Зөвлөгөөний сэтгэл судлал /Counseling Psychology/

Зөвлөгөөний сэтгэл судлал /Counseling Psychology/
Зөвлөгөөний сэтгэл судлал нь сэтгэл судлалын томоохон салбар юм. Зөвлөгөөний сэтгэл судлал нь хувийн, гэр бүлийн, бүлгийн болон байгууллагын хүрээнд бий болох хүмүүсийн нийтлэг (хэвийн) хөгжлийн асуудлууд мөн түүнчлэн нийтлэг бус (хэвийн бус) хөгжлийг судлахад чиглэдэг. Зөвлөгөөний сэтгэл судлаачид өдөр тутамд тулгарах асуудал бэрхшээлийг даван туулахад тусалж; сэтгэл гутрал, зовнилыг багасгаж өгч, дасан зохицох байдлыг нэмэгдүүлж; хямралыг давахад тусалж,  үйлчлүүлэгчдийг дэмжиж өгдөг. 



Зөвлөгөөний сэтгэл судлаачид юу хийдэг вэ?

Ихэнхи зөвлөгөөний сэтгэл судлаачид сэтгэц заслын үйлчилгээ үзүүлдэг. Мөн түүнчлэн дараах үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг: оношилгоо, судалгаа, сургалт болон мэргэжлийн зөвлөгөө. Ямар салбарт ажиллаж байгаагаасаа үл хамааран зөвлөгөөний сэтгэл судлаачид сэтгэл судлалын онолыг ашиглан амьдралд тулгарсан асуудлыг шийдэхэд тусалж, үйлчлүүлэгчид өөрсдийнхөө бүрэн чадавхийг нээн илрүүлэхэд чиглүүлж өгдөг.

Зөвлөгөөний сэтгэл судлаачид үйлчлүүлэгчийн (хувь хүн, хос, гэр бүл, бүлэг болон байгууллага) эрүүл мэнд, давуу тал, хүрээлэн буй орчин, нөхцөл байдлын нөлөлөөл (соёл, хүйс болон амьдралын хэв маяг), мэргэжил, ажлын байран дахь бие хүний хөгжил дэвшил түүний (үйлчлүүлэгч) үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаад гол анхаарлаа хандуулдаг.

Дараахи гурван чиглэлд зөвлөгөө өгдөг. Үүнд:
  • Хувь хүн
  • Бүлэг (хосын болон гэр бүлийн)
  • Байгууллага
Хувь хүмүүст өгөх зөвлөгөөний хувьд бүх насны хүмүүсийг хамардаг. Жишээлбэл, зан үйлийн асуудалтай хүүхдүүд; мэргэжлээ сонгох гэж буй өсвөр насныхан, хүчирхийлэлд өртсөн өсвөр насныхан; гэрлэлт эсвэл гэр бүлийн зөрчилд орсон хосууд; ажлын шилжилт хөдөлгөөнд орсон эсвэл хөгжлийн бэрхшээлд өртсөн насанд хүрэгчид; тэтгэвэрт гарж буй хижээл насныхан г.м.

Ижил асуудалтай хүмүүс асуудлынхаа шийдлийг олохын тулд бүлгээр зөвлөгөөнд ордог.
Мөн түүнчлэн сэтгэл судлаачид байгууллага, хамт олонд хүний үйл ажиллагаанд ээлтэй орчинг бүрдүүлэхэд нь тусалдаг бөгөөд байгууллагын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд ажилчдын чадамжыг дээшлүүлэх тал дээр ажилладаг.


Үйл ажиллагааныхаа хэлбэрээс хамаарч зөвлөгөөний сэтгэл судлаачид янз бүрийн байгууллагуудад ажилладаг. Зарим нь их дээд сургуулиудад багш, зааварлагч, судлаачаар ажиллаж байна. Харин нөгөө хэсэг нь хувийн хэвшлүүдэд ганцаарчилсан, хос/гэр бүл, бүлэг болон албан байгууллагуудад зөвлөгөө өгч, сэтгэц засал хийж, оношилгоо явуулж байна. Мөн түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн төв, гэр бүлийн төв, эрүүл мэндийн байгууллага, нөхөн сэргээх эмчилгээний төв, бизнесийн болон үйлдвэрийн байгуулагуудад ажиллаж байна.  

Зөвлөгийн сэтгэл судлал vs Клиникийн сэтгэл судлал

Сэтгэл судлалын зэрэгтэйгээр төгсөж буй төгсөгчдийн тал хувь нь клиник эсвэл зөвлөгөөний сэтгэл судлалын чиглэлээр төгсөж байна. (Mayne, Norcross, & Sayette, 2000). Зөвлөгөөний сэтгэл судлал нь клиникийн сэтгэл судлалтай олон талаараа адил боловч ялгаатай талууд ч бас бий.

Аль аль салбарын сэтгэл судлаачид сэтгэц засал явуулдаг. Клиникийн сэтгэл судлаачид ихэвчлэн илүү хүнд төрлийн сэтгэцийн өвчтэй үйлчлүүлэгчтэй ажилладаг. Харин зөвлөгөөний сэтгэл судлаачид харьцангуй эрүүл хүмүүстэй ажилладаг (Brems & Johnson, 1997). Энэ хоёр салбарын сэтгэл судлаачдын эмчилгээний арга барил ч хоорондоо ялгаатай.

Клиникийн сэтгэл судлаачид сэтгэцийн өвчнийг эмнэлэгийн талаас нь харж эмчилдэг бол харин зөвлөгөөний сэтгэл судлаачид сэтгэц заслын янз бүрийн техникийн тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Сэтгэл судлаач сэтгэц заслын ямар арга хэлбэрийг сонгох нь олон хүчин зүйлээс хамаардаг. Жишээлбэл: сэтгэл судлаачын боловролын байдал, сургалтын арга барил, баримталдаг онол хандлага г.м.


Зөвлөгөөний сэтгэл судлаач болохын тулд ямар зэрэгтэй ямар сургалтуудад хамрагдсан байх ёстлой вэ?

Зөвлөгөөний сэтгэл судлаач болохын тулд Ph.D., Psy.D. эсвэл Ed.D. зэрэгтэй байх ёстой. Философийн Доктор (Ph.D.) эсвэл Сэтгэл судлалын докторын (Psy.D.) зэргийг их сургуулиудын сэтгэл судлалын тэнхимүүд олгодог. Харин Сэтгэл судлалын Боловролын Докторыг (Ed.D.) сургуулийн боловсролын коллежууд олгодог. 

Гадаад улс орны жишигээр эрх бүхий (лицензтэй) зөвлөгөөний сэтгэл судлаач болохын тулд 4-7 жилийн докторын зэрэгтэй, 1 жил бүтэн цагийн дадлага хийсэн, 3000 цагийн зөвлөгөө өгсөн байх ёстой.  
АНУ-ын ихэнхи сургалтын хөтөлбөрүүд Америкийн Сэтгэл Судлалын (АРА) холбооноос магадлан итгэмжлэл авсан байдаг.

Б. Тунгалаг