Азийн улс орнууд дахь ЛГБТ хүмүүс


Азийн уламжлалт соёл нь нийгмийн сексийн илэрхийлэл, бэлгийн бусад чиг хандлагуудыг \гомосексуал, бисекс, трансжендер\-г хүлээж авдаггүй. Тийм ч учраас ази бүсгүйчүүд өөрсдийн чиг хандлагыг нийгмээс ямагт нууж явах хэрэгтэй болдог. Ази эцэг эхчүүд хэзээ ч бэлгийн бусад чиг хандлагын тухай өсвөр насны охиддоо ярьж өгдөггүй. Өсвөр насныхан тэр талаарх мэдээллийг бусад мэдээллийн хэрэгслээр эцэг эхээ бодвол харьцангуй чөлөөтэй хүлээн авдаг. Бэлгийн чиг хандлагын талаар нийгэмд чөлөөтэй байлгах нь бэлгийн цөөнхийн хувийн амьдралд уян хатан хандаж буй хэрэг боловч өнөөдрийг хүртэл азид хаалттай хэвээр байгаа билээ. Үүний шалтгаан нь азийн ихэнх улс орнуудын уламжлалт ёс заншилд сексийн илэрхийлэл нь тэдний хорио цээртэй холбоотой байж магадгүй. Монголчуудын хувьд энэ сэдэв хаалттай бөгөөд бэлгийн цөөнхийг гадуурхах хандлагатай байдаг нь нууц биш. Монголын ЛГБТ хүмүүсийн хөтөлдөг блог сайт дээр биднийг байгаагаар минь хүлээж аваач, бид та нартай л адил боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс гэж бичсэн байдаг ч түүнийг анзаарч уншиж ойлгодог хүмүүс нь цөөхөн.
ЛГБТ хүмүүс нь нийгмээс ямагт нууцлагдмал, өөрийгөө далдалсан, аливаа зүйлд мэдрэмтгий эмзэг, дотогшоо чиглэгдсэн байдаг. Тэднийг ингэж хяхан гадуурхах нь стресс, сэтгэл гутрал бүр амиа хорлолтонд хүргэх аюултай. Дэлхий дахинд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн 40 гаруй улс орон байдаг ч Ази тивийн улс орнуудын хувьд хатуу хориглосон, хүнд гэмт хэрэгт тооцон насаар нь хорих ял оноодог \ Сингапур, Энэтхэг\  улс орнууд, улмаар цаазаар авах ял оноодог \ Иран, Саудын Араб\ улс орнууд ч байгаа юм.
Лесби эмэгтэйчүүдийн хувьд жендерийн дүрээс мултарч чадвал энэ нь жинхэнэ эрх чөлөө болдог. Гэвч тэднийг жендерийн дүрээ солих үед нийгэм гаж үйлдэл хэмээн хүлээн авдаг. Гэтэл гаж үйлдэл гэдэг маань өөрөө харьцангуй ойлголт бөгөөд нэг улсад гаж гэж үздэг зан үйл аль нэг улсад энгийн зан үйл гэж тооцогддог. Тиймээс бэлгийн чиг хандлага нь хувь хүний сонголт биш бөгөөд огтхон ч гаж зан үйл биш юм. Харин ч бидний хэн нэгнээ хавчин гадуурхах нь ёс зүйн хувьд буруу мэт санагдана.

Ашигласан материал: Joan C.Chrisler, Carla Golden, Patricia D.Rozee  Psychology of Women

                                                                                                                                                   Б.Ганзул