямархуу санагдаж байсан бол ?
Веныг орхин явж буй нь ... |
Жозеф: Дэлхийн II дайн эхлэхэд миний өвөө Самуэл түүнд их бухимдаж байв. Өвөө минь Аргентинд аль хэдийнээ ирчихээд байсан. Тэгтэл нагац Фройд нь Венад байсаар л байсан. Өвөө түүнийг өөрийгөө хангалттай аваад гарчих эрх мэдэлтэй гэж бодсон байх. Гэхдээ тухайн үед эрх мэдэл, нөлөөлөл тус болж чадаагүй. Фройд гүнж Мари Бонапартыг таньдаг байж л дээ. Тэрээр гүнжийн эрх мэдэлтэй байсан учир дипломат харилцааныхаа ач тусаар Фройдод мөнгө өгч даруй Венаас явуулсан байдаг. Хожим Напелеоны шууд удмын гүнж тэрбээр анхны эмэгтэй психоаналистуудын нэг болсон юм. Фройд оффисын хамаг тавилга, эд хэрэгслээ ачиж аваад Венаас галт тэргэнд сууж Парис, дараа нь Лондонд хүрч очижээ. Вена дахь гэртээ бүр ганц ч чимэглэлийн зүйлс, эд хэрэгслээ үлдээгээгүй гээд боддоо ! Фройд бүх эд зүйлсээ өөрийнхөө нэг хэсэг нь гэж үздэг байсан учир бүгдийг нь авч явна эсвэл үлдэнэ гэдэг байжээ. Ийм учраас л яагаад Лондонд байдаг музей нь Австрид дахь музейгээсээ хавьгүй сонирхолтой байдаг нь тодорхой байгаа биз дээ. Венад ердөө хэдэн зураг л үлдсэн байдаг.
Каппа: Фройдын таван эгч нь бүгдээрээ Аушвицын лагерьт өөд болсон гэдэг үнэн үү ?
Фройдын эгч нар |
Жозеф: Тийм ээ, үнэн. Миний өвөө Самуэл Буэнос Айресаас тухайн үед Лондонд сууж байсан Фройд руу бусад хамаатнуудад юу тохиолдсоныг лавлаж захидал илгээсэн юм. Тэгтэл Фройд эгч нарынхаа төлөө юу хийж чадаагүй гэж хариу захидал илгээсэн байдаг. Өвөө минь хамаатны таван эгч нь хорих лагерьт өөд болсонд ерөөсөө итгэж чадаагүй. Түүний үзсэнээр Фройд ердөө эгч нартаа туслах хүсэл байгаагүй хэрэг. Ийм учраас л өвөө минь түүнд дургүй болсон юм. Жишээ нь, Буэнос Айресд амьдардаг архитекторч Хектор Фройдын хувьд Зигмундын хамаатнуудад тийм ч дуртай биш. Өвөөгийн минь адилаар хүмүүс түүнийг өөдгүй новш л гэж боддог. Хэрэв Фройд оффисынхаа тавилга, эд хэрэгслээ авч явж чадсан л бол эгч нарыгаа ч гэсэн аврах боломжтой л байсан. Ийм нөхцөлд хүн ямар арга хэмжээ авах байсныг бодоод үздээ. Би лав дөрвөн эгчтэй. Надад эгч нараа бас хүүхдүүдээ аврах боломж хоёулаа байсан бол юу хийх байсан гэж ? Мэдэхгүй юм даа. Энэ их эрсдэлтэй нөхцөл. Надад ийм зүйл хэзээ ч тохиолдохгүй байх. Харин Фройд хүүхдүүдээ сонгожээ.
Люцей Фройдын бүтээл |
Каппа: Буэнос Айресд танаас гадна Фройд гэдэг овогтой гурван хамаатнууд байгаа гэсэн. Та тэдний тухай товчхон яриач ?
Жозеф: Буэнос Айресд Фройдоор овоглодог олон хүн бий. Надтай шууд холбоотой нь гурав байгаа юм. Миний ээж Клара Фройд болон хоёр хүүхэдтэй түүний эгч одоогоор Буэнос Айресд амьдарч байна. Тэд миний цусан төрлийн хүмүүс ч гэсэн үнэнийг хэлэхэд бид тийм ч дотно хүмүүс биш.
Эрнест ба Мартин Фройд |
Каппа: Та алдарт уран зураач Люцей Фройдтой холбоотой байдаг уу ? Түүнийг хувь хүн талаас нь мэдэх үү ?
Жозеф: Би хоёр жилийн өмнө түүнтэй Лондонд уулзъя гэсэн юм. Тэгээд уулзаж байхад Люцей тийм ч элэгсэг хандаагүй. Миний бодлоор Люцей хардсан байх. Тийм ч сайхан уулзалт болоогүй.
Каппа: Та хэзээ, яаж мэргэжлээ олж авсан бэ ? Өвөг эцгийн тань нөлөө байсан уу ?
Жозеф: Фройд гэдэг овог миний мэргэжилд ямар ч нөлөө үзүүлээгүй гэж боддог. Аав минь Буэнос Айресын хүүхэд ба өсвөр насныхны алдартай психоаналист байсан юм. Харин аавын минь мэргэжил нэгт найзууд, мэргэжлийн үйл ажиллагаа л надад их нөлөөлсөн байх. Би хүүхэд байхаасаа л Аргентины хамгийн сайн психоаналист гэр бүлүүдийн дунд өссөн учир бага залуугаасаа психоанализын тухай уншиж эхэлсэн гэж боддог.
Каппа: Тэгэхээр та психоанализын үрийг тарьж байсан Фройдын үйл хэргийг залгамжилж буй цорын ганц төрөл нь болж байна уу ?
Жозеф: Би ганцаараа биш шүү. Фройдын ач хүү Эрнест Фройд бол Берлины хамгийн сайн психоаналист мөн. Мөн өөр хүнийг дурьдвал миний нагац Соффи энэ чиглэлээр Бостонд ажиллаж байгаа. Харин ээж минь 1976 оноос хойш Бразилд психоаналистаар ажиллаж эхэлсэн. Би хэзээ ч Фройд овгийг мэргэжилдээ ашиглаж байгаагүй.
Каппа: Таныг олон газраар аялаж байсныг мэдэх юм байна. Аль аль хотуудад амьдарч байв ?
Фройд: Парис, Нью-Йорк, Рио Де Жанейро, Ром, Барселон, Буэнос Айресд. Гэхдээ би хойд Америкын ард түмнээс илүү сайн хүмүүсийг олж чадаагүй л байна
Хулиан Каппа
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: