Сэтгэл хөдлөл

Schachter, Singer нарын судалгааны талаарх дүгнэлтэнд ижил физиологийн үндсэн сэргэлт нь сэтгэл хөдлөлийг өөр өөрөөр харагдуулдаг гэжээ. "Сэтгэл хөдлөл буюу Emotion" гэдэг үг нь Латины "Emovere" буюу саад болох, нүүж алга болох гэсэн нэр томъёоноос гаралтай. Магадгүй үүний учир тэдгээр утгын үүсэл бөгөөд сэтгэл хөдлөл ба сэдэл нь олон үйл ажиллагаагаараа төстэй байж магадгүй. Сэтгэл хөдлөл нь ихэнхдээ бидний маш олон сэдлүүдтэй дагалдан хавсарч байдаг.
Сэтгэл судлаачид бүтэн зуун жилийн турш сэтгэл хөдлөлийг шинжлэх ухаанч байр сууриар тайлбарлахыг хичээж байлаа. Тэдгээр олон тодорхойлолтуудын нэг нь ч бүрэн гүйцэт хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Учир нь сэтгэл хөдлөл бол бидний хувьд ч, бусдын хувьд ч гэсэн хамгийн төвөгтэй ганц төрөл судлагдахуун нь болоод байна.
Robert Plutchik (1980) өнгөрсөн зууны сэтгэл хөдлөлийг тайлбарласан 28 тодорхойлолтыг танилцуулж байв. William James (1884) орчинд өрнөж буй сэтгэл хөдөлгөм зүйлд хариу үйлдэл үзүүлэх буюу бие махбодын өөрчлөгдөх мэдрэмж нь сэтгэл хөдлөл гэж баталдаг байсан. Sigmund Freud (1915) сэтгэл хөдлөл нь мэдрэмжийн үр дүн буюу физиологийн үүрэгтэй холбоотой гэсэн хатуу байр суурьтай байлаа. Бихвиорист John Watson (1924) дотор эрхтэн ба булчирхайн системтэй холбогддог удамшиж ирсэн хариу үйлдэл - хэв загвар юм гэдгээр сэтгэл хөдлөлийг тодорхойлжээ. Robert Plutchik (1912) сэтгэл хөдлөлийг өдөөгчид өгч буй бие махбодын загваржсан хариу үйлдэл гэжээ. Carrol Izard (1972) сэтгэл хөдлөлийн талаарх түүний ойлголт нь нейрофизиологи, мэдрэл, гоц үзэгдэл судлалын үзэр баримтлалтай холбоотой байдаг.
Frijda (1988) бидний сэтгэл хөдлөлийн туршлага, түүний олон талт мөн чанарыг цохон тэмдэглэж сэтгэл хөдлөлийн хэдэн хуулийг танилцуулж байв. Жишээ нь, өөр нөхцөлд хариу үйлдэл үзүүлж буй өөр өөр сэтгэл хөдлөлүүд, тэдгээрийн нөхцөл байдлын утгыг өгүүлэх хуулиуд юм гэжээ. Бодгалийн сэдэл, зорилгод чухал нөлөөтэй үйл явдалд хариу үйлдэл үзүүлж буй сэтгэл хөдлөлийн байр суурийг анхааран үздэг хууль юм. Бодгаль нь үйл явдлуудыг бодитоор хүртэн авч байгаагаар сэтгэл хөдлөл шалтгаална гэж түүний "бодит хуулинд" үздэг. "Өөрчлөгдөх хуулинд" нь зохистой, зохисгүй нөхцөлд бодгалийн өөрчлөгддөг хүлээлтийн хариу үйлдэл гэж үздэг. Мөн хэвшүүлэх хуулинд нь эерэг мэдрэмжийг тайлбарласан байдаг.
Бид сэтгэл хөдлөлийг тодорхой зан үйл, танин мэдэхүйн тайлал, субьектив мэдрэмж, физиологийн сэргэлттэй холбоотой өдөөгчид өгч буй хариу үйлдэл хэмээн тодорхойлоод байгаа билээ. Сэтгэл судлаачид сэтгэл хөдлөлийг дээрх дөрвөн өөр хандлагуудаар судалсан юм. Физиологийн сэргэлт бол бүх сэтгэл хөдлөлийн нэг хэсэг нь. Гэхдээ үүнд тусдаа сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөл дэх физиологи процесстой холбоотой физиологи механизмын бага зэрэг ялгаа бий.
Бидний бүхий л сэтгэл хөдлөлд, түүний туршлагыг адилтгадаг субьектив мэдрэмжүүд агуулагдаж байдаг. Жишээ нь, яг одоо ямар сэтгэл хөдлөлийг мэдэрч байна гэж асуувал та магадгүй "баяртай байна, ууртай байна, айж байна" гэж хариулах байх. Эрдэмтдийн хувьд сэтгэл хөдлөлийг судлах хэцүү байдгийн учир нь тэдгээр нь субьектив шинжтэй байдаг болохоор тэр. Russel ба түүний хамтрагчид (1989) сэтгэл хөдлөлийн хоёр илэрхийлэл болох тааламжтай байдал (субьектив бүрдэл мэдрэмж) ба сэргэлт (физиологийн бүрдэл) -ийг хүмүүс хүлээж авахдаа соёлоос шалтгаалах хандлагатай байгааг олж тогтоожээ.
Маш олон сэтгэл судлаачид танин мэдэхүйн процесс сэтгэл хөдлөлтэй салшгүй холбоотой гэдэгт итгэдэг байхад нөгөө хэсэг нь танин мэдэхүйг тэгтлээ их чухалчлаад байдгийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Averill (1983) орчны өдөөгч ба зан үйлийн хариу үйлдлийн үр дүн, тэдгээрийн хооронд танин мэдэхүй нь хөндлөнгөөс оролцох зүйтэй гэж үздэг байсан.
Тодорхой зан үйл гэдэг нэр томъёог бодгалийн сэтгэл хөдлөлийн байдлыг тайлбарлахад ашигладаг. Заримдаа бид нүүрний хувирал, зан үйлийг тайлж уншиж чаддаг. Жишээ нь, инээмсэглэл бол ихэвчлэн тааламжтай сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг байдаг. Гэхдээ зарим үед сэтгэл хөдлөлийг зан үйлтэй адилтгахад хэцүү. Жишээ нь, бид яагаад уйлдаг вэ ? магадгүй бид гашуудлын улмаас уйлж байж болно, аль эсвэл хурим дээрээ тэсэлгүй нулимс дуслуулсан байж болно шүү дээ. Зан үйлийн элемент, танин мэдэхүй, субьектив мэдрэмж, физиологи зэргийн хослолыг бид ойлгосоноор сэтгэл хөдлөлийг тайлж уншихтай холбоотой юм байна гэдгийг бид олж мэдлээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг