Жирэмсэн эмэгтэйд хэлж болохгүй 5 зүйл
Та магадгүй жирэмслэлтийг туулж, хэд хэдэн хүүхдийн эцэг эх болсон эсвэл ойрын хамаатан садныхаа туршлагыг харж өнгөрсөн байх. Дотны найзаа жирэмсэн болсонд маш их баяртай байгаа эсвэл зүгээр хажууд сууж байгаа жирэмсэн эмэгтэйтэй яриа өрнүүлэхийг хүссэн аль нь ч бай “Баяр хүргэе, сайхан хэрэг болжээ” гэж хэлэх нь дараах үгсийг хэлэхээс дээр сонголт байх болно шүү:
- "Чи ч удлаа шүү!"Мэдээж хошигнож хэлсэн ч гэсэн өөрийнхөө оройтож байгаа тухай сонсохыг хүсдэг хүн тун ховор. Ялангуяа эцэг эх болох чухал асуудалд. Тэгээд ч найз тань жирэмслэхийн тулд таны бодсоноос ч хүнд бэрх асуудлуудыг туулсан байж болно.
- "Одоохондоо нойроо сайн авсан нь дээр дээ!"Мэдээж шинэ хүнтэй болоход найз тань автобусанд мөргүүлсэн мэт их ядрах нь тодорхой. Гэхдээ үүнийг сануулахад хэтэрхий эрт юм биш үү? Тэгээд ч жирэмсний үеийн шинж тэмдгүүд хичнээн хичээсэн ч унтахад бэрх болгох нь бий. Тийм биш байлаа ч энэхүү улиг болсон үг нь нэг бол чихнийх нь хажуугаар өнгөрнө, эсвэл төрсний дараах үеэс халширахад хүргэх магадлалтай.
- "Дэлгүүр явж бэлдэх юм их байна. Чи төрөлтийн ангид бүртгүүлсэн үү? Хэзээ явж бүртгүүлэх вэ? "Хүүхэд төрөхөөс өмнө бэлдэж, амжуулах хэрэгтэй зүйлсийг хараад найз тань цочирдож болзошгүй (үнэндээ төрсний дараах эхний хэдэн долоо хоногт хэдэн живх, өлгий, туслах хүн л хэрэгтэй байдаг гэдгийг хэн ч хэлдэггүй). Хэрэв та аль хэдийн эцэг эх болсон бол туршлагаа хуваалцахыг хүлээж ядаж байж болох ч одоохондоо зүгээр л дуугүй өнгөр. Цаг нь болохоор таны тусламж хэрэг болно.
- "Би чамд хярзангийнхаа талаар хэлсэн билүү?"Төрөлтийн тухай аймшигтай түүхүүдийг найз чинь найз нөхөд, хамаатан садан, танихгүй хүн гээд олон хүнээс сонсох болно. Найзын хувьд та түүнийг тийм түүхүүдээр дарамтлаад хэрэггүй. Өөрөө асуух хүртэл нь энэ тухай бүү ярь.
- "Хүүхэдтэй болохыг тийм их хүсээд байвал манайхыг ав!"Та өөрийгөө хошигнож байна гэж бодож байгаа ч та найзынхаа мэдээг өөрийнхөө тухай болгож байна (тэгээд бүр сайн утгаараа ч биш). Түүний баяр хөөрийг сүүлд хэр их ядрах тухай сануулж сүйтгэх хэрэггүй.
Ц.Цэрэндолгор
0 comments: